Sunday, June 17, 2012

Оч

Dedicated to my friend who is on his way to become a very good writer :) Good Luck !

Ямар ч эргэлзээ үлдсэнгүй , тэд амьд болж таарлаа . Нэг ,хоёр ,гурав ... арав , өчигдөр өглөө л арван нэгүүлээ бүрэн байсан юм даа ..  Гэрийхэн маань цэцэрлэгээ тохижуулахаар сонгож авсан эдгээр баримал одойнуудын оронд өөр юу ч байсан  надад таалагдах байсан биз, эгдүү хүргэхээсээ илүү дотор хүйт даалгасан төрхтэй тэднийг яавал ч дээр юм дээ.  Дургүйцэл дээр минь өнгөрсөн шөнийн зүүд нэмэрлээд тэднийг хол аваачаад хаямаар санагдан ийш тийш хурдан хурдан алхаж гарлаа . Заримдаа урьд шөнийн зүүд тэр өдрийн уур амьсгалыг бүхэлд нь бүрдүүлэх нь бий . Зүүдэнд автсан тийм өдөр яг л хоёр ертөнцийнхөө зааг дээрх нарийхан утсаар алхаж байгаа мэт . Аль тал руу нь хазайхаа мэдэхгүй , хаана ч удаан баймааргүй тийм эргэлзээ дүүрэн өдөр .  Жинхэнэ амьдралдаа буцаж очих үгүйдээ эргэлзмээр тийм хүчтэй зүүдний дараах өдөр ч хэцүү шүү .

Зүүдэнд . Инээмсэглэсэн муухай одой хийсэн үйлдэл бүрийг минь давтана . Тэднийг аль хэдийнээс биднийг унтсан хойгуур энэ тэрүүгээр гүйлдэж эхэлдэг гэдгийг мэдээд байсан юм аа. Ингэж нэг газар дээр нь барьж авдаг байна шүү . Намайг ууртай царай гаргахад хөмсгөө зангидаж өмнөөс минь алиалж байх юм . Нууцыг нь олж илрүүлсэн учраас одоо надаас айхаа больж л дээ . Энд тэнд чимээ гарч эхлэхэд одойнууд сандран өөр өөрсдийнхөө байр руу гүйцгээлээ . Гэтэл тэдний нэг нь ирээгүй л байв . Бусад нь сандран эргэн тойрноо хичнээн гүйлгэж харсан боловч алга болсон одойны бараа сураг ч алга . Сандарсан одойнуудыг аюулын бөмбөр дэлсэх дуунаар би сэрчихэв . Хэн ийм зүүдний дараа тайван байж чадах билээ , тэр тусмаа цэцэрлэгийн зэвүүн одойнуудын нэг нь үнэхээр алга болчихсон бол шүү дээ .


Цаг өглөөний 6:30 . Зуны өглөө  ямар байдаг билээ  , нар аажим аажмаар эргэн тойрныг гэрэлтүүлж эхэлсэн , хамаг ертөнц сэрж байгаагаа дохио өгсөн тийм л өглөө . Алдагдсан одойг хайж олоод , бүгдийг сэрсэн хойно нь энэ муухай баримлуудыг авч хаях , эсвэл намайг өөр газар амьдруулах хоёрын нэгийг сонго гэж сүртэйхэн шиг хэлэхээр төсөөлөн бодож , өөрийнхөө бодолд баяссан хүн байшингуудын дундуур алхаж гарав  Аль ч байшингаас чимээ үл гарна .

Байшингууд,,, цонхнууд ,, цонхнууд , айлын цонхоор шагайх ч хамгийн бүдүүлэг хэрэг л дээ . Гэхдээ юмыг яаж мэдэхэв , царай муутай одойн баримал маань хулгайлагдсан ч юм билүү . Өнгөрөх олон цонхны дэргэдүүр алхаж байхдаа одойн тод өнгийг төвөггүй ялгана гэдэгтээ итгэлтэй байлаа. Хэсэг явсны эцэст миний сүүлийн жилүүдэд харсан хамгийн хуучны хийцтэй байшингийн дэргэд ирэв . Хоёр цонхтой , гурвалжин дээвэртэй ,  жижигхэн модон байшин , яг л олон жилийн өмнөх шиг юм гээч .  Би тэр байшингийн цонхоор хэр удаан ширтэж зогссоноо одоо сайн санадаггүй , бид ямар нэг гайхамшигтай зүйлтэй учрах гэж байгаагаа урьдчилан мэдэж чададгүйн адилаар би тэр цонхоор юу харна гэдгээ хэзээ ч төсөөлөн бодож чадахгүй байснаас л болсон биз  .  Энгийн нэг цонхны цаана юу байж болохыг хэлэх аргагүй .

Жижигхэн байшинд тавилга юу ч байсангүй : сандал , ширээ , ядаж цаг ч байхгүй цорын ганц өрөөнийх нь тавилгуудын оронд хана бүрийн дагуу өрсөн маш олон ном байлаа . Амьдралдаа харсан хамгийн хачирхалтай өрөөний буланд алдагдсан одой хэвтэнэ . Харин өрөөний голд... дэлгэж тавьсан хэдэн номны хажууд нэг хүү суугаад хүрэн хавтастай зузаан номын хуудсуудыг анхааралтай гэгч нь эргүүлж байв . Түүнийг жирийн нэг хүн гэж боломгүй , тоостой саарал өрөөгөөр туссан нарны гэрэлд тэрээр ямар нэг өөр ертөнцийнх юм шиг л, тэгээд ямар ч огцом хөдөлгөөнгүйгээр номын хуудсуудыг тайван эргүүлэх нь яг энэ байрандаа хэдэн ч жил суусан байж магадгүй гэсэн бодол харван орж ирэхэд хүргэлээ . Завилж суусан байгаагаас нь өндрийг нь мэдэх боломж байсангүй , арван тав эсвэл арван зургаан настай л болов уу . Тэр орчин , анхааралтай нүд , хулгайлагдсан одой , энэ бүхнийг хараад би удаан удаан зогсоод л байв .. Танихгүй тэр хүүгийн хийж байгааг нь тасалдуулах зориг надад хэзээ ч төрөхөөргүй байсан учраас одойгоо авахаар хаалгыг нь тогшсон ч үгүй . Түүнийг энд хэдэн өдөр ингэж суугааг мэдэхгүй , юу ингэж суухад хүргэснийг нь таах ч аргагүй . Ямартай ч халдаж зүрхлэмгүй ийм орчинг бүрдүүлж чадсан түүнд атаархах сэтгэл төрж байлаа . Ганцаарддаг болов уу , тийм болоод л манай үзэмжгүй одойг хулгайлсан юм байхдаа . Одойны тухай дахиж дурсахгүй байхаар шийдээд гэр рүүгээ буцаж алхахдаа би удахгүй яг энэ замаараа буцаж ирнэ гэдгээ сайн мэдэж байв .

Гэртээ харих замд надад ер бусын гэмээр эрч хүч мэдрэгдэж байсан бөгөөд хамгийн сүүлд хэзээ амьдрах хүслээр ингэж их бялхаж байснаа санахгүй л байв , түүний хажуугаар дахин шинэ зүйлийг олж илрүүлэх гэсэн бодол зүрхийг минь баяр хөөрөөр дүүргэнэ.  Мэдэх тусам орчлон өөрөөр харагддаг тэр мэдрэмжийг ямар их санаснаа улам ойлгож байв . Хуучин байшингийн хүү өөртөө ямар нэг хүч агуулж байгаагаас гарцаагүй боллоо шүү.

Тэр өдөр би өөрийнхөө далд хийсэн зургийн хэрэгслийг гаргаж ирлээ . Бийрнүүд маань амь орон ёолох шиг л санагдана , олон сар гар ч хүрэлгүй орхисны дараа дахин тэднийг атгахад үггүйгээр ч бие биенийгээ ойлгодог он удаан жилүүдийг хамтдаа туулсан хосууд шиг л. Уран зургийн ангид 2 жил сурсны эцэст багш нар болоод бусад оюутнууд миний зургуудыг хэзээ ч ойлгож хүлээж авахгүйг мэдээд сургуулиа орхисон билээ . Тэр мөчөөс эхлэн нэгэн нэгэнтэйгээ ижилхэн хоосон өдөр хоногууд өнгөрөн , энэ өдрийг хүртэл би гэдэг хүн хүсэл мөрөөдлийнхөө завинаас уначихсан хүн шиг л хэсэг хэсүүчилж явсан юм . Бийрээ атган , дэлгээстэй тавиурынхаа өмнө тухлан суухдаа би юу зурахаа шууд л шийдлээ , мэдээж ийм зүйл хийх урам зориг өгсөн тэр хүүг л зурна . Дэлгэж тавьсан том гэгчийн зотонг өнгө будаг алагласан болгоход цөөн бус хоног шаардсан , энэ хоногуудад би өглөө бүр түүнийг харахаар явсаар байв. Гэхдээ тэр хугацаанд байшинд ороогүй ээ , одойгоо бас аваагүй , нэрийг нь мэдээгүй , зүгээр л очоод амьдарч байгааг нь , уншиж байгааг нь хардаг байв .

Битгий дуусаасай гэх тусам дандаа хурдан дуусдаг тийм үү ? , нэг л мэдэхэд миний бүтээл дуусах тун дөхсөн байлаа .  Зураг маань ч надад таалагдаж байв . Тоосны ширхэг нь хүртэл харагдсан гэрэлт өрөөнд ганцаархнаа суугаад бодолд автсан хүүгийн зураг , ганцхан түүний өрөө нь хүний гараар бүтээсэн байшин биш харин байгаль өөрөө түүнд зориулан урласан юм уу гэмээр харагдана . Өрөөнийх нь хана бүр ургаа мод , тэдгээрээс салаалсан мөчирнүүд хана даган дуулгавартай ургана , навч нь харин үзэсгэлэнтэй ханан цаас гэлтэй , эгц дээрээс нь гэрэл орох ганцхан нүхтэй бөгөөд түүгээр орох нарны гэрэл яг уншиж буй номнууд дээр нь тусч байхаар юм . Гэтэл миний алдаа тодоос тод гарч ирэх нь тэр . Анхандаа түүнийг доош харснаар биш наашаа яг над руу харж байгаагаар зурахаар шийдсэн юм л даа , гэтэл би нүдийг хараагүй шүү дээ . Нүдийг нь харахгүйгээр энэ зураг хэзээ ч амилахгүй .  Маргааш очихдоо нүдийг нь харж чадах болов уу .

Яг очдог цагтаа очих учиртай учир нь өөр цагт бол анх харсантай адиаар харагдахгүй байхвий гэхээс айж байлаа . Хэн болохыг нь мэдэхийг ямар их хүсч байсан шигээ бас халдаж боломгүй тэр орчинд нь орж зүрхлэхгүй хэвээрээ л байх болно гэдгээ бас мэдэж байв . Түүнд надад байхгүй нэг маш том зүйл байдаг –тэвчээртэй анхааралтай байдал . Өөр олон хүнд байхгүй бүр том зүйл байна , хийж байгаа зүйлдээ тууштай хандах. Нилээд хэдэн хором өнгөрсний дараа би дотроо аяархан түүнийг дуудаж эхэллээ , итгэж найдсандаа л тэр . “Дээшээ хар , дээшээ хараач дээ ”. Би түүнийг энгийн биш хүн , ид шидийн нэг хэсэг гэдгийг мэдээд байсан юм аа . Энэтхэгийн бурхан Кришнаг өсгөж байсан эмэгтэй нэг удаа түүнийг шороо идсэн хэмээн загнаж л дээ , тэгээд амаа ангайхыг шаардаад ангайхад нь өөрөө гайхшралд автан хэсэг хугацаанд алмайран зогссон гэдэг . Учир нь Кришнагийн аманд тэрээр бүхэл ертөнц , гараг эрхсүүдийг , далай тэнгисийг гээд энэ хорвоо дэлхий дээр юуг ч үлдээлгүйгээр , бүр өөрийг нь хүртэл багтааснаар бодь ертөнцийг тэр чигээр нь олж харсан гэлцдэг . Харин би түүний нүдэнд итгэл найдвар , хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэсэн чин үнэнч байдал , худалд хуурмагт автаагүй үнэн сэтгэлийг олж харсан юм . Дуу ч гаргаж чадалгүйгээр тэр дүр зургийг л сэтгэлдээ тод буулгаж авахыг оролдож байв . Гэрийн зүг хар эрчээрээ гүйхдээ дотны хүнээсээ салж байгаа мэт л сэтгэл минь тогтворгүй байсан нь хожим болох зүйлийг зөгнөсөн хэрэг болж таарсан юм .

Би зургаа дуусгасны маргааш өглөө хуучин байшиндаа очиход тэнд хэн ч байгаагүй . Хамгийн хачирхалтай нь түүнийг байхгүй гэдгийг би ирэхээсээ өмнө сайн мэдэж байв , байшин нь л ганцаараа үлдэж . Энэ удаад дотогш ороход минь надад юу ч саад болохгүй .  Гаднаа жижигхээн мөртлөө дотроо тийм саруулхан байж болдог барилгыг би лав мэдэхгүй ээ , танихгүй хүүгийн сууж байсан газар суугаад хойш налан хэвтэхэд би энэ байшинд хэдий л бол хэдий удаан байж болох зөвшөөрөл авсан эзэн шиг нь л мэдрэв . Магадгүй мөрөөдлөө дагахад тусалдаг байшин ч байж мэднэ шүү. Тэгээд л би нүүж ирэхээр шийдсэн юм даа . Гэртээ очоод зөвхөн будагнууд , зургийн тавиур , цаас , зотонгуудаа аваад гарч байхад цэцэрлэгт маань танил төрх зурвас харагдах шиг болоход нь анхааралтай харвал өнөөх тод өнгийн хувцастай алдагдсан одой байв . Тэр эргээд ирчихжээ , эсвэл буцаагаад авчраад тавьчихаж . Би төсөөлсөн үү , эсвэл уг дүрсгүй одой үнэхээр нүдээ ирмэсэн үү , юутай ч энэ бүхэн түүний л зохион байгуулсан зүйл мэт л сэтгэгдэл төрж байв . Юмыг яаж мэдэх вээ , юм бүхэн учир шалтгаантай болдог , үйлдэл бүрийн цаана үр дагавар гэж бий .

Байшиндаа очоод би өөрийгөө нээн нээтлээ , эндээс цааш итгэлтэй урагшлана гэдэгтээ баттай болтлоо суух болно. Магадгүй цонхны цаанаас дараагийн оршин суугч ажиглаж байж ч мэдэх юм . Эсвэл хаалга нээгдэн , номонд дурласан тэр танихгүй хүү өөрийнхөө аяллыг ярьж өгөхөөр ирж ч магад . Юу ч болсон байсан хамаагүй ээ, одоо би хийх ёстой зүйлээ мэднэ . Яг дээрээс минь нар тусан шинэхэн бүтээлийн минь эхлэлийг туяхан цацрагууд нь зурлаа .  
                                                                                                                                       
  
                                                                                                                                        


(Анхных юм чинь сайнаас хол зөрүүтэй гэдгийг нь мэдэж байгаа ч бичиж их таалагдаж байнаа ^^ )