Thursday, August 23, 2012

Шинэ танилууд :) ...

Блогтоо юм бичээгүй удсан чинь бишүүрхээд ч байгаа юм уу :P , харж зөндөө удаан суулаа шд.
Зайрмагтай , энд бичих хэдэн танилуудтай , дурлалтай, хэд хэдэн кинотой ,номын сан гэр хоёрын хооронд өнгөрөөсөн зун цагаа гэж... ^^ Хамгийн сүүлд "Их Хатдын нууц товчоо"- с хойш тэмдэглэл хийгээгүй байна , тэгэхээр шинэ найзуудаа танилцуулъяа  :



              Өвөрмөц бас танил мэдрэмжүүд үлдээсэн "The Bell Jar" . Esther бол Америкийн шилдэг охидын коллежид суралцдаг , төрөл бүрийн тэтгэлэг авч , өөрийн шүлэг ,нийтлэлээрээ шагналуудыг цуглуулдаг , амьдралынхаа 20 дахь жилээ өнгөрөөж буй оюутан охин . Гаднаа хэзээ ч ил гаргадаггүй боловч түүний дотор үргэлжийн зөрчил , сэтгэл доторх өөртэйгөө тэмцэх тулаан өрнөсөөр байдаг. Зуны амралтаараа алдартай сэтгүүлд ажиллаж байх үедээ  Esther-д цаашдаа хэрхэн амьдрах вэ гэсэн асуулт тулж ирнэ. Түүний бүх л анхаарч байсан зүйл нь дараагийн тэтгэлэг , шагналыг авах байсан л болохоос хэзээ ч ажил бас амьдралыг төлөвлөж байсангүй . Бүх хичээлүүдийг төвөггүй давдаг байсан түүний физикийн хичээл нь хүртэл А үнэлгээтэй , Esther бүх зүйлийг хийхийг хүсдэг . Санаандгүй гарсан өөр нэгэн бэрхшээлийн улмаас бүсгүй сэтгэлээр унаж эхэлнэ , тэр нь сүүлдээ галзуугийн эмнэлэгт хэвтэх хэмжээний хүнд хямрал болон хувирдаг . Хамгийн сонирхолтой нь энэ бүх үйл явц маш удаанаар , бүр энэнээс өөрөөр яаж байж болох вэ дээ гэмээр үргэлжилнэ. Надад тэр хямарч байх үе нь сайн ойлгогдож байсан учраас танил мэдрэмжүүд гэж байгаа юм л даа.
Зохиол өөрөө гэнэтийн үйл явдалгүй , ерөнхийдөө Esther-н бодлуудаар илэрхийлэгддэг.
244 хуудастай , 1963 онд хэвлэгдсэн , унших юм бол дараа нь зохиолчийнх нь намтрыг ЗААВАЛ унших хэрэгтэй .





            Хэдэн жилийн өмнө Виржиниа Вүүлф-ийн сүнстэй байшинтай нэг өгүүллэгийг хэд хэдэн удаа уншаад юу ч ойлгоогүй үлдсэнээ санаж байна . Зохиолч өөрийн өвөрмөц, үйл явдал гэхээсээ илүүтэйгээр өөрийн баатруудын сэтгэлзүйг дэлгэн харуулдаг , олонх хүмүүс ойлгохгүй байж мэдэхээр бичдэг энэ байдлаараа өөрийгөө 20-р зууны шилдэг эмэгтэй зохиолчдын нэгт зүй ёсоор багтааж чадсан . "To the Lighthouse " хэмээх энэхүү зохиол нь нэр шигээ тийм өөдрөг уур амьсгалтай байсангүй , харин Рамсейгийн гэр бүлийн болоод тэднийг тойрон хүрээлж буй хүмүүсийн амьдралыг , тэр дундаа дотоод ертөнцүүдийг нь илүү харуулсан байлаа.
Бага хүү Жеймс нь цонхоор харагдах гэрэлт цамхаг руу явахыг маш ихээр хүсч буйгаар зохиол эхэлдэг , тийшээ явах тухай бяцхан ярианаас л тэнд буй хүмүүсийн ямар их ялгаатай бодож сэтгэж , мэдэрч буйг харж болно.
        Хатагтай Рамсей тун үзэсгэлэнтэй бүсгүй байсан бөгөөд олон газраар аялахыг хүсдэг байсан , одоо харин 8 хүүхдийн ээж , гэрийн эзэгтэй. Ноён Рамсей залуудаа ирээдүйтэй философич гэгдэж байсан ба зөрөг замаар тайван алхаж хаашаа ч хамаагүй яван одохыг хүсдэг , үүнийгээ мартсан нь дээр , тэр одоо 8 хүүхдийн аав шүү дээ. Энэ мэтээр бүх л хүмүүсийнх нь бодлуудаар дүүрсэн , бас л өвөрмөц ном. ( Өгүүлбэрүүд нь ассссар урт :P , зарим хэсэгт юу уншиж байгаагаа ч мартмаар )
209 хуудастай , 1927 онд анх хэвлэгдсэн .



           Life of Pi by Yann Martel . Хэрэв хүн бурханд итгэдэг байвал аль нэг шашныг сонгож шүтдэг л байж таарна , тийм үү ? Хэрэв үгүй гэж бодож байвал та Пи Пателтай адилхан бодолтой юм байна. Түүнд бол итгэл үнэмшил нь чухал болохоос аль нэг шашинд байх нь тийм ч чухал биш гэж бодогдоно , тиймээс ч гурван шашны гурван өөр бурхдад итгэж , өдөрт гурван өөр мөргөл үйлддэг.
         Тэнгэрт хэдэн үндэстэн байдаг вэ гэж тэр ээжээсээ асууна , цорын ганц , тэгвэл тийшээ орох пасспорт нь ч гэсэн яагаад нэг байхгүй гэж?  Пи амьтны хүрээлэнгийн эзний хүү , бүх л насаараа төрөл бүрийн амьтдын дэргэд амьдарч,тэдний ааш араншинг нь чамгүй сайн мэддэг болсон. Нэг удаа аав нь Бенгал барны тор руу дагуулж очоод уг бар хэрхэн ямааны амь тасалж байгааг харуулдаг , харин Пи-д энэ аварга араатантай хувь заяа , амьд явах эсэх нь холбогдох тухай тэр үед ямар ч төсөөлөл байсангүй. Хамгийн цөхөрмөөр үед ч гэсэн хүн амьд явах хүслээ гээж чаддаггүйг харуулсан , бас амьтдын тухай тэр тусмаа Бенгал барын тухай мэдлэгтэй болгосон сайхан ном байлаа . Piscine Molitor Patel .
356 хуудастай , 2001 онд хэвлэгджээ.


       Fahrenheit 451 by Ray Bradbury . Фаренгейтийн 451 градус бол номын хуудас шатаж эхлэх температур юм. Ирээдүйн тухай төсөөлсөн ном зохиолууд өчнөөн бий , тэр тусмаа орчин үед бол бүх зүйлс нь буруугаар эргэсэн төгс ертөнцийн тухай зохиолууд буюу dystopian novels газар аваад байгаа . Тэдгээрийн арай дээр үеийн хувилбар бол Фаренгейт 451. 1953 онд хэвлэгдэж байсан уг зохиол тэрхэн үедээ шуугиан тарьж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хүмүүс ном уншихаа ер больсон бөгөөд , гал унтраагчдын ажил галыг унтраах биш харин гэртээ ном хадгалж буй хүмүүсийг илрүүлж номнуудыг нь шатаан , өөрсдийг нь баривчлах болон хувирсан байдаг. Гол дүр Монтаг тийм галын ажилтан бөгөөд амьдралд нь Кларисс хэмээх охин гарч ирэх хүртэл эдгээр үйл ажиллагааны тухай хэзээ ч бодож байгаагүй байдаг. Кларисс их боддог , эргэн тойрноо анзаардаг , нар , бороо , өвсийг харах дуртай учраас энгийн биш гэгдэж сургуулиасаа хөөгдсөн . Түүний авчирсан өөрчлөлт Монтагийн амьдралыг орвонгоор нь өөрчилдөг. Харин Монтаг энэ оюуны доройтолд орсон нийгмийг өөрчилж чадах уу гэдэг л асуулт болон гарч ирнэ.


    Классикууд хааяа бага зэрэг уйтгартай л даа , тэр тусмаа эхлүүлж байхад бол :P Харин Шарлотте Бронтегийн "Жейн Эйр " эхлэлээсээ төгсгөл хүртлээ сонирхолтой байж чаддаг , тун  сайн бичигдсэн. ( унших чадвараа  сайжруулах гэж байгаа бол заавал унших хэрэгтэй). Хэзээний өндөр үнэлгээтэй энд тэндхийн жагсаалтны дээгүүрт бичигддэг уг номыг нээх тоож харахгүй явж байгаад энэ зун бараг л өөрийгөө хүчилж байж эхлүүлсээд үнэлгээ нь буруу биш байсныг ойлголоо  :) .  Хатагтай Бронте өөрийн зохиолын үйл явдлаа зүгээр энгийн байлгахыг хүсээгүй нь илт , хайр дурлалын сэдэвтэй бусад зохиолуудаас ялгаатай нь олон жил хадгалсан нууцууд , учир битүүлэг хэргүүд дүүрэн байна. Түүнд хамгийн их нэр хүнд авчирсан ном бөгөөд өөрийн амьдралд тохиолдсон зүйлсүүдээс их шингээсэн нь харагддаг . Ер нь ном уншиж дуусаад зохиолчийнх нь намтрыг уншдаг болчихоод байгаа , үйл явдалтай нь холбоотой олж илрүүлэх тохиолдол цөөнгүй шүү.
Монгол хэл дээр орчуулагдсан байдаг бол орчуулагчийнх нь ур чадвар үнэхээр биширмээр байж таарна , уншихад ч ядармаар өгүүлбэрүүдийг орчуулна гэдэг бол нөр их ажил болох байх даа  .

Үргэлжлэл бий ... ^^


1 comment: