Friday, May 25, 2012

Soul Trade

Сүнсээ чөтгөрт худалдсан  :P Үнэндээ их аятайхан чөтгөрүүд , нэг уулзахаар салж чаддаггүй , энгийн ертөнцөөс хол аваачдаг , намайг арай гайгүйвтэр хүн болгодог юм байгаан .

          Хэдэн хормын дотор би 19р зууны Англид , эргэн тойронд минь бие биенийдээ зочилж өөрсдийгөө хөгжөөн өдрийг өнгөрөөх язгууртнууд , сүйх тэргүүд , том хуйлсан цаастай захидлууд , харцаараа бас үйлдлээрээ ойлголцсон дурлалт хосууд . Ихэмсэг зантай , тансаг амьдралтай тэдний дундах эмзэг ,сайхан сэтгэлтай Анн , ухаантай , зөрүүд өөртөө итгэлтэй Элизабет бас Эленор . Гэнэт толгойгоо өргөөд хартал цайвар шаргал ширээ эгнүүлэн тавьсан сургуулийн номын сан , зүүднээс сэрж чадахгүй байгаа хүн шиг л хэсэг гайхаж сууна .

        Ердийн нэг хичээлийн өдөр, санхүүгийн корридор, жижиг хэрүүлээс эхлээд томоохон хэлэлцүүлгүүд хүртэл зөв буруугийн тухай бөөн л яриа . Тэр ч тийм муу хүн гэнэ , манай энэ ч ёстой хөөрхөн л гэнэ , чихээ таглаад юу ч сонсмооргүй хоосон элийрлүүд , удаахан шиг сонсвол тэр ч нээрээ тийм шүү гээд итгэчихмээр ухуулгууд . Би нуугдана . Хэсэг хугацааны дараа л Ховард Роаркын өрөөнд сууж байх юм . Ховард хорвоогоос тасарсан юм шиг л ажиллана . Би тэнд суусаар байгаад чилж гадагш алхахад хүмүүс Питерийн барьсан шинэ барилгыг шагшин магтахыг сонсоно , яаран алхах хүмүүсийн хөлд хаа нэгтээ Баннер хэвтэж байх нь харагдана . Эргээд л сургуулийн корридор , саяхан л New York-н гудамжинд байсан учраас нүд дасахгүй хэсэг гайхна . Энд байх тийм ч муугүй мэт ,бүр инээмээр санагдана гээч .

       Би хаашаа ч явж байгаагүй , гэхдээ бодол санаа минь их олон газраар аялсан . Надад уулзахыг хүсдэг гэхээр хүн цөөхөн бий , учир нь тийм хүмүүсийн маань ихэнх нь дотор маань амьдардаг учраас . Хоромхон зуур , нэг номын хуудас сөхөхөд л би тэдний нэгтэй уулзаж , өөрсдийнх нь дотор орсон мэт дотно ярилцаж чадна . Яг л шидэт хивс шиг .