Friday, December 21, 2012

Шийдсэн цасан охин


           Тэсвэр тэвчээр дутдаг гэж үнэн үг ээ. Их тэвчээргүй хүн. Бодсон санаснаа хэлэхгүй , бичихгүй дуугүй байж чаддаггүй. Амжилтанд хүрсэн хүмүүс хийх дургүй юмаа хийж сурсан байдаг гэдэг , яг энэ үгийг бодох мөчид " би гэхдээ амжилтанд хүрэх гээгүй шд" гэж зэрэг бодогдохыг одоо яадын билээ , жинхнээсээ юу хийх гэж яваагаа сайн мэддэггүй шд. Сэтгэл тавгүй байгаа үедээ өөрөөсөө ч хэцүү байдалтай байгаа хүн хаа нэгтээ байгаа гэж бодохоор эерэг өөрчлөлт гардаггүй , харин зоригтой ухаалаг хүмүүсийг хараад тайвширдаг. 
           Саяын дэлхий сүйрнэ гэдэг сенсациар үнэнгээсээ айсан хүн олон байгаасай , тэгээд өөрийнхөө амьдралыг дүгнэж хараад , буруу тийшээгээ явж байснаа ойлговол ч үнэн дажгүй цуурхал байсан болж таарна даа. Өнөөдөр үхсэн байсан бол би өөрөөсөө нилээн ядарсан байдалтай дуусах байлаа. Гарфилд муур дасгал хиймээр санагдахаараа энэ тухайгаа мартах хүртлээ хөдөлгөөнгүй хэвтдэг шиг , өөрчлөгдөх тухай бодол орж ирмэгц энэ хэвээрээ үлдэх хэрэгтэй гэсэн дайсны бодлууд бас бөөн бөөнөөрөө дайрна. 
           Ухаантай хүн болохыг хичээнээ ерөөсөө. Мэдрэмтгий , гомдомхой , ядаргаатай биш ,харин тэвчээртэй болно. Шинэ жилийн бэлтгэл марзан зүйлсээр дүүрэн байна , цэцэрлэгт байхаасаа хойш анх удаагаа дахиад цасан охин болох гэж байгаа , хошин шог болоод дуусах вий дээ :)
           Цагийг өнгөрч байгааг нь мэдэрч байна. Энэ өөрийгөө ойлгодог болсны шинж байж чадах бол уу. Эсвэл намайг өөрт минь ойлгуулж чаддаг хүний гавьяа байх. Арван жилийн дараа өнөөдөр энд сууж байгаа өөртөө "сайн байна" гэж хэлүүлмээр нилээн чихэр өгүүштэй зүйлс бодоод байх чинь. Ирээдүйд амьдрахаа болилоо ерөөсөө...одоо руугаа ирлээ.

Friday, December 14, 2012

Эзэнгүй гомдол

               Дотроо аягүй чалчаа хүн гэж байдаг юм бол уу :P Ийм хувилбарууд байна л даа :
1.Ярих дуртай мөртлөө яриаг нь сонсох хүн олддоггүй болохоор өөртэйгөө ярьдаг.
2. Бодож байгаагаа ярих үнэн дуртай , даанч дандаа тэнэг юм ярьдаг.
3.Өөрөө сонсдоггүй болохоор хүмүүс яриаг нь сонсох дургүй.

           За өөр юу ч байж болно , хааяа тэгээд л ярьж байгааг нь сонирхох хүн гарвал үнэн баярлана. Энэ тухай мэдээ хайж байсан чинь нэг тийм үйлчилгээ байсан  , хүмүүсийг залгахаар зүгээр л сонсдог юм шиг байгаан , яг анхаарч байгаа юм шиг дүр үзүүлээд л аанха нтр гээд л сонсож өгдөг. Найз маань тэгэж ярьж байсын , эмэгтэй хүмүүсийг сонсож өгч байх л хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг гээд , тэгээд эгчийгээ ажлаасаа ирэхэд нь яриулаад л байсан чинь яриад л байсан гэсэн , баярлаад. Тэр бол яг хэрэгтэй. Сонсуулж байна гэдэг чинь өөрийгөө хэрэггүй юм ярьдаггүй гэдгийг мэдрэнэ , сонсож байгаа хүн нь ойлгож байгаа харагдвал баярлана ...бла бла..

          Яагаад ингээд олон юм яриад байна вэ гэвэл , жинхнээсээ ярилцмаар л байна. Номнууд , кинонуудын тухай, орон зайны тухай , номын сан явах замд таарсан үхсэн тагтааны тухай , үзэсгэлэнд байсан шахагдсан нүүртэй ахын зурагны тухай , өөрийгөө ямар өөдгүй хүн болох тухай , мөрөөдлүүдийн , гэрэлт цамхагтай байшингийн , нүдний шилний тухай, агаарын бөмбөлгийн тухай, тэр өдөр би яагаад уйлаагүй гэдгээ , зураг авахуулах яагаад дургүй , шинэ жилийн сайхан бас бүтэлгүй дурсамжуудын тухай ,  2-н 43 тоотын тухай ,2 давхрын цонхноос хажуугийн ногоон байшинг моднуудтай нь харж зогсоод үл үзэгдэгч болсон юм шиг аашилсан тухайгаа ,тухай,тухай яримаар, бороотой өдөр гал түлж суугаад , халуун цай уунгаа энэ бүхний тухай яривал , би өөрчлөгдөхгүй л дээ , нэг сайхан гүнзгий амьсгаа авна , өөр яахчгүй .

Monday, November 26, 2012

Сүүлчийн үйлчлүүлэгч


                                                        Америкийн зураач Эдуард Хоппер
                                                                “Автомат ” (1927) , (зотон, тос)



        "...  Автоматын хүржигнэн дуугарах чимээнээс өөр онцлох дуу чимээгүй өрөө , хэдхэн цагийн өмнө хүмүүс орж гарсан шуугиан дүүрэн газар байсан гэж хэлэх аргагүй нам гүмийн дунд залуу бүсгүй бодолд автан сууна. Цай нь хөрч , хацар нь цонхийсон нь энд суугаад нилээдгүй хугацаа өнгөрснийг илтгэнэ. Ойролцоох буланд гэнэт тор хийх дуу гарахад бүсгүй цочин дээш харлаа . Юу ч байсангүй , хулгана л гүйж өнгөрсөн бололтой . Цагийн зүү 8:45 . Тэр ирэхгүй нь нэгэнт тодорхой боллоо гэсэн бодол жихүүн өрөөнд жавар нэмнэ . Гэртээ харина гэсэн бодол тийш алхах замыг өөрийн эрхгүй санагдуулж , өөрийгөө гудамжаар хэрхэн дааран алхах зуураа хажуугаар өнгөрөх аз жаргалтай хүмүүсийг , бас тохилог кафед суугаад ярилцах хосуудаг харж буйгаар төсөөлж энэ бодлоосоо түргэхэн татгалзав .
        Хөрсөн цай нь амтгүй бас түүнд хэлнэ гэж бэлдсэн үгнүүд нь энэ цайны уур шиг л минут өнгөрөх бүрт бодлоос нь арчигдаж , улам утгагүй , өөрийнх нь найдвар улам бүр л үндэслэлгүй санагдана. Бүсгүйн анхаарал аяганы ирмэгт тогтсон уруулын будагт шилжлээ. Тодоос  тод , ув улаан. Энэ өнгийг хэрэг болгон өнөөдөрт зориулж аваад , будаж үзчихээд догдолж байсан тэр үеийнх нь бодол одоо автоматын хүйтэн өрөөнд урам хугаралт дүүрэн сууж байгаатай тэсэхийн аргагүй эсрэгцэн улам л их гуниг руу түлхэнэ.  Нөгөө буланд хэн нэгний тор торхийн алхах сонсогдоход хоромхон зуур нүд нь найдвараар гэрэлтэн дахин дээш харахад хэзээ гарах нь мэдэгдэхгүй үйлчлүүлэгчээс залхсан , гэртээ харихаар яарсан автоматын ажилтан хаах цаг болсныг хэлэхээр ирсэн байв...." 

Sunday, November 25, 2012

Wallflowers

Perks Of Being A Wallflower By Stephen Chbosky

Emma Watson кинонд нь тоглосон уг зохиол сүүлийн үеийн олны анхааралд нилээд өртөөд байгаа , өртөөд удсан ч байж магадгүй л дээ, би л саяхан уншсан . Wallflower гэдэг нь чимээгүй , олны анхааралд байгаад байдаггүй , өөрийн гэсэн сонирхолтой гэмээр ертөнцтэй , нэг их амжилттай алдар нэртэй байгаад байхыг хүсдэггүй хүмүүсийг хэлж байгаан.
Зохиолын бичигдсэн хэлбэр нь Чарли гээд залуугийн өдрийн тэмдэглэл шиг. Өсвөр насны хүү ч гэмээр юм уу , 16 орчим настай юм чинь , Чарли сэтгэлээр амархан унадаг , эмзэг , олон найзгүй , ном унших дуртай  , ахлах сургуулиа өөртөө бүрэн итгэлтэй бус байдлаар эхэлдэг.
Үйл явдал гээд сүртэй болоод байх юм байхгүй  , найзуудтай болж , бүх зүйл илүү дээр болдог гээд л , хамгийн гол хэсэг нь бодлууд нь л , дүүгээ хямрамтгай хүүхэд болчихвол уншуулнаа.
Чарли шиг хүмүүс олон байдаг байх гэж бодож байна , сүүлийн үед нэг иймэрхүү чиглэлийн номнууд их гараад байгаа юм шиг , бас тэд нар нь амжилт олоод .(эсвэл би тиймүүдийг нь уншиж , үзээд байгаа  :P ) Магадгүй уншигчид гэрэлт-ирээдүй-өөд-тэмүүлж-яваа-хүсэл-мөрөөдөл-дүүрэн-эрч-хүчтэй-шуугиантай хүмүүсээс залхсан юм уу.

Waaaasted time


        Энэ цаг ашиглалтын асуудал яг өвчин болж байна. Нээрэнгээсээ. Сүүлийн хэдэн сар хичээлдээ хоцрохгүй очиж үзсэнгүй шд. Бас тайван ч унтаж чадахаа болилоо , хайран цагийг дэмий үрчихнэ гээд , тэгснээ хийж байгаа үр бүтээлтэй юм нь бага .
        Ном уншмаар байдаг , даанч шалгалтандаа бэлдэж эсээнүүдээ бичих хэрэгтэй, тэгээд компьютерээ асаагаад сууна , тэгээд л цаг пшшшшт... Уг нь фейсбүүк нтр орж суудаггүй л дээ , аминдаа бас тэд нарыгаа хаачихсан байгаа мөртлөө л , ёстой мэдэхгүй дээ.  Гитараа сурмаар , зураг зурмаар ,хоол хийж сурмаар,  бас хөгжим сонсоод зүгээр л хэвтмээр , даанч ,, даанч , би ерөөсөө тайван байж чадахаа больчихож , энэнд л хамаг асуудал байна.
      Өглөө сэрээд хүн нэг сайхан амарлаа даа гэж бодмоор доо , тэрний оронд унтаж өнгөрөөсөн цагтаа харамсаад байгаа юм чинь . Шөнө унтахгүй сууна гээд дандаа 2, 3 хүргэчихээд тэсэхгүй унтаад , тэгээд л дандаа хаа сайгүй хоцроод байгаан . Хийх юмаа цагтаа хийчихээд л өөр бусад юмандаа цагаа зарцуулмаар , хамгийн сүүлд хэзээ нэг дарамтгүй , дараа нь яанаа гэж бодохгүй тайван алхаж байснаа санахгүй байна. Ядаргаанд ороогүй л дээ. Амьдарч сурахгүй хүн юмуу хаашаа юм , сүүлийн хэд хоног ерөөсөө ямар ч хэрэггүй юмнууд хийж амьдраад байгаам шиг . Ядаж л дэмий үрж байгаа цагаа Леннон ах шиг энжой хийж сурмаар л байна шд , бөөн дарамтан дунд дэмий үрж байгаа цаг минь ! сүүлдээ дэмий үрсэн амьдрал минь гэж мэдэхээр л хүн шүү
   

Wednesday, November 14, 2012

зүсэм бодол

           Хүмүүс өөрсдийн бодолдоо хэр их итгэдэг бол? Би л лав нээх итгэдэггүй юм шиг ээ. Сонин шүү , тийм гэж итгэхгүй байгаа юмаа яг тийм гэж бодож байгаам шиг ярьж бичиж яаж болдог юм бол? Хэлэх нэг өөр , хүмүүст итгүүлэх нэг өөр , өөртөө итгүүлэх бүүр өөр юм аа .
         Тэгээд бас яг итгэдэг юмнуудаа бусдад тэгэж их яриад баймааргүй ч юм шиг , аль эсвэл яриад л байвал өөрөө ч итгэнэ гэж бодохдоо бид өөрсдийн бодлоо боломжийн хэрээр ярьдаг юм уу .Тэгвэл өөртөө тэгэж итгэлгүй байгаа хүмүүс юу бодож байгаагаа ярих дуртай юу, ЮУУУ гэж дээ ... 
     Бага ангидаа онц сурдаг хүүхэд байлаа , шилжээд өөр сургуульд орсон ч гэсэн ангидаа онцуудын л эгнээнд байсан учраас өөрийгөө хийсэн юм бүхэндээ сайн байх юм байна даа гэж итгэдэг байж. Яг тэгэж бодож байснаа сайн санаж байна, ямар мэргэжилтэй ч болсон яах вээ шилдэг байж чадах юм чинь гэж . Бүр бат итгэлтэй шүү. Тэр үеэс хойш олон жил өнгөрч гэдэг шиг , тэр цагаас хойш зөндөө л юм болж дээ.  Тэр сайхан итгэлтэй байдлаас юу үлдсэн , бараг юу ч үлдээгүй , зүгээр сайхан амьдарсан нь л дээр юм байна даа гэж боддог болж , хүн энэ мөчид л урсгалын нэг хэсэг болж байгаа юм даа. Ер нь заавал сөрж ,тулгарч өөр байх хэрэгтэй гэж хэн хэлсэн юм... Тэгэж бодох гэтэл бас тийм биш ээ, энэ хавьдаа бас өөрийгөө өөр байлгачих гээд , дахиад илүүг сурах , илүүг харах бодол зүгээр суулгахгүй . Сураад л байя , явж байтал тэгэж байгаад сайн нь болж үлдэхнүү , ямар ч өөрчлөлтгүй би урсгалын нэг хэсэг гээд сууж байхнуу гэдэг нь мэдэгдэх байлгүй .ингэхэд юуны урсгал яриад байгаам бол... :P

Thursday, November 1, 2012

Олсоор алхагч

            Тодорхойгүй байдал , хил хязгаарт дурлагч . Яг л ирмэг дээр алхаж буй мэтээр өөрийгөө төсөөлж байвал сэтгэл хангалуун . Ирээдүйд ямар өдрүүд хүлээж буйг мэдэхгүй боловч энэ цаг хугацаа миний амьдралын хамгийн сайхан үе байж магадгүй . Онцлоод хэлчих сайхан зүйл эсвэл хийчихлээ гэж тооцох юм байхгүй боловч ,гэрт хүмүүс тайван байх , санаа зовохгүй байх , өөрийнхөө тухай илүү ихийг илрүүлэх , намрын сэрүүхэн өдөр гоё ном дуусгачихаад кофе уунгаа алхах , тэр моддын хажуугаар өнгөрч явахдаа амьдрах сайхныг мэдрэх.... Энэ цаг хугацааг хайрлаж байна .
           Өөрийгаа таньж мэдэх гэж...эсвэл сэтгэлийнхээ гүн рүү шагайгаад тэнд хэн байгааг илрүүлэх тухай бодол бүрт мухардлаар дуусч байгаагийн шалтгаан нь би бүхнийг хэцүү байлгах гээд байгаа байж магадгүй . Яахав миний дотор хэн нэгэн агуу хүн байхгүй ч байж мэднэ , дэлхийг өөрчлөх гэсэн хүсэлтэй хүн бол бүр байхгүй байх . Мэдээж хүсэл мөрөөдөл бий , гэхдээ би гэдэг хүнийг тодорхойлоход ном унших дуртай , тайван бүсдээ л байж байвал өөрийгөө аз жаргалтай байна гэж тооцдог мөртлөө адал явдлаар дүүрэн амьдрахыг хүсдэг , дэндүү их хувиа хичээсэн учраас туслахсан гэж боддог олон хүмүүсийг дотроо хадгалдаг ийм л нэг хүн юм байна . Гайхуулах зүйлгүй сэтгэл , ялагдал хүлээж дөнгөж сурч буй бардам зан.  Арай гэрэлтэй тал нь энэ хүний амьдрах хүсэл , тэээр тэнд хүрчихээд одоо руугаа хараад инээмсэглэнээ гэсэн жижигхэн оч. Танихад ийм амархан байхад л бодоод л , бодоод л .
            Би ирмэг дээр алхаж байна . Аль тал руу нь унахыг мэдэхгүй . Хаана нь ч байсан дасан зохицохоо мэдэж байхынхаа хажуугаар энэ ирмэг дээрх алхалт үнэхээр сэтгэл татам , яг л олсон дээгүүр эгц харан алхаж буй мэт...
           

Friday, October 26, 2012

Суперрр энгийн амьдралтай цахлай

         
          Зөндөө удаан бодсон юмнуудаа толгойноос гарчихаас нь өмнө гялс бичнээ . Өчигдөр орой ерөөсөө энгийнээр амьдарч эхлэе гэж шийдлээ .
Энгийн амьдралын эхний өдөр . Гэрээс гарлаа , банк орлоо , кофе уулаа, сургууль дээр ирлээ , хүмүүстэй мэндлээд номын сандаа орж суулаа . Өдрийн төгсгөлд өмнөх шигээ энд тэнд хүүхдүүд зугааллаа гарлаа гэж байхад номын сан манаад үлдэж байгаагаа илрүүлэв . Ингэхэд би энгийн амьдрал гэж юу яриад байна ?
          Өөртөө ингэж амалсан юмаа , нилэээн хэдэн жилийн өмнө . Сэтгэлдээ хүрсэн амжилт гаргахаараа санаа амраад хүссэн зүйлээ хийгээд , гадуур гараад , нийгмийн идэвхтэй дуу шуутай болоод өдрүүдийг хөгжилтэй өнгөрөөнөө гэж.  Энэ төсөөлөөд байгаа энгийн байх мөн юм болуу ? Мээдкү . Магадгүй миний яриад байгаа энгийн амьдралаар амьдарч байгаа хүүхдүүд өөрсдийгөө бас сайхан тайван байна гэж боддоггүй ч байж болох юм . Нэг зүйлийг л олон талаас нь хараад өөр өөрөөр бодоод байгаа байж таарах нь .Гэхдээ бас энгийн гэдэг үг хаанаас гараад ирсийн . Хэн нэг хүн өөр хэн нэгний амьдрал өөрийнхөөс нь амар санагдаад түүнийг "Өө ямар ч энгийн юм дээ ,, сэтгэл амар сайхан ч юм даа"  гэж бодоод яг ийм үг гаргаж ирсэн байхаа .  Хэн нэгний гутлыг өмсөөд алхаж үзэхээс нааш өмнөөс нь дүгнэлт битгий гаргаа гэж .
            Ерөөсөө би л өөрийгөө ёстой их хичээл хийж байгаа , өрөвдмөөр юм даа , ядарч байна даа , нэг амрахсан даа гэж бодож байгаагаас биш миний амьдрал чинь харин ч ёстой тайвнаас тайван юм биш үү ?  Тэгээд бас надад ямар ч сонголт байсан би ийм л байхыг сонгох байсан байх . Угаасаа сонголтууд байсан болоод би ингэж байхыг хүссэн байгаа шд . Тэрнээс биш хэн ч намайг ийм хүн болоотохоо гэж хэлээгүй юм чинь . Өөөө , миний энэ амьдрал чинь яасан ч сайхан энгийн юм дээ . :)

Өнөөдрийн хэдэн бичээд аваад дахин дахин санамаар хэдэн сайхан мөчүүд :
1.  Юу ч болсон миний талд нэг хүн байна шүү гэдгийг мэдрээд томоос том инээх , би ч ганцаараа инээх ярихдаа дуртай л даа
2 . Дэлхий сөнөх болчихвол би юу хийхийг хүсэх вэ гэдгээ бодоод , мэдээж хайртай хүмүүсээ цуглуулж аваад хамт байна , тэгээд дээрээс нь сөнөх өдөр нь хүртэл сайн зохиолуудыг уншина гэдгээ мэдсэн . Нээх үнэмшмээр биш сонсогдож байгаа ч гэсэн , яг тэгэж л таараа дөө .
3. 5 дахын орой хүнгүй сургуулийн корридориор алхаж яваад , зожигролтондоо би хичнээн их дассанаа мэдэрлээ . Сайхан мөч . Бүр ТӨГС.
4. Троллейбусанд сууж гэртээ ирсэн . Хамгийн арын суудал дээр суугаад тэмдэглэлийн дэвтэр дээрээ дээрх бичсэн зүйлийнхээ санааг гаргасан . Маш философилог гэртээ ирэлт  :)  Бараг л цаг хугацааны аялал хийсэн мэт мэдрэмжтэйгээр бууж ирэхэд автобусны буудал дээр бөөн орилоон болж байснаас , хамаг аялалын сэтгэгдэл ул мөргүй алга болсон доо.

Thursday, October 4, 2012

Ghibli Studio

 Хүүхэлдэйн кинонууд нь Диснейгийн бүтээлүүд шиг л алдартай болж чадсан нэг студи бол японы Ghibli . Хүмүүс яг нэрээр нь мэдэхгүй байж магадгүй л дээ , гэхдээ "Тоторо"-г мэддэггүй хүн гэж байхгүй байлгүй дээ ? (Нээрэнгээсээ Тоторог мэддэггүй хүн үү? O.O , байхгүй байхөө)
Зөндөө их дуртай юмныхаа тухай бичих гэсэн чинь хэлэх үг олддоггүй ээ хэхэ :).  (хэхэ гэснээс надад аль дээр нэг хүн ккк гэж бичдэг эрэгтэй хүн жоохон сонин тээ гэж хэлснээс хойш ерөөсөө тэгэж санагдаад салахаа болилоо :D )
 Жоохон байхад нэг дүү нь товч идээд нас барчихдаг , гэрэлт цохнуудтай кино гардаг байсан даа, бүгдээрээ үзээд л бүгдээрээ зөндөө уйлдаг байсан гэж бодож байна . Бас аав ээж 2 нь гахай болчихдог тэгээд тэд нарыгаа аврах гээд шуламд ажилладаг хүүхэлдэй байдаг шд . Энэ хэдтэй танил , тэгээд дуртай бол аль хэдийнэ Жиблигийн фэнүүдийн эгнээнд орчихсон гэсэн үг шүү :) . Өмнөх хэд дөнгөж эхлэл нь , дахиад хэдэн арван маш , бүр маш хөөрхөн кинонуудтай .

Saturday, September 22, 2012

Тэмдэглэлт өдрийн тэмдэглэл

Миний хувьд их чухал өдөр болох 9 сарын 22 нэг ингэж өнгөрлөө .
Өдрийн тэмдэглэл биш шүү . Санаануудын , бодлуудын тэмдэглэл.

Энэ хоёроос ойролцоогоор 100 , 100 хуудас уншсан . Шерлок болохоор бага зэрэг нэг хэвийн гэмээр юм уу , хэрэг гараад л манай мөрдөгч гарч ирээд л Ватсонгоо дагуулж гараад явж өгнө дөө. Хамгийн дажгүй хэсгүүд нь яг хэргийнхээ зангилааг гаргаж байгаа нь , энэ ном нь болохоор 20 жижиг өгүүллэгтэй, тэд нар нь хурдан хурдан дуусаад урамтай л юм .
          Харин "Pillars of the Earth " бол уншихад амархан ч гэсэндээ жинхнээсээ орчноо мартаад дүрүүдэд нь уусаад явчихдаг юм .1000 орчим хуудастай мөртлөө үйл явдлыг нь ийм сонирхолтой болгож чадсан Ken Follett ч бас сайн зохиолч юм даа гээд л бодоод сууж байна .Энэ номны тухай харин дуусаад дэлгэрэнгүй бичнээ.
       Даанч хольж уншсанаас болж энэ тархинд бодогдож байгаа зүйлс бага зэрэг хямарсан тал руугаа хазайгаад эхэлдэг юм байна шүү . Тэгэхээр нь "It's kind of a Funny Story" гээд маш хөөрхөн кино үзээд.

Эхлээд номных нь товчлолыг уншсан чинь дажгүй санагдсын . Хямралд ороод амиа хорлох тухай бодож эхэлсэн нэг өсвөр насны хүүгийн тухай гардаг . Гэхдээ хямрах болсон шалтгаан нь ямар нэг ноцтой асуудал биш л дээ, сайхан гэр бүлтэй , сайн сургуульд явдаг , найзуудтай , зүгээр л бүх зүйлээс ядраад , жилийн турш дарамттай явснаасаа болоод сүүлдээ ийм зүйл хийхээр шийдсэн байхгүй юу . Нэг талаас харахад жижигхэн зүйлүүдээс болоод л бөөн юм болж байгаа юм шиг хэдий ч яг үнэндээ бүгдэд нь л тохиолддог зүйл юм шиг санагдсан . Дайн байлдаантай оронд амьдарч байгаа , маргаашийг яаж аргацаана даа гэж санаа зовж байгаа хүмүүсийн хажууд ийм хямрал юу биш , инээдтэй санагдах байх л даа . Гэхдээ л хүний бодол санаа гэдэг эмзэг юм чинь юунаас ч болоод сэтгэлзүй нь өөрчлөгдөж болно шд .


Анаашинд юу тохиолдов ?

             Галзуу хүн гэхээр өөрийнхөө бодлыг удирдаж чаддаггүй байхыг хэлнэ байх тээ, харин юу болоод байгааг, юу хийгээд байгаагаа мэдэж байж зогсоож чадахгүй байвал яах уу . Ийм байвал хамаагүй аймаар юм байна . Тэгвэл яг эрүүл ухаанаа алдаж байна даа гэж бодох үедээ тийм юм болох гэж байгааг мэддэг болов уу . The Bell Jar  дээр гол дүрийн охин нь юу болж байгааг мэдсэн мөртлөө л ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй шд. Галзуурах гэж байгаа юм шиг мэдрээгүй л дээ , зүгээр л ойрд энэ тухай арай л их бодоод байгаа анзаарагдаад . Сэтгэл зүйн тест хүртэл хийж үзээд.
           
           Хүнээс гарч болох зан араншинг урьдчилан хэлэх ямар ч аргагүй юм даа . Нэг анаашны түүхээр төлөөлүүлье . Манай анааш жижигхэн байхдаа модны оройд байдаг навчийг идэхийг үргэлж хүсдэг байж л дээ. Өдөр хоногийг маш тэвчээртэй өнгөрүүлсээр , хүзүүгээ сунгах дасгал хийж , хэлээ урт урт гаргасаар байгаад ямар ч өндөр модны оройд саадгүйгээр хүрэх чадвартай болжээ. Тэгээд л нэг өдөр хүлээсэн өдөр нь ирж идэхийг хамгийн их хүсдэг байсан навчаа ороож аваад л амтархан идэж гэнэ , тун сайхан мөч , үгээр тайлбарлашгүй сайхан мөч . Даанч ...уг навчийг идсэнийхээ дараа цочролд оров гэнэ , одоо юуны төлөө амьдрах билээ ?? Ингээд анааш маань хямарч эхлээд , улмаар галзуу анааш болчих ч юм билүү . 
          Эсвэл арай өөр зүйл тохиолдож ч болно . Анааш бэлдэж бэлдэж, урт удаан хөдөлмөрийнхөө дараагаар өндөөр мод руу алхаж байгаад гэнэт зогсоод бодно : Би үнэхээр энэ навчийг идэхийг хүссэн гэж үү? . Энэ мөчид хөөрхий анааш өөрийн урт удаан он жилүүдийн хүчин чармайлт ууршин алга болж байгааг мэдрэнэ . Юу хүсч байгаагаа анхнаасаа сайн ойлгоогүй байснаа ухаараад л галзуурлын эхний шатанд шилжиж туннн магадгүй . 
          Ийм тохиолдолд миний зүгээс уг анаашинд энэ бүхэн чиний буруу л гэж хэлсэн нь хамгийн тохиромжтой юм уу ? Шийдвэр гаргасан нь , хийсэн нь , одоо хийж байгаа нь ер нь бол АНААШ л шүү дээ ...

Monday, September 10, 2012

Нараар хүргэгдсэн илгээмж :)


Хамт байхсан даа гээд санан , санан суухад нар хуруугаар минь тоглоно
Чи минь бас намайг сэтгэлдээ зураад , санаж байгаа байх нь
Турьхан нарийхан цацраг уруул дээр тусчихаад холдсонгүй
Хайрт минь бас намайг санаад шүлэг бичих суугаа байх нь

Цамцны нимгэн захаар нар сэмээрхэн шургалаад
Цантаж , хөрсөн сэтгэлийг дулаацуулна , чи дэргэд байгаа шиг л
Навчис дүрсгүйтэн нууж , үүлс харамлан халхалсан ч
Над дээр тусах гэж тэмүүлэх нар чиний минь илгээсэн илгээмж байх нь


(Зуу зуун өдөр хажууд минь байсан , дахиад мянга мянган өдрийг хамтдаа өнгөрөөх өөрийнхөө яруу найрагч-г бодож сууж байгаад бичих оролдлого хийлээ   ^^ )

Monday, August 27, 2012

Галт тэрэг ба салхи

       Суурин газраас хол , уулын энгэрт байх өртөөний хоёр айлуудын тухай нэг тууж байдаг юм , монгол зохиол байхгүй юу , нэрийг нь ерөөсөө санадаггүй ээ, зохиолчийг нь ч бас , "Монгол тууж " гээд түүвэр дээрээс л уншиж байсан . Хүү нь хотод сурдаг хижээл насны эхнэр нөхөр хоёр , сургуулиа төгсөж ирээд өртөөнд хэдэн жил суурьшиж байгаа залуу гэр бүлээс бүрдсэн хоёрхон айлаараа амьдардаг байхад нь шинээр нэг гэр бүл нэмэгдэх болсноор уг тууж эхэлдэг. Залуу гэр бүлийнх нь нөхөр нь бага зэрэг халамжгүй учраас эхнэрээ дандаа их багаар гомдоож , хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа шаналсан сэтгэлийг нь эмзэглүүлсэн байдаг. Тийм хэдий ч амьдралаа сайхан аваад явах гэж хичээдэг ,даруухан , зөөлөн сэтгэлтэй эгч. Тэгтэл шинэ ирсэн айл нь хөөрхөн хүүтэй бас нэгэн залуу гэр бүл байж таарна , гол нь эхнэр нөхөр хоорондын харьцаа нөгөө хоёроосоо огт өөр . Эхнэр нь үзэсгэлэнтэй , түүнийгээ ч сайн мэддэг дуу шуутай бардам бүсгүй байдаг бол , нөхөр нь гэрийнхээ бүх зүйлээ шахам хийдэг, эхнэрээ үргэлж эрхлүүлсэн залуу байж таардаг . Энэ гэр бүлийг хараад л манай нөгөө эгчийн маань сэтгэл санаа өөрчлөгдөж эхлэнэ дээ . Мөрөөдөж явдаг амьдралаар нь амьдарч буй мөртлөө тэрэндээ сэтгэл хангалуун биш үргэлж гомдоллож байдаг үеийн бүсгүйг хараад гайхан зэвүүцэхийн зэрэгцээ , өөрийнхөө амьдралыг ямар хоосон байсныг улам ойлгоно. Энэ бүхний хажуугаар шинэ хөршийнхөө залууд дурлачихсанаа мэддэг.
        Ингээд л нэг намрын шөнө , түр зогссон галт тэргэнд суугаад алга болж өгдөг юм даа . Би энийг уншихдаа нэг 10 юм уу 11 орчим настай л байсан байх , яг суугаад явж байхад нь зөндөө уйлсын . 
         Галт тэргэнд суугаад хаашаа ч хамаагүй явчих юмсан гэсэн бодол ер нь энэ зохиолоос гарсан байх магадлал их өндөр :P . Аль дээр үед уншсан болохоор тархины минь аль нэг хэсэгт суучихаад , би өөрөө бодож олсон уу, хэн нэг хүн миний өмнөөс бодож найруулаад бичсэн үү гэдгийг ялгахаа больчихож л дээ. Яг үнэндээ бол бодлын маань хэдэн ч хувь нь өөрийн минь биш өөр хэн нэгнийх байх өө . Хаанаас ч билээ дээ, өмнө уншсан бүх зүйл минь намайг бүтээсэн гэсэн үг харж байсан юм байна , хүүүүх ямар үнэн үг вэ гээд л :D . Гэхдээ бас хэдэн мянган өгүүлбэрээс таалагдаад тогтоож авсан юм чинь санал нийлсэн л зүйл байж таараа , тэгэхээр яг ч тэс хөндлөнгийн санаануудыг цуглуулаад авсан биш ч юм уу . 
     Өө, яг гол бичих гэж байсан юмаа мартах гэж байна . 
     Энэ зохиол их сайхан дурсамжийг минь хадгалдаг юм :)  Тэр дурсамжийг юутай зүйрлэх вэ гэвэл Квазимадо гэв гэнэт өөрийгөө муухай царайтай , хэвийн бус биетэй гэдгээ мартаад цэх алхаж , хүмүүст үргэлж хайрлагдаж байсан мэт мэдрэхтэй л юм даа . Тийм сайхан мөчүүд .

Thursday, August 23, 2012

Шинэ танилууд :) ...

Блогтоо юм бичээгүй удсан чинь бишүүрхээд ч байгаа юм уу :P , харж зөндөө удаан суулаа шд.
Зайрмагтай , энд бичих хэдэн танилуудтай , дурлалтай, хэд хэдэн кинотой ,номын сан гэр хоёрын хооронд өнгөрөөсөн зун цагаа гэж... ^^ Хамгийн сүүлд "Их Хатдын нууц товчоо"- с хойш тэмдэглэл хийгээгүй байна , тэгэхээр шинэ найзуудаа танилцуулъяа  :



              Өвөрмөц бас танил мэдрэмжүүд үлдээсэн "The Bell Jar" . Esther бол Америкийн шилдэг охидын коллежид суралцдаг , төрөл бүрийн тэтгэлэг авч , өөрийн шүлэг ,нийтлэлээрээ шагналуудыг цуглуулдаг , амьдралынхаа 20 дахь жилээ өнгөрөөж буй оюутан охин . Гаднаа хэзээ ч ил гаргадаггүй боловч түүний дотор үргэлжийн зөрчил , сэтгэл доторх өөртэйгөө тэмцэх тулаан өрнөсөөр байдаг. Зуны амралтаараа алдартай сэтгүүлд ажиллаж байх үедээ  Esther-д цаашдаа хэрхэн амьдрах вэ гэсэн асуулт тулж ирнэ. Түүний бүх л анхаарч байсан зүйл нь дараагийн тэтгэлэг , шагналыг авах байсан л болохоос хэзээ ч ажил бас амьдралыг төлөвлөж байсангүй . Бүх хичээлүүдийг төвөггүй давдаг байсан түүний физикийн хичээл нь хүртэл А үнэлгээтэй , Esther бүх зүйлийг хийхийг хүсдэг . Санаандгүй гарсан өөр нэгэн бэрхшээлийн улмаас бүсгүй сэтгэлээр унаж эхэлнэ , тэр нь сүүлдээ галзуугийн эмнэлэгт хэвтэх хэмжээний хүнд хямрал болон хувирдаг . Хамгийн сонирхолтой нь энэ бүх үйл явц маш удаанаар , бүр энэнээс өөрөөр яаж байж болох вэ дээ гэмээр үргэлжилнэ. Надад тэр хямарч байх үе нь сайн ойлгогдож байсан учраас танил мэдрэмжүүд гэж байгаа юм л даа.
Зохиол өөрөө гэнэтийн үйл явдалгүй , ерөнхийдөө Esther-н бодлуудаар илэрхийлэгддэг.
244 хуудастай , 1963 онд хэвлэгдсэн , унших юм бол дараа нь зохиолчийнх нь намтрыг ЗААВАЛ унших хэрэгтэй .


Tuesday, June 19, 2012

Хэзээ нэг өдрүүдэд хийх зүйлсийн жагсаалт-1

     Дуртай ба дургүй зүйлсээ тодорхойлно гэдэг чинь өөрийгөө таних бас л нэг зам байх тиймүү
Үхэхээсээ өмнө хийх зүйлс гэхээр арай л сүртэй болчих гээд байна хэхэ , тэр болтол хиймээр байгаа юм бол арай л их шд . За тэгэхээр хамгийн түрүүнд санаанд иймэрхүү зүйлс орж ирж байна :

1.Пянзны цуглуулгатай болох . Аль хэдийн хүмүүсээс сураглаад эхэлсэн л дээ , одоохондоо олоогүй л байна . Бягтруулыг харин бүүр дараа нь тусдаа гарахаараа авнаа .

2. Бягтруултай болох :P Юу ч байхгүй хоосон өрөөнд бягтруулаа тавьж байгаад хажууд нь хэвтээд сонсох .

3. Хуриманд очиж үзэх . Харин одоо хүртэл хуриманд очиж үзээгүй ээ. Цорын ганц очиж байсан хурим маань аав ээж хоёрын маань хурим байгаа юм , даанч 6 сартай байсан болохоор нээх их зүйл санадаггүй л дээ :) . Жинхнээсээ хувь тавилангаар учирсан гэмээр хосуудын хуриман дээр очоод тийм их аз жаргалтай мөчийг нь харахсан гэж бодогдоод байдаг.

4. Уулзахсан гэж боддог олон зохиолч байгаа . Хамгийн түрүүнд хатагтай J.K.Rowling-той уулзмаар байгаа . Та надад их тус хүргэсэн шүү гэж хэлнээ , нээрээ их тусалсан хүн байгаа юм аа . Мэдээж Л.Өлзийтөгс эгч байна , уулзнаа гэдэгтээ итгэж байна .

Sunday, June 17, 2012

Оч

Dedicated to my friend who is on his way to become a very good writer :) Good Luck !

Ямар ч эргэлзээ үлдсэнгүй , тэд амьд болж таарлаа . Нэг ,хоёр ,гурав ... арав , өчигдөр өглөө л арван нэгүүлээ бүрэн байсан юм даа ..  Гэрийхэн маань цэцэрлэгээ тохижуулахаар сонгож авсан эдгээр баримал одойнуудын оронд өөр юу ч байсан  надад таалагдах байсан биз, эгдүү хүргэхээсээ илүү дотор хүйт даалгасан төрхтэй тэднийг яавал ч дээр юм дээ.  Дургүйцэл дээр минь өнгөрсөн шөнийн зүүд нэмэрлээд тэднийг хол аваачаад хаямаар санагдан ийш тийш хурдан хурдан алхаж гарлаа . Заримдаа урьд шөнийн зүүд тэр өдрийн уур амьсгалыг бүхэлд нь бүрдүүлэх нь бий . Зүүдэнд автсан тийм өдөр яг л хоёр ертөнцийнхөө зааг дээрх нарийхан утсаар алхаж байгаа мэт . Аль тал руу нь хазайхаа мэдэхгүй , хаана ч удаан баймааргүй тийм эргэлзээ дүүрэн өдөр .  Жинхэнэ амьдралдаа буцаж очих үгүйдээ эргэлзмээр тийм хүчтэй зүүдний дараах өдөр ч хэцүү шүү .

Зүүдэнд . Инээмсэглэсэн муухай одой хийсэн үйлдэл бүрийг минь давтана . Тэднийг аль хэдийнээс биднийг унтсан хойгуур энэ тэрүүгээр гүйлдэж эхэлдэг гэдгийг мэдээд байсан юм аа. Ингэж нэг газар дээр нь барьж авдаг байна шүү . Намайг ууртай царай гаргахад хөмсгөө зангидаж өмнөөс минь алиалж байх юм . Нууцыг нь олж илрүүлсэн учраас одоо надаас айхаа больж л дээ . Энд тэнд чимээ гарч эхлэхэд одойнууд сандран өөр өөрсдийнхөө байр руу гүйцгээлээ . Гэтэл тэдний нэг нь ирээгүй л байв . Бусад нь сандран эргэн тойрноо хичнээн гүйлгэж харсан боловч алга болсон одойны бараа сураг ч алга . Сандарсан одойнуудыг аюулын бөмбөр дэлсэх дуунаар би сэрчихэв . Хэн ийм зүүдний дараа тайван байж чадах билээ , тэр тусмаа цэцэрлэгийн зэвүүн одойнуудын нэг нь үнэхээр алга болчихсон бол шүү дээ .

Saturday, June 16, 2012

Уртаас урт дэлгэгдсэн далавч

Би өөртөө дургүй : эмзэг , уйланхай , сэтгэл хөдлөл ихтэй болохоор нь 
Би өөртөө хайртай: эмзэг , уйланхай , сэтгэл хөдлөл ихтэй болохоор нь . Уйлах ч яахав , харин урам зориг оруулахаар сайхан зүйл тохиолдоход догдолсон сэтгэлээ сонсох ч... Хамгийн их урам өгдөг зүйл юу болохыг мэдэх үү . Өөртөө итгэдэг байх ч чухал л даа , гэхдээ өөр хэн нэгэн надад чин зүрхнээсээ итгэж байна гэдгийг мэдрэх л хамгийн гайхамшигтай . 


          Ойрд их уйлж байгөө , гэхдээ муу юмнаас болооогүй ээ ^^ Зүгээр л гэнэт эмэгтэйлэг зан чанарууд тодорч гарч ирээд л хэхэ . Тэгээд хажуугаар нь гэрийхэн хөөрхөн хөөрхөн юм хийгээд хүн уяраагаад байхын , ээж тэр тусмаа. Би заримдаа өөрийгөө чадахгүй зүйлийн төлөө хөөцөлддөг , байгаатайгаа эвлэрч чаддаггүй тэнэг гэж бодоход хүрдэг. Харин манайхан бол намайг амжилттай байнаа гэдэгт яг итгэдэг хүмүүс байгаа юм . Ийм найдварын эзэн байх ч хариуцлагатай үүрэг шүү . Тэгээд бас хийхийг хүссэн зүйлээ хийж чадах нөхцөл бүрдүүлж өгч байгаад нь баярлаад дуусахгүй , ийм том болчихсон байж гэртээ хийсэн нэмэргүй зүйлгүй байгаадаа санаа зовоод л байдын , энэ байдал удаан үргэлжлэхгүй ээ . Хайртай хүмүүстээ ч хийсэн тусгүй , өөртөө ч сайн юм хийхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөн хүн баймааргүй байна .

Saturday, June 9, 2012

Нартай өрөө


Цовоо, гоё натюрморт ханандаа өлгөчихөөд
Өөд өөдөөсөө харан гараа атгалцан сууна , бид
Цонхны цаана цас хаялж ,
                         хүйтэн салхи шилбэлзээд л
Өрөөн дотор минь харин зунаараа байна

Цагаан цаасан хананаас шар өнгө туяарна
Нээрэн , энэ зурагнаас гэрэл цацарч байна
Цаг зүрхнээс минь хурдан цохилж
Он жил нэг нэгээрээ бударч байна

Өөд өөдөөсөө ширтэн харин бид суусаар
Өр зүрхэнд минь хавар л болж байна
Хайр гэрэлтсэн халуун дулаан гэрийн маань
Хананаас ургасан цэцэг дээр нар зүүрмэглэнэ .      

                                                                     Л.Өлзийтөгс

Гэртээ харих замдаа автобусанд уншаад инээмсэглээд л байсан сайхан шүлэг . Энгийн бас сайхан , амар амгалан , би ингэж л амьдрахыг хүсдэг . Нар, натюрморттой халуун дулаан өрөөнд , өвлийг ,зовлонг, цаг хугацааг тоохгүйгээр хайртай хүнтэйгээ хамт өтлөхийг хүсдэг .  Эгэл юмс ямар үзэсгэлэнтэй , яруу байдгийг мэддэг . Ганцхан ...ийм эгэл сайхан дунд удаааан удаан байвал юу болох бол гэхээс л айж байна . Үлдэж тэсэх болов уу .
Эсвэл би ийм байхыг зүгээр л хүсэхийг хүсч байна уу ...

Friday, May 25, 2012

Soul Trade

Сүнсээ чөтгөрт худалдсан  :P Үнэндээ их аятайхан чөтгөрүүд , нэг уулзахаар салж чаддаггүй , энгийн ертөнцөөс хол аваачдаг , намайг арай гайгүйвтэр хүн болгодог юм байгаан .

          Хэдэн хормын дотор би 19р зууны Англид , эргэн тойронд минь бие биенийдээ зочилж өөрсдийгөө хөгжөөн өдрийг өнгөрөөх язгууртнууд , сүйх тэргүүд , том хуйлсан цаастай захидлууд , харцаараа бас үйлдлээрээ ойлголцсон дурлалт хосууд . Ихэмсэг зантай , тансаг амьдралтай тэдний дундах эмзэг ,сайхан сэтгэлтай Анн , ухаантай , зөрүүд өөртөө итгэлтэй Элизабет бас Эленор . Гэнэт толгойгоо өргөөд хартал цайвар шаргал ширээ эгнүүлэн тавьсан сургуулийн номын сан , зүүднээс сэрж чадахгүй байгаа хүн шиг л хэсэг гайхаж сууна .

        Ердийн нэг хичээлийн өдөр, санхүүгийн корридор, жижиг хэрүүлээс эхлээд томоохон хэлэлцүүлгүүд хүртэл зөв буруугийн тухай бөөн л яриа . Тэр ч тийм муу хүн гэнэ , манай энэ ч ёстой хөөрхөн л гэнэ , чихээ таглаад юу ч сонсмооргүй хоосон элийрлүүд , удаахан шиг сонсвол тэр ч нээрээ тийм шүү гээд итгэчихмээр ухуулгууд . Би нуугдана . Хэсэг хугацааны дараа л Ховард Роаркын өрөөнд сууж байх юм . Ховард хорвоогоос тасарсан юм шиг л ажиллана . Би тэнд суусаар байгаад чилж гадагш алхахад хүмүүс Питерийн барьсан шинэ барилгыг шагшин магтахыг сонсоно , яаран алхах хүмүүсийн хөлд хаа нэгтээ Баннер хэвтэж байх нь харагдана . Эргээд л сургуулийн корридор , саяхан л New York-н гудамжинд байсан учраас нүд дасахгүй хэсэг гайхна . Энд байх тийм ч муугүй мэт ,бүр инээмээр санагдана гээч .

       Би хаашаа ч явж байгаагүй , гэхдээ бодол санаа минь их олон газраар аялсан . Надад уулзахыг хүсдэг гэхээр хүн цөөхөн бий , учир нь тийм хүмүүсийн маань ихэнх нь дотор маань амьдардаг учраас . Хоромхон зуур , нэг номын хуудас сөхөхөд л би тэдний нэгтэй уулзаж , өөрсдийнх нь дотор орсон мэт дотно ярилцаж чадна . Яг л шидэт хивс шиг .

Tuesday, March 27, 2012

Ms.Loser's Firm Belief

      Өдөржингөө л эгчийн ярьж байсан нэг юм санаанаас гардаггүй .Нэг маш мундаг багш нь оюутнууддаа "би насаараа жинхэнэ loser <баагий> явсан одоо намайг хар л даа" гээд ярьдаг гэсэн нь . Би ч бүтэлгүйгийн хувьд бүтэлгүй л дээ , гэхдээ тэрнийгээ хүлээн зөвшөөрөхгүй л гэчихсэн байгаа .
      Ямартай ч нэг зүйлийг хийе гээд зүтгэх юм бол надад туслая гэх сайхан сэтгэлтэй хүмүүс хичнээн олон байгааг харлаа шүү дээ . Ингээд дуусахгүй ээ :)
    3-н жил оюутан байчихаад хамаг юмаа хаяад явна, бүгдийг нь эхнээс нь эхлэнэ гэвэл тэнэг гэнэ л байх л даа хүмүүс. Өөртөө сэтгэл ханамжгүй оюутан жилүүд , нэмээд сэтгэл ханамжгүй ажлын өдрүүд , тийм өөртөө итгэлгүй хүн аз жаргалтай гэр бүлтэй болж чадахгүй шдээ. Үлгэр жишээч эгч , цаашлаад дууриамаар сайн ээж байхгүй .  Бас өөрийгөө таньж амжаагүй хүн гэж байгаа . Тэгэхээр дахиад оролдноо яадын . Би чинь бас хажуудаа баатартай гэж байгаам ^^
      Өдөр бүр ногоорчихоод хичээлээ хийгээд сууж байсан чинь найз маань "Чи ер заавал тэгэж хөгжих гээд яах гээд байгаан , эмэгтэй хүн бол сайн эзэгтэй байгаад л нөхрөө халамжлаад л явж байхад болно шдээ" гэхийн , өөдөөс нь "гаххх, тллл ёстой тэгнэ гэж байхгүй шүү" гээд хэлээ гаргачихсан . Бүдүүлэг л санагдсан байх даа. Энгийн зүйлс сайхан л даа , би ч бас тийм сайхан эзэгтэй байгаад л байхыг хүсэхгүй биш жижкээн хүсч л байна . Даанч чадахгүй ээ. Намайг бас наад бодол чинь хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэсэн . Хэнийх нь ч бодол өөрчлөгдөж магадгүй шүү ! Надад зүгээр л эвлэрчихгүй байх их олон шалтгаан байгаа , их олон шүү :)
Фейсбүүкээ хаасан , твиттэр рүү гээ тэсэхгүй орчихоод байхаар нь өнөөдөр бас хаасан . Блогоо л яаж ч чадахгүй юм байна лээ , хайрлаад байгаа юм чинь . Миний хамгийн үнэн хэсэг гэж байгаам л даа. Одоо гэхдээ их юм бичихгүй ээ.

Friday, March 16, 2012

Би ээж болохоороо.. :)

              Өөрийн гэсэн жижигхэн ангаахайтай болох хаа хол байгаа ч гэсэн хааяа яаж хүмүүжүүлэх вэ гээд л боддын . Хайрлаад л , эрх дураар нь байлгаад л байвал амархан гомдож тунидаг , гуниглах давтамж нь ойрхон ,над шиг эмзэг болчих болов уу . Хүссэн бүхнээ авч болдоггүй юм байна, хүмүүс чинь ийм муухай байж болдог юм байна гэж мэдээд цочролд орох байх даа . Дандаа зөөлөн дуугаар ярьж , сургаж байнаа гэж бодсоноо бас л аяархаан дуутай хүүхэд болчих вий гээд л санаа зовно . Хүний дуу хоолой хүртэл цаанаасаа тэгэж төрдөггүй гэж сонссон юм байна, ядаж л чанга сул ярих нь .Хэлэх гэснээ чанга дуугаар зоригтой хэлж чаддаг хүчтэй байлгахыг хүсч байна. Бидний зан , байгаа байдал гэр бүлээс л маш их хамааралтай байдаг юм шиг ажиглагддаг . Эрх байх сайхан ч (эрх хүмүүс бол мэднэ дээ мэднэ :P  ) эрхлүүлэх хүн амьдралд цөөхөн гэдгийг мэдрэх бас тэрэн шигээ муухай .  Гэртээ эрх танхи мөртлөө нийгэмд , бусдын өмнө хүчтэй хүүхэд байгаасай .
               Тулгарсан асуудлыг өөрөө туулаад гарах ухаалаг байгаасай гэж хүсээд багаасаа зөндөө их ном уншиж байгаасай гэмээр боловч хэт эрт наснаасаа эрсдэлээс айгаад урагшилж чаддаггүй болчих вий гээд бас .... Мэдээж уншдаггүй биш боловч уншсанаа өөртөө зөв тусгаж авдаг байх ёстой . Жаахан байхад л нэг хэсэг уншсан бүхэн минь үнэн юм шиг санагдаад , олон л зүйлийг тэс хөндлөнгөөр төсөөлдөг байсан даа. Муу зохиол гэдэг ийм аюултай . Ийм аймхай , шийдэмгий бус байдаг маань яг номнуудаас минь л хамаатай байж таарна . Сайхан үлгэрүүдтэй нөхөрлөж торниод сайн номнуудаас зүүгдээд авбал ч ...
             Ерөөсөө өөрөө бүхний учрыг олог гээд орхичихдог юм билүү , намайг л битгий дууриагаарай тэгээд л гүйцээ гээд :P би ч тийм муу хүн биш л дээ , хааяа л хүчгүй зан гаргаад уур хүргээд байдаг болохоос . За за ерөөсөө хүүхэдтэй болчихвол хүмүүжлийн тал дээр яахаа мэдэхгүй шууд паниканд орох шинжтэй ,тэгэхээээээр аавд нь л даатгадаг байх даа :D

Sunday, March 11, 2012

Монголын Их Хатдын Нууц Товчоо by Jack Weatherford

Монголын Их Хатдын Нууц Товчоо
My rating: 4 of 5 stars

Түүх гэдэг миний хувьд хэзээд бүдэг бадаг ,тодорхой барьцтай мэдлэг гэхээр юмгүй зүйл байсаар ирсэн. Нууц товчоо уншиж байхдаа ч түүхт ингэж дурлаагүй юм , ерөнхийдөө хаа сайгүй л эзэн Чингис Хаан гэж ярьдаг боловч тэр хүний сүр хүчийг , байгуулсан гавьяаг өөрийн зүгээс мэдрээгүй байсан билээ . Харин Жак Уэторфордын “Монголын Их Хатдын нууц товчоо ”ном түүхийн тэр бүдэгхэн ойлголтыг тодруулахад их тус боллоо . Бичсэн бүхэнд нь шуудхан итгэчихэд мэдээж тийм ч амар биш байна л даа, өнгөрсөн юм гэдэг өөрөө тийм гээд яг хэлчихийн аргагүй хойно , хэн нэгэн түүхчийн үзгээр өөрчлөгдсөн байж ч болно шүү дээ,эдгээр баримтууд . Манайд ургийн бичиг яагаад байдаггүй юм бол доо гэж өөрийн эрхгүй харамсдаг юм байна лээ . Болж өнгөрсөн үйл явдал гэдэг тухайн үедээ сүр дуулиан бага тарьж эсвэл хүмүүст тэрхэн зуураа яригдаад мартагдан өнгөрсөн бол цаг хугацаа тэдгээрийг энгийнээс эгэл бус болгон хувиргаж хэдэн зуун жилийн дараа хүмүүсийг яг л одоо миний биширсэн байгаа шиг гайхуулдаг юм байна. Ер нь Монголын түүхийн тухай бичигдсэн ном өчнөөн байдаг юм байна лээ.

Номын зарим хэсгүүдээс :

Цахлай бодсон нь...гэхдээ гутраагүй бодол л доо

             Яг одоо энэ мөч хоромд би юуны төлөө амьсгалж байгаа вэ . Амьдралын утга учир, зорилго ,  хүсэл мөрөөдөл , маргаашийг гэсэн итгэл , дахиад хэдэн арван жил урагш алхах хүч , эдгээр бүх зүйлс хоорондоо ямар холбоотой юм бол , яах гэж надаас , толгойноос минь зууралдсаар байгаа юм ?  Эдгээр бүх асуултанд би торохгүй хариулж чадна , бүр маш итгэлтэйгээр тийм шүү дээ гээд хүнд хэлж чадна , гол нь өөрөө тэрэндээ эргэлздэгт л байна . Нээрээ би чинь яах гэж амьдарч байгаа билээ -эхний хариулт толгойд орж ирнэ -аан мэдээж тийм шүү дээ , ингээд л урагшаа яваад л байна . Нэг өдөр , магадгүй өчигдрийнх шиг , эсвэл тэрний өмнөхийн өмнөхийн өдөр гэнэт зогсоод бодтол тэдгээр өөртөө итгүүлж явсан зүйлс бүгд чин үнэн байгаагүй ч юм шиг .

Thursday, February 23, 2012

Математикчдийн дунд өнгөрөөсөн жилүүд

           Би магадгүй тоонд хэзээ ч үнэн голоосоо дурлаагүй байж болно , бас тэр хэмжээгээрээ хэзээ ч гоц сайн байгаагүй, гэхдээ миний амьдрал математик ба түүнд төрөлхийн авьяастай хүүхдүүдтэй сүүлийн хэдэн жилийн туршид нягт холбоотой болчихсон юм. Цаашдаа ч тийм байна . Энгийн сургалттай сургуулийн сурагч надад бүх олимпиадын медалийг түүдэг тэдгээр хүүхдүүд үргэлж л атаархал төрүүлдэг байсансан. Миний төсөөллөөр нүдний шилтэй , их зантай байх ёстой байсан тэд энгийнээс энгийн , бүр өмнөх ангийн маань "онц сурлагатнууд"-аас ч энгийн зантай ,нөхөрсөг хүүхдүүд байж билээ . Ганцхан тоо бодоод л суухгүй ээ , тэднээс гитарчин ,дуучин ,яруу найрагч ,зохиолч ,бүжигчин, хөлбөмбөгч, сагсчин гээд өчнөөн авьяастнууд илэрч гарч ирнэ .

Хакуна Матата !

             Дандаа бодолд автсан , эргэцүүлж шүүмжилсэн хүн байна гэж юу байхав нэг сайхан орилоод үсэрмээр мэдрэмж төрөөд байх чинь :D Үсрээд ,үсрээд !! хэхэ . Эрх чөлөөтэй , хүлээх зүйлтэй , амьдралаа хүссэнээрээ зохиох боломжтой байгаа залуу хүний мэдрэмж байх даа . Анх удаа алкохолны төрлийн юм хэрэглэж байхад нэг ийм юм болоод байсан санагдаж байна , шинэ жилээр бүх хүн унтчихсан байхад үлдэгдэл шампанскыг бүгдийг нь уучихсын , 4р анги байлуу даа . Инээд хүрээд л , инээмээр л санагдаад байсан санагдаж байна :D Надад нэг удаа тэгэж хэлж байсын , бүх энерги миний дотор хуримтлагдаад яг л ертөнцийн төв болчихсон юм шиг байна гэж . Иймэрхүү л мэдрэмж байж л дээ .
           Би ч жоохон байна дөө гэж бодсоор явтал гэв гэнэт харин томоос том болчихсон байдаг байгаа , хамгийн их таалагдаж байгаа юм нь миний үгийг сонсдог болсон нь . Чухал царайлж байгаад л хэлсэн бүхнийг томчууд сонсоосой гэж зөндөө хүсдэг байж билээ . Одоо бол ёстой олон юм ярьж өгнө шд , ингэчихвэл зүгээр юм биш үү гээд л .
          Аа тэгээд бас насаараа сонссон үгс одоо л надад жинхэнэ утгаараа ойлгогдож байх шиг байна . Өөрийнхөөрөө байх сайхан гэж зөндөө л хэлж байсан даа , би өөрөө хүртэл . Гэтэл бас л олон нийтийн нэг хэсэг байж шүү дээ . Хүмүүсийн дундах өөрийнхөөрөө хүн биш харин тэдний хуулбар . Адилхан биш байх гэсэндээ авсан арга хэмжээ нь юм бүхнийг бусдын эсрэг хийх . Сүүлийн үед бодоод байхад эрх дураараа байна гэдэг бусадтай адилхан байх үгүйдээ санаа зовохгүй , өөр байх гэсэндээ өөрийгөө өөрчлөх гэхгүй зүгээр л юу хиймээр байна түүнийгээ л хийж ярих юм байна. Миний дотор байдаг хүн маань уг нь орилж хашхирах их дуртайм байгаан шд , аяархан дуутай даруухан л болохоос , гэхдээ жоохон хэрүүлч л дээ. Адилхан байхаас санаа зовохгүй , бас өөр байх гэж хэт хичээхгүй , за за ер нь тэгээд нэг их юм бодох л хэрэггүй юм шиг :)


Saturday, February 18, 2012

"Үзэхийн хязгаар " Л.Өлзийтөгс

My rating: 5 of 5 stars

"Миний тарьсан цэцгүүдийн нэгийг та одоо гартаа барьж сууна . Та одоо үүнийг үнэрлэнэ . Аль нэгэн хуруугаараа ,эсвэл зүрхээрээ зөөлөн зөөлөн имтэрч , илж, бас имэрч үзнэ . Өөрийнхөө болоод надад өгсөн бусдын хайраар , бас халуун залуу насныхаа амьсгалаар тордон ургуулсан учир энэ цэцэг удаан амьдарна гэдгийг би мэдэж байна. Л.Ө " Зарим хүн нь тааралдсан хүн болгондоо гайхуулаад , номын санд уншиж уйлаад , хачин охин гэж хэлэгдэж ч магадгүй :P
 Хэн нэгний дотоод ертөнц рүү харах боломж бидэнд хэр их байдаг вэ . Би хүмүүс бол нууцлаг , хэзээ ч бүрэн ойлгох боломжгүй гэдэгт итгэдэг юм , гэхдээ "Үзэхийн хязгаар"-ийг уншаад энэ нь тийм ч болохгүй гэх зүйл бишээ гэдгий ойлголоо , ердөө л ойлгохыг хүсдэггүй юм байна шүү дээ .
Ертөнцийг яруу найрагчийн нүдээр харах боломжийг олгосон сайхан ном болсон байна лээ . Хүлээлтээ өндөр байлгаж болноо гэдгийг мэдээд байсан юмаа !

Friday, February 10, 2012

"Хүлээлт" , энэ удаад минийх


намар хамгийн үзэсгэлэнтэй нь

Өвлийн зураг нь жаахан далий болчихож :P
Уг нь хавар болохоор бүрнээр нь оруулахаар шийдсэн байсан юм , хавар өөрийг нь хүлээж байгааг мэдээсэй гэсэндээ л .  Ямар нэг зүйлийг хүлээж байгаагүй үе гэж байсан юм уу, үгүй байхаа даа. Маргааш ямар нэг сайхан зүйл болно гэсэн хүлээлт , өвөл нь хаврыг , зун нь намрыг хүлээсэн хүлээлт . Чамайг ирэхийг хүлээсэн өдөр хоногууд .  Одоогоос илүүг хүсэхгүй байнаа гэж хэлмээр тайван үеийг өнгөрөөж байгаа мөртлөө л .... Хүн чинь яасан ч шуналтай юм дээ.

Хавар болохоор өглөө эрт босоод "Нүдний шилэнд үлдсэн зургууд"-аа цүнхэлж аваад зайсан гарнаа . Цонхоо онгойлгож байгаад Лемонсын "Цэнхэр нүд"-ийг сонсоно . Хаврын их цэвэрлэгээ хийнэ.   Алхаад л , алхаад л байна . Бусдад инээдтэй санагдаж болох ийм жижигхээн зүйлүүдэд л дурлаад байдаг юм , хавар бол яах ч аргагүй л Лемонсоор амьсгалсан улирал . Бас шоргоолжнууд байна :) 

Friday, January 27, 2012

Өөрийгөө өрөвдөх тухай ярилцсан 2 дахь Мягмар гараг

("Tuesdays with Morrie" энэ их хөөрхөн ном л доо, хэдэн жилийн өмнө орчуулагдах сураг байсан боловч одоо болтол харагдаагүй л байна лээ, уг нь нимгэхэн шд , 100 хуудас хүрэхгүй . Митч гээд залуу оюутан байхад нь багш нь байсан одоо бие нь хүнд өвдөөд хэвтэрт байгаа Морри дээр мягмар гараг бүр ирж ярилцдаг юм . 7 хоног бүр нэг өөр зүйлийн тухай . Энэ мягмарт тэд self-pity буюу өөрийгөө өрөвдөх тухай ярилцаж байгаа нь  )


“...Хоол авчирлаа” гэж би чангаар зарлав .

Морри нүдээ эргэлдүүлэн инээмсэглэнэ.
Өвчин нь даамжирч байгаа нь нүдэнд улам л ил болж байв. Хэдийгээр хуруунууд нь харандаагаар бичих , нүдээ шилээ зүүж тайлахад хангалттай сайн байсан боловч , тэр гараа цээжнээсээ дээш өргөж чадахгүй болчихож. Түүний гал тогоо болон зочны өрөөнд байх цаг нь улам багасч харин ажлын өрөөндөө өөрийн дэр ,хөнжил ,  хөшсөн хөлийг нь өргөх зориулалттай зөөлөвчнүүдээс бүрдсэн сандал дээрээ тухлах нь ихэссэн . Тэр хажуудаа хонх байлгаж ,ямар нэгэн юм хэрэг болох юм уу,  “угаагуур руу очих” шаардлагатай болвол хонхоо дуугаргахад түүн рүү хэн нэгэн нь хүрч ирэн тусладаг байлаа. Даанч түүнд  энэ хонхоо ч өргөхөд хэцүү байсан бөгөөд ингэж чадахгүй байгаадаа их бухимддаг байв.

Би Морригоос та өөрийгөө өрөвдөж байна уу гэж асуухад :

“Зарим өглөөгүүр бол тийм” гэж хэлэв . “Энэ бол миний гашууддаг үе юм л даа . Би өөрийнхөө биеийг бүхэлд нь ажиглаад , гар хуруу гэхмэтчилэн боломжтой байгаа бүхнийг хөдөлгөж үзэн , юу алдсандаа харамсан гашууддаг . Өөрийнхөө удаан , аажуу үхлийн тухай бодон шаналдаг. Тэгээд л шаналалаа шууд зогсоодог ”

“Шууд тэгээд л үү?”

Thursday, January 26, 2012

Гуниг ямар өнгөтэй вэ ?

             Хамгийн түрүүнд хөх л гэж буух байхдаа, feeling blue гэх мэтээр хэлдэг юм чинь . Миний гуниг харин ямар өнгөтэй юм сайн мэдэхгүй л байна . Хөнгөхөн байхаараа уйтгар ,арай гүнзгийрэхээрээ гуниг ,бүүр даамжирвал шаналал ? Энэ ч арай худлаа байхаа :)  Би хүүхэд байхаасаа л жоохон нэг тиймэрхүү ,гуниглахдаа амархан байсан юм шиг байгаан . Цонхны тавцан дээр гарч суучихаад буухгүй гэж зүтгээд эмээ эгч 2оо их л зовоодог нөхөр байсан гэсэн дээ. Аав ээж 2 маань ажиллах гээд холын орныг зориод явчихсан байсан учраас санаж байгаагаа тэгэж эсэргүүцлийн байдлаар илэрхийлж байгаа нь тэр .
             Тэрний үлдэгдэл ч юмуу (эсвэл огт хамаагүй ч байж магадгүй л дээ) өсвөр насны эхлэлд айхтар амархан гутарчихдаг хүүхэд байсан, ямар сайндаа л тооны багш ээж рүү залгаад гэрт нь янз бүрийн юм болоо юу нэг л биш байна гэж байхав. Харин одоо бол хувь хүний хүчгүй байдлын илрэл гэж үзэгдэх биз дээ. Хааяа гэхдээ тайтгаруулах оролдлого хийхгүйгээр гуниглах үнэндээ сайхан ч юм шиг , би засаршгүй өөрийгөө өрөвдөгч гэдэг нь л явж явж үнэн юм даа .
           Шүлэг бичих гэж буй хүн "Далай хараад гуниглахгүй байгаа бол чамд ямар ч найдлага алга " гэснийг уншчихаад өөрийгөө яруу найргийн мэдрэмжтэй гэж нэг хэсэг хөөрсөн боловч надад авьяас үнэндээ байхгүй нь мэдэгдээд байгаа юмаа. Уншихыг л авьяас гэхгүй юм бол :)) . Энэ шүлгийг уншихаар жинхнээсээ гуниг дотогшоо гулсаж орж байгаа юм шиг санагддаг . 

Л.Өлзийтөгс   "Уйтгарт хөх сандал дээр"

Уйтгартай хөх сандал дээр чамайг бодон удаан сууснаас
Уруул минь хөх болчихлоо 
Уруулын өнгө амьсгалд чирэгдэн
                      могой мэт гулсан дотогшлохуй
Сэтгэл хөв хөх болчихлоо 
Одоо миний доторх өнгө бүхэн аяархан арчигдаж байна 

Monday, January 16, 2012

The Kite Runner by Khaled Hosseini

The Kite Runner
My rating: 4 of 5 stars

Нэг эхийн сүүгээр өссөн хүмүүсийн хооронд насан туршид нь алга болохгүй холбоо үүсдэг гэдэг. Amir, Hassan 2 дөнгөж төрцгөөсний дараа өөр өөрийн ээжээс хагацсан тул нэг асрагч эхээр өсгүүлж, анхны алхмаа хийж, анхны үгээ хэлэх үедээ ч хамт байна. Амирын анхны үг "Вава" буюу аав байсан бол Хассаных --Амир байв. Яг л тэдний ирээдүйг зөгнөх мэт. Хэдийн тэд хамгийн сайн найзууд шиг л байдаг боловч Амир хэзээ ч Хассаныг өөрийн найз гэж үздэггүй , учир нь Хассан бол Хазара гаралтай тэдний гэрийн үйлчлэгч Алигийн хүү.
"A thousand splendid suns"-тай Афганистаны дайн , Кабул дахь өөрчлөлт , ард түмнийх нь хүнд хэцүү амьдрал гээд олон зүйлээрээ огтлолцож байгаа боловч гарах гол санаанууд нь эцэг хүний хүүгээ гэсэн сэтгэл ,зөв буруу сайн муугийн хооронд хийх сонголт бас redemption буюу хийсэн үйлдлийн төлөөс. Хэдийгээр зохиолч өөрөө амьдралынхаа ихэнх үеийг Америкт өнгөрөөсөн боловч Афган хүний нүдээр эх орных нь одоогийн болон өнгөрсөн үеийнх нь тухай юу ч мэдэхгүй хүнд ч хангаллтай ойлголт өгчихөөр сайн бичсэн ном гэж бодож байна. Зохиолд нийтдээ 3 удаа гардаг үг байдаг "For you, a thousand times over" гээд, бүх сэтгэлээрээ үнэнч зүтгэнэ, бүхнээ зориулна гэсэн санаа агуулсан .

Тодруулсан хэсгүүдээс:

Friday, January 13, 2012

The Stranger by Albert Camus

The Stranger
My rating: 2 of 5 stars

 Marie-г чи надад хайртай юу гэхэд , энэ бүхэн үнэхээр ямар ч утгагүй шүү дээ гэж бодох зуураа -Үгүй гэв .

       Өчнөөн удаан уншина гэж бодож явсаар байгаад эцэст нь урам хугаралт . Яг л Кафка " Шүүх ажиллагаа"-г уншсаны дараах шиг . Монголоор " Этгээд хүн " нэртэйгээр орчуулагдан гарсан байсан ,гэхдээ орчин цагийн аугаа их сэтгэгчид дээр гардгаар "Хөндлөнгийн хүн" нь арай дээр сонсогдох юм шиг ээ. Мэдээж зохиолдоо биш надад байгаа байх л даа, гаргах гэсэн санааг нь бүдэг бадаг ойлгож байгаа боловч бас л асар их яагаад гэсэн асуулт үлдээстэй . Таалагдаагүйдээ 2 од өгч байгаа юм биш , харин ойлгоогүй дээ. Тэглээ ч гуниглаж бичсэн яруу найрагчийн шүлгийг аз жаргалдаа нисэх шахан байгаа хүн ойлгохгүйтэй адил , миний одоогийн байдал амьдралын абсурд чанарын тухай уншаад тунгаахад арай л "дэврүүн" байгаа юм уу. 5 магадгүй 10 жилийн дараа дахиад уншиж үзнэ гээд саначихъя.

Aльберт Камю бол Сартр-тай зэрэгцэн яригддаг 20-р зууны алдарт зохиолчдын нэг , 1957 онд Нобелийн шагнал хүртсэн . Зохиолдоо голчлон гаргадаг санаа нь гэвэл утга учрын тухай ойлголт, оршихуйн тухай гээд л . Түүний тухай философийн хичээл дээр ийм нэг бичил орчуулга хийж байсан байна . Spoiler хийчихэд номын гол санаа тэр чигээрээ энэ дотор явж байгаа юм байна, эрт хардаг байж дээ.

Альберт Камю
Альбер Камю нь Алгерт төрж өсөөд Нацистын эсрэг Францчуудын тулаанд оролцож байв .  Тэр маш их зовлон шаналал , үнэ цэнэгүй үхлийг дайны өмнө ч олноор харж байсан болохоор түүний философид тавьсан гол асуудал нь “ Амиа хорлохгүй байх шалтгаан олдоно гэж үү ? “ байдаг нь тийм ч их гайхан хүлээж аваад байхаар зүйл биш юм . Хүн нэгэнтээ өөрийгөө хуурахаа больж , хоосон зүйлсгүйгээр амьдралыг харж эхлэхээс энэхүү асуулт урган гарч ирдэг.
Камюгийнхаар ихэнх хүмүүс амьдралын үнэн мөн чанарыг олж харахгүй явсаар насан эцэслэдэг .  Арай тодорхойгоор бол “ амьдрал дахь эмгэнэлт дүр төрх” –ийг олж харахаас илүүтэйгээр “ өөртөө итгэсэн тэнэглэл” дунд өнгөрөөдөг. Тэд хэдийгээр абсурд ертөнцөд цөхрөл дунд эсвэл түүнд маш ойрхноор амьдралаа өнгөрөөдөг боловч , өөдрөг байдлын худал үзлээр энэ бүхнээ далдалж орхино . Бид өөрсөддөө болоод , өөрсдийн наад захын хэрэгцээтэй байгаа зүйлсээс хол  хөндий нэгэн болж явдаг гэсэн санааг илэрхийлж байна .
Тэгвэл тэрхүү хэрэгцээ нь юу болж таарах вэ ? Камюгийн хувьд бол 2 л байх ба ойлгуулан тайлбарлах, нийгэмд дулаанаар хүлээн зөвшөөрөгдөх . Харамсалтай нь бид абсурд ертөнцөд амьдардаг , энд эдгээр хэрэгцээг хангах бараг л боломжгүй .

Камю амьдралыг Сисипусын домогтой зүйрлэн адилтгасан байдаг . Сисипус бурхдын уурыг хүргээд насан туршдаа асар том чулууг уулын өөд түлхэж байхаар шийтгүүлсэн , тэгээд гаргаж дуусмагцаа түүнийгээ уруу өнхрөхийг ширтэн зогсоно . Энэ үйл явдал мөнх үргэлжилнэ . Хүмүүний амьдрал яг үүнтэй ижил “ үр дүнгүй , найдваргүй боолчлол”-н дунд өөрсдийн үнэн хэрэгцээгээ хангах учир шалтгаанаа олохгүй явсаар дуусна . Үүнээс харахад Камю яагаад амиа хорлолтыг философийн голлох асуудал болгон авч үзсэнийг амархан ойлгож болно . Түүний тодорхойлсон энэ нөхцөл байдал дор хүн яагаад үргэлжлүүлэн амьдарсаар байхыг хүснэ гэж ? Гэхдээ л тэр амиа хорлолтыг байж болшгүй хэрэг гэж дүгнэсэн , учир энэ бол хатуу хувь заяаны эсрэг зогсож чадаагүй сул талын илрэл юм.

Камю ертөнцийг бусдыг өрсөн хороох явдлын өрсөлдөөн гэж цухас дурдсан байдаг , энд хэн нэгнийг алахгүйгээр хуруугаа өндөрт өргөх тун хэцүү . Цаазаар авах ял бол яаж гэмгүй нэгэн хотын иргэн алуурчны хэмжээнд очиж болохын жишээ . Дотор хураагдсан уур хилэн , харгислал нь цаг нь болоход заавал илрэн гарч ирдэг . “ Хүн үргэлж харгислал болоод аллага дунд амьдарч чадахгүй “ Энд бас л амиа хорлолтын тухай санаа гарч ирж байна . Тэгээд ч тэрээр хувь хүн бүрийг тэрхүү ертөнцийг улам дордуулж байгаа тахлын эсрэг тэмцэн амьдрахыг шаардсаар байж .

View all my reviews

Thursday, January 12, 2012

A Thousand Splendid Suns by Khaled Hosseini


A Thousand Splendid Suns 

My rating: 5 of 5 stars


Like a compass needle that points north ,a man's accusing finger always finds woman. Always. You remember that, Mariam.
        Ээжийгээ анх өөрийг нь харами гэж дуудахад юу гэж байгааг нь Мариам сайн ойлгосонгүй ,энэ үг өөрийг нь насан туршид дагаж явахыг тэрээр мэдэхгүй л байлаа. Түүний ээж , Мариам 2 шиг эмэгтэйчүүдийн цорын ганц эзэмших учиртай чадвар бол тэсвэрлэх .

         Уг номыг эхлэхээсээ өмнө би Афганистанд одоо хүртэл дайнд болж байгааг мэдээгүй , францад лалын шашинтай эмэгтэйчүүдийг гивлүүр, burqa өмсөхийг хориглоход түүнээс нь болж бослого гарч байхад огтхон ч анхаарлаа хандуулаагүй . Харин уншиж дуусаад энэ эрх мэдлийн төлөө дайнд ээжүүд хэрхэн хүү, нөхрүүдээ алдаж , олон хүүхэд өнчирч , тэр тусмаа эмэгтэйчүүд яаж зовж байгааг мэдээд яг л нүдээ боолгуулчихсан байсан юм шиг мэдрэмж төрж байна . Энэ бол дайны хүнд хэцүү үеийг тэсвэр тэвчээрээр даван туулж , хамгийн харанхуй үед ч хайр, итгэл найдвараа алдаагүй хоёр эмэгтэйн тухай түүх . Тэд амьтнаас ч бага эрх эдэлж байгаа мэт Афган эмэгтэйчүүдийн тухай , үе уламжлан байсаар ирсэн дарангуйллынх нь тухай өгүүлэх болно.

Тодруулсан хэсгүүдээс :

Tuesday, January 10, 2012

Transformation from Mrs.Creep to...


        Өөрийгөө нугасны муухай дэгдээхий гэж 100% итгэдэг байхад (одоо 30% ?) ,тэр болохоор миний хажууд байхад хэт хөөрхөн санагдаад энэ дуу бол жинхэнэ өдөржингөө сонсдог ганц дуу байлаа :D . Яг хоёр жилийн өмнө гэр лүүгээ хүргүүлээд алхаж байхад  " Одоо бараг хосууд шиг байгаа , хүмүүс ч тэгэж л бодож байгаа юм чинь ,2уулаа ингээд үерхсэн нь л дээр байхаа даа " гэсэн утгатай үг хэлсэн хүн дээ. Өөрөө бол хүлээн зөвшөөрөхгүй л байгаа юм , миний санаж байгаагаар яг ийм .
       Тэгээд л магадгүй ердөөсөө хөөрхөн биш байж болох ч намайг хамгийн хөөрхөн гэдэг боддог , хүмүүс ямар мангар охин бээ гэж харж болох ч ухаантайг минь дандаа сануулдаг хэн нэгэн гарч ирээд би ч тийм бүтэлгүй амьтан биш ч юм уу гэж бага багаар итгэж эхэлж . Хэдэн жил өөрийгөө ачлалгүй муухай гэж төсөөлж байгаад , инээх , баясах ямар ч эрхгүй гээд шийтгэж байсан сэтгэл тайвширч , өнгөрснийг одоо мартаад урагшаа яв даа аяархан түлхсэн юм .
     Тэр үед өгсөн шиг нь өөртөө итгэх итгэл , ирээдүйг чиглэсэн тэмүүлэл одоо улам л нэмэгдсээр байгаа .Бусад хүмүүс хамт байхаараа бие биендээ хэрхэн нөлөөлдгийг бусдаас сонссон уу л гэхээс би сайн мэдэхгүй ээ , бүр би түүнд дандаа сайн зүйл хийдэг ээ гэж ч баттай хэлж чадахгүй , гэхдээ л миний хувьд хэзээд зүгээр хөтлөлцөж гүйдэг хүнээс 1000 дахин илүү байр суурь эзэлсээр ирсэн . Түүнийхээ хажууд бол яг л намайг гэсэн сэтгэлээр нь муу бүхнээс хамгаалагдчихсан юм шиг . Надад өгсөн шиг яг ийм урам зоригийг дандаа өгч байхсан :)
 

Monday, January 9, 2012

Цаг хугацааны аялал


       The Girl Who Leaped through Time гээд хөөрхөн кино үзлээ . Япон хүүхэлдэйнүүд ч нээрээ санаа нтр гэж зэвүүн шүү . Макото гээд ахлах сургуулийн охин өнгөрснийхөө хүссэн үе рүү очиж чаддаг болдог . Одоо хичээлээсээ хоцроно гэж айлтгүй , караокед хичнээн ч олон цагаар дуулж  бас алдаа гаргавал буцаж очоод засч болно . Харин ингэхдээ бусад хүмүүсийг хохирох зүйл хийж байж магадгүй гэдгээ ойлгож эхэлдэг .Үзэж байгаад цаг хугацаа өнгөрдгөөрөө л өнгөрөг, би сөргөх гэж оролдохгүй ,зохицоод л урагшлаад байсан нь дээр юм байнаа гэж бодсон . Энгийн үед бол орой унтах гэнгүүт л өнөөдөр хийж амжаагүй зүйл их санагдаад шөнө суугаад өглөө сэрж чадахгүй , ийм утгагүй ?
        Хааяа мэдээж тэр үед буцаж очиж чаддагсан бол доо гэж бодмоор үе байдаг л даа гэхдээ л нэг өнгөрөөсөн үедээ дахиж очмооргүй байнаа . 2011 он өнгөрсөн бол тэрүүгээрээ л байг, хийх гэснээ хийсэн , хоосон суугаад өнгөрөөгөөгүй юм чинь . Яг ингэж байсаар байгаад л бүүр хөгшин болсон үедээ "би ч урт удаан сайхан амьдралаар амьдарлаа даа , залуу нас сайхан ч тэр үед байж үзсэн юм чинь буцаж очоод яахав"  гээд сууж байвал л жинхнээсээ харамсах юмгүй амьдарсан болох биз.Тэгээд ч өнгөрсөнд буруу хийсэн бүхэн , алдаж өнгөрсөөн боломжууд ,тэднээс гарсан гэмшлүүд өнөөдрийн намайг бүтээсэн юм чинь . "Гурамсан цадиг" дээр Тэнгис амжиж амьдрах гэхдээ 3 ном зэрэг уншиж , тэр зуураа мэдээ сонсож хажуугаар нь радиогоо асаахаа мартдаггүй . Тэгэж их яарсан мэдрэмжийг мэдэрч үзээгүй би тайвандаа тэр үү,, эсвэл одоо байгаадаа сэтгэл хангалуун байгаа юм болов уу . Сүүлийнх лав биш байж таарна.