Tuesday, December 10, 2013

Хонгилууд

Хонгилууд, коридорууд их учиртай. Эхлэл нь төгсгөлтэйгээ нүдэнд ил байдаг болохоор тэгдэг юм болов уу? Коридорт их юм болноо. Коридорын иргэд ч хоорондоо их төстэй. Хааяа их инээсэн хүмүүс зөрж өнгөрдөг өдөр байхад, хааяа зөвхөн шал л харагддаг.

Гол нь хүмүүстээ биш, коридорт явж байхад тохиолддог зүйлс байна. Энэ дотор. Хаанаас гарч ирсэн юм дээ гэмээр хачин бодлууд орж ирнэ. Тэдгээр нь асуултаар биш, гайхширсан байдлаар биш зүгээр л паннн гээд л ороод ирдэгийн. Detachment дээр Adrian самбарын өмнө зогсож байгаад ингэж асуудаг: "Та нарын хэд нь хонгилоор алхаж явахдаа ямар нэг зүйл цээжин дээр чинь дарж байгаа мэт санагддаг вэ" гэж. Тэгэхэд ангид байсан бүх хүүхэд гараа өргөдөг. Яагаад заавал коридор гэсэн юм бол? Магадгүй зөрөөд өнгөрч байгаа хүмүүс инээж байгаа учраас өөрийгөө илүү азгүй амьтан гэж мэдэрдэг байж болох л юм. Эсвэл булан тойрохгүй, юм мөргөчихвий гэж бодохгүй байгаа учраас санааа зоволтгүй өөрийнхөө тухай боддог ч байж болох. Өөрийнхөө тухай бодохоор л өнөөх зүйл цээжин дээр дарж эхлэнэ. 

Минийх харин дарамт шиг мэдрэмж биш л дээ. More likely blending into the crowd. Өнөөдөржингөө толгойд ингэж эргэлдээд: "happiness is being sucked out of me" гэж :P Тэгээд л нэг л энергиэ алдсан хүн л хүмүүс дунд хурдан хурдан алхаад л. Сүүлийн үед энэ толгой коридороор явж байхдаа бүр л хачин ажиллаад байх шиг байхын. Хүмүүс яг хүмүүс шиг биш. Өөрсөддөө нэг нэг түүх нуусан тагнуулын ажилчид шиг. Харж байгаад л энэ хүний түүх юм бол доо гэж бодоод л, эсвэл ямар нэг зүйл хайгаад ч байгаа юм шиг. Хайж байгаа зүйл маань коридорын иргэдэд байхгүйг мэдэж байсан ч гэсэн хайгаад л. 

Сүүлийн хэдэн жил өөртэйгөө ярихдаа дандаа англиар ярьж байх гэж хичээж байсын. Хааяа хүнтэй юм ярьж байгааад хэл солигдож байгаа юм шиг л толгойд янз бүрийн хэрэггүй зүйлс орж ирнэ. Ингээд төсөөлөхөөр их инээдтэй байгаа юм даа, хүмүүс хоорондоо яриад л, инээлдээд л, дунд нь нэг хүн тэд нарын тухай англи дээр бодонгоо тагнуулдаж байна гэж бодвол :D Ядаж бүгд өнгөрсөн цаг дээр гээч. Нэг номын хэсэг дунд л орчихсон юм шиг. Сонирхолтой зүйлс ч их байна шүү. Төөрсөн цахлайны сургуулийн амьдрал аа гэж..

Sunday, December 1, 2013

Талархал.

Өдөрт зуу зуун хүн холхин өнгөрдөг хонгилон гарцны хана налан хар цувтай охин зогсоно. Хана нь харин цагаан юм. Олон нийтийн газрын хана гэхэд итгэмээргүй цагаан ханан дээрх толбо шиг тод харагдах тэр охин чимээгүй хүлээн зогссоор удаан хугацаа өнгөрчээ. Цаг өнгөрөх тусам цув нь гандана, аажмаар саарал болно. Уусах гэдэг амархан, мартах ч бас тийм. Анх энд яах гэж зогсож эхэлснээ мартчихсан болохоор удалгүй өөрийгөө хэн гэдгийг ч санахад бэрх болж эхэлнэ.

Зөрөн өнгөрөх хүмүүсийн сонжсон харцнаас хэзээ ч дальдардаггүй үе байсан. Тэр үед, тод, хар, бас зориг зүрхтэй байж. Харин сааралтаж эхлэхэд танихгүй, бөөгнөрсөн хүн сүргийн харцнууд улам гадуурхангуй, бас шүүмжилсэн болж ирнэ. Сонин юм шүү, хар байхад нь тоодоггүй байсан атлаа саарал болоход ингэж байх гэж. Саарал охин өдөр бүр айна, юм бүхнээс, хүн бүхнээс, бодож сэтгэж байгаагаасаа хүртэл айна. Айх бүрт нь өнгө нь илүү тунгалаг болсоор, хананаас тодорсон саарал биш хананд өлгөсөн саарал хөшиг шиг л болжээ. Охин бүдгэрсээр, бүдгэрсээр, шүүмжлэн хардаг байсан нөгөө харцнууд зовнисон болж эхэлж, хонгилыг эзэнгүй болгохыг тэд хүссэнгүй. Хэнд ч тус болдоггүй, хэнтэй ч ярьдаггүй тэр бүсгүйд зөрөн өнгөрөгсдийн сүрэг дассанаа тэгэхэд олж мэдэв.

Нэг л өдөр алга болох байсан. Холын холоос тэр хүн гарч ирээгүй бол. Өөрийгөө 2000 жилийн настай гээд, Афинд амьдарч байсан тухайгаа хэрээ омгийн ахлагчтай зүүдний тухай ярилцсантайгаа зэрэгцүүлэн ярьж өгөөд, саарлаас "чи харин энд яагаад зогсож байгаа вэ" гэж асуугаагүй бол...

Хар цувтай охин өнөөдөр хөх харагдаж байна. Тэр өчигдөр цагаан, бидний санахаар хэсэгхэн хугацааны өмнө улаан байсан. Харин түүнийг хараад өнгийг нь та бараг л анзаарахгүй болов уу, учир нь цоо шинэ зүйл, өмнө нь огт байгаагүй зүйл хонгилын хананд үүрд зогссон танилд маань нэмэгдсэн нь тэр одоо тэнгэр өөр ширтээд инээмсэглэж байна. Төөнөх харцнууд одоо огт хамаагүй. Ханын өнгө ч, цувны өнгө ч хамаагүй. Тээээр дээр, шувуудын гэрт, бүх юм тунгалаг, гүн цэнхэр... 

Monday, October 28, 2013

Хашгираан цээжин дотор цуурайтна. Үүрийн аниргүйд түгэх хашгираан. 
Үгс гол зуран залгигдана. Ийм үүрээр бүх зүйл дотогшоо л, бүр гүн рүү л, ёроолгүй хавцал руу гулссаар, алга болсоор. 
Ирж байгаа энэ нар яагаад ч юм шаргал биш хөх туяа цацруулах гэж байгаа мэт. 
Үгс залгигдсаар, залгигдсаар. 
Өнөөдөр би түүнд үг хэлж чадах болов уу. 

Saturday, October 26, 2013

Хүн байж. Үүнийгээ мартчихсан явжээ. Өөрийгөө хүндлэх сэтгэл байхгүй болох үед аажмаар хүн гэдгээ нэг их санахаа больж эхэлдэг. Өөр хүнд дургүйцсан сэтгэлээ илэрхийлж болно-уурлана, ярилцана, захиа бичнэ, эсвэл харицаагаа таслана. Тэр үл тоосон, үзэн ядсан сэтгэл өөрт чиглэхэд хийж чадах зүйл их цөөхөн дөө, тун цөөхөн. Ийм байдлаас эдгэрэхэд, эргээд сэтгэл дотроо хүндлэл бий болгоход хугацаа, хөдөлмөр шаарддаг. Харин хүч гаргаж чадвал, алдаагаа уучилж чадахаар болох үед, яг дотор гэрэл асч байгаа юм шиг :) Тэнэг алдаа гаргасан гэдгээ ирээдүйд байгаа өөртөө бүрэн хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу, тэгэхээр өөдөөс за яахав одооноос эхлээд сайн байх юм бол дахиж итгэж болох л юм гэж хэлж байгаан :) 

Жаргалтай байх, тайван амьдрах гэдэг чинь, багахан туршлага, ахархан ухаандаа үндэслэн дүгнэж үзэхэд бодож хэлж, хийж байгаа зүйлсдээ гуйвшгүй итгэлтэй, өөрийнхөө dignity гэж тэр зүйлийг "өөртөө" алдахгүй явах юм байна. Бусад нь яахав ээ, хичнээн loser гэж хэлүүлсэн ч яахав, дотроо байгаа галаа л бөхөөхгүй явъя одооноос. Яг унтрахаа шахаад бүр бүдэгхэн болчихсон байсан :l Өөртөө галтай хүн л бусдад гал түгээнэ. Тэрнээс юу ч мөчир барьчихаад хүн амьтанд гэрэл түгээх гээд явна ч гэж юу байхав. 

Tuesday, October 22, 2013

Remembrance of things..

I
Өнгөрөн одохуй өнгөрөн одохуй. Өнгөрөөд л явчих юм бол дасч үгүйлэх хэрэг юу байна. Өнгөрөөд орхиод одох юм бол харамлах хэрэг ч бас юу байна. Нэгэнт өнгөрөөд алга болоод тоосонд дарагдаж хэнд ч хэрэггүй болох зүйлсийн төлөө бусдыг шархлуулах хэрэг бас бүр ч алга. Цаг цаг цаг. Өнгөрч буйд нь мэлмэрэн харуусах амнууд хаа сайгүй. Үнэндээ хажуугаар шунгинан өнгөрөх дууг нь сонссон нь цөөхөн. Угаасаа л бидний ам бодолтойгоо бага холбоотой байдаг юм хойно доо. Дуусна гэж мэдэж байгаа зүйл сайхан байдаг уу? Гэтэл бүр үхлээс ч зугтан гардаг, үлдэж хоцордог зүйлс байдгийг зах зухаас нь ойлгож л байна.

Tuesday, July 16, 2013

Нэг тийм гэнэтийн шал хэрэггүй мөртлөө, бас хэрэгтэй бодол төрлөө л дөө.

1. 9 цагт идсэн хоол, индүүдэх хувцаснуудаа овоолж тавиул надаас хамаагүй өндөр болох тухай, гэрээ цэвэрлээгүй, яг одоо орон дээр минь тайлж шидсэн цамц өмд 2, "Will Grayson, Will Grayson" нэртэй ижил хүйстэн залуу, бас нэг хүмүүстэй энгийн харилцаатай байх асуудалтай залуу хоёрын тухай ном уншаад сууж байгаагаа, өглөө эрт ажилтай, уншихгүй гэж мэдсэн үедээ л хэлэх үгээ бичиж чадаж байгаа аймхай байдлынхаа тухай бодвол нэг талаас би ер нь юу хийгээд байгаан бол гэж бодмоор.

2. Яг эсрэгээрээ.
Оройтож ирээд залхуураагүй хийж идсэн хоол. Хаа холын, бүр оршиж байх үгүй нь ч, үхэж байх үгүй нь ч надад ямар ч хамаагүй байх байсан John Green хэмээх зохиолчоор дамжуулан Evanston-д сурдаг Tiny-н ертөнцөөр алхаж байгаагаа. Намайг сонсохгүй гэж мэдсэн ч гэсэн сонсуулах зүйлтэй хэн нэгэн байгаад. Бас өглөө яарч очих газар байгаа тухайд. Тэгээд хамгийн гол нь амьсгалаад, энийг одоо бичиж сууж байгаад.
нэг их сонин баярласан мэдрэмжинд автчихлаа. Ер нь яг тайлбарлаад хэлэхээр бага зэрэг хачин л юм байна, мэдрэмж нь бол их дажгүй. Зүгээр л нэг гоё мэдрэмжийг л гаргаж тайлбарлана гэж л амархан биш юм өө.

амьд байгаадаа баярлаж байна гэх нь ч бас хаашаа юм. харин тохиолдож болох зүйлсийн боломжуудад сэтгэл хөдөлсөн,замбараагүй үймсэн байдал дундаас гэнэт дуртай дуугаа олж сонсож байгаа юм шиг.
тэгээд бас эд нар бүгдээрээ миний толгойд байхдаа хамаагүй дээр сонсогддог :P, ирээдүйд толгойгоо USB холбогчоор холбоод тэр нь шууд үг болж бичигддэг төхөөрөмж гарч ирэх юм бол туршиж үзнээ ямар юм болохнуу. тэгсэн чинь яг ижилхэн юм бичигднээ аягүй бол.
Бичихээр нэг л илүү "уянгын халилтай" болоод байхын. Илүү нэг л бөмбөлгөн дунд суугаад цэцэгний тухай бичиж байгаа юм шиг сонсогдоод. Бөмбөгдүүлчихсэн юм шиг өрөөндөө сууж байгаам чинь ялгаагүй ч юм уу. Өрөөгөө цэвэрлэхээс.


Friday, July 12, 2013

Далавчаа дэлгээд үзүүр хүртэл нь л боддог, нүдээ таглаад цаашаа юу болохыг нь харахыг хүсдэггүй цахлай... Тэнгэр өөд, огторгуй өөд бодол минь дүүлэн нисдэг гэж хэлэхгүй ээ, тийм яруу мэдрэмжинд автатлаа магадгүй дахин хичнээн хол нисэх хэрэгтэйг ч хэлж мэдэхгүй нь. Ухаантай байхыг хүснэ. Далавчныхаа үзүүрээс холыг харж, өднийхөө өнгө үзэмжнээс илүүд анхаарахсан гэж.

Өчүүхэн бодолтой амьдрахад ганц давуу тал гэж бий. Царсны орой дээр тухлан суугаад ид шидийн үлгэрүүд, хорвоо ертөнцийн хамаг сонин хачныг хамж ярьдаг гурван зуун жил насалсан мэргэн хэрээ биш байхад сайхан зүйл гэж нэг байдаг юм. Бүхнийг мэдэгч хэрээ нарыг хараад гараг эрхэс дундах ердийн нэг гэрэлт улаан оч гэж боддог бол би түүнийг амьдрал гэж хардаг. Нарны илчинд биеэ ээгээд урагшлах бүртээ би өөрийгөө хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй дүүлэн нисэхийн жаргалыг бусдадаа зааж чадна гэж итгэдэг.

Мэргэн хэрээ нарыг хэний ч төлөө оршоогүй, ердөө л сөнөх өдрөө хүлээж буйг мэддэг, нар өөрийг нь амьд үгүй байгаад огт анхаарал хандуулахгүй гэдгийг ойлгоод тоомжиргүй нүдээр тэнгэр өөд нүүрээ харуулдаг байхад ухаан муутай цахлай харин түүнийг өөрийнхөө төлөө өглөө нь мандаж, замыг нь заадаг гэж бат итгэдэг.

Хэрээтэй уулзаад дараа нь би ингэж асууна. ""Та түүнд хайртай юу?" гэж. Нарыг ингэж хайрладаг эсэхийг нь асуугаад юу гэж хариулахаас нь үл хамааран нүд рүү нь яг эгцэлж хараад "Би наранд маш их хайртай" гэнэ дээ. Мөрөөдөгч цахлай дараа нь хүүхдүүдээ тойруулж суулгаад нар хэрхэн түүнийг хөтөлж хүрэх газар нь аваачсаныг хэлнэ. Энэ үед тэд ч бас нарны түүхийг үнэн гэж итгэж эхлэх бий вий.

Үүнийг бичигч галзуурсан байж магадгүй. Анхнаасаа ч галзуу байсан байж мэднэ. Чамайг, тэднийг, бас өөрийгөө сэтгэлдээ галдаа яваасай л гэж хүснэ. Тэр гал нь нар байж, яг одоо хажууд чинь суугаад гэрэлтэж байгаа хүн байж, бүр алс холоос үгс дундаа гэрэл нуугаад илгээдэг хүн ч байж болно. Эсвэл нэг ном ч байж болно шүү дээ. Тэнэг ч бай, над шиг алсыг харж чадахаа больсон ч бай, бодоход сэтгэл догдолдог, тэмүүлэлд хөтөлдөг тийм зүйлтэй, хүнтэй байх л. Өөрийнхөө дотор галтай байх сайхан. Бусдын дотор оч цахиулж чаддаг байх бүр ч...  

.галтай л амьдрахсан.

Tuesday, June 18, 2013

...

                                                               Raspberry Red Bird by Catherina Turk
Утсан дээр гурван цэг тогтжээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй гурван цэг нарийхан утсан дээр тогтоод уначихгүйг хичээнэ. Гурван цэгийн дэргэд болжмор ирж суулаа. Утас уг нь болжмор сууж байвал л илүү зохих юм байна, гурван цэгэнд огт биш. Болжморын оршиж байгаа нь, гурван цэгийн арайхийн тогтож байгаагаас огт өөр. Арга ч үгүй л дээ, тэдний оршино ч гэж юу ч байхав. Дуусахгүйн дуусашгүй дүр төрх юм чинь.

Болжмор тэднийг хэсэг сонирхож байгаад нисээд явчихав. Ийм уйтгартай газар, ийм уйтгартай гурван цэгийг утаснаас дүүжлэгдэхийг хараад суух хүн надаас өөр үлдсэнгүй. Гэнэт тэднийг сэгсэрмээр санагдав. Сэгсэрч унагаагаад хүн хараагүй байгаа дээр хаа нэгтээ хол шидэж орхиод утсан дээр анхнаасаа юу ч үлдээгүй гэж өөртөө итгүүлэхсэн гэж бодоод инээмсэглэнэ.

Харагдахгүй шахам тэр утсан дээр нуугдаж үлдсэн гурван бүтэлгүй цэгийг хамаг хүчээрээ сэгсэртэл,,үсэрч наалдсан газар нь миний уруул байж таарч. Ягаан уруул дээр тогтсон гурван хар цэг. Тэдний ярихгүй юм гэж үгүй. Ярих тусам нь уруул минь цуцаж улам чимээгүй, улам аяархан руу замхран алга болно.

Харилцуурын цаана хэн нэгэн утсаа салгах мөчид уруулын минь хүлээс болж хувирсан гурван цэг сая намайг чөлөөлнө. Миний үгс биш юм шүү, тэд л зогсоо зайгүй утга учиргүй, ойлгогдохгүйгээр үглэсээр байсан юм. Би арай ч тийм үгс хэлэхгүй.
Ганцхан бичихэд л. Үгс уруулаар минь биш, сэтгэлээр минь дамжин гарахад л би ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ. Үгүй ч байж магадгүй. Энэ эргэлзээг үү.., тэднээс л болж байгаа юм.


Monday, May 27, 2013

Recharging the batteries!

         Батерей дуусч, улаанаар анивчаад хэдэн долоо хоног өнгөрчээ. Хүмүүсийн дунд хэт удаан байсан гэсэн үг. Инээмсэглэсэн царайнууд, эелдэг хүмүүс дунд ийм удаан байхад аяндаа нүдэнд биш уруулд инээмсэглэл тодорч, зүрх чинь яръя гээгүй байхад ам чинь түрүүлж хөдөлж эхэлнэ. Цэнэг авах цаггүй гүйсээр гүйсээр над шиг хүмүүс сүүлдээ мэдрэмж ч үгүй, сэтгэл ч үгүй болоод, тэгээд, яаж өөрийгөө цэнэглэдэг тухайгаа мартчихдаг байх даа. Мартаагүй байгаа дээрээ цэнэгээ авах минь.
       
Нарийн мэдрэмж шаардсан урлагийн бүтээл байх нь :P
          Хүмүүсийг үзэн ядагч биш, мисантропуудад хайрлах мэдрэмж байхгүй болоод л тэгэж хэлүүлж байгаа байх гэж боддог шд. Нийгэмд үл зохицогч, ганцаараа дэлхий дээр үлдчих юмсан гэж боддог этгээд ч биш, хааяадаа хүмүүс дунд байх зүгээр л байдаг. Харин хамаг эрч хүч, цэнэг л дуусчихаад байхын, ганцаараа байх цаг минь байхгүй болчихоор. Ммхан, хүмүүсийн цэнэг олж авах арга нь хүртэл өөр шүү дээ.

          Муракамигийн дахиад нэг ном эхэлчихсээн. Тэрэн дээр нэг бүсгүй гэрлэхээсээ хэдэн өдрийн өмнө ажлын газрынхаа залуугаар гэртээ хүргүүлэхдээ өөрийг нь тэврээч гэж гуйдаг, биед нь ямар ч electricity (энэ үг яагаад ч юм эмэгтэйн мэдрэмжийг тайлбарлахад тохиромжгүй юм шиг сонсогдоод байгаан ) байхгүй учраас цэнэг авахын тулд тэврүүлмээр байна гэж тайлбарладагийн. Үлдээх гэсэн арга биш жинхнээсээ гуйж байна гэж итгээд залуу тэвэрч өгч тайвшруулаад гэртээ харина, эхнэртээ тэгээд үнэнээ хэлдэг байхгүй юу, асар үнэмшмээргүй, утгагүй сонсогддог юм байгаа биз дээ, за энэ 2 ч яахав, хүмүүсийн хүч авдаг аргууд нь ийм өөр байгаад байгаа юмаа гэж хэлэх гээд л.

          Уншаад л, бичээд л, салхинд суугаад, шилээ зүүгээд, дүүтэйгээ ингэж цэцэг зулгаасан шигээ л инээмсэглэх гэж оролдохгүй зүгээр л энэ чинь л би шүү дээ гэсэн царай гаргаад хэд хоног амрая даа. Юм бодох хүртэл ядаргаатай санагддаг үе гэж байдаг л юм байна. Хямарсан сэтгэл төрөх хүртэл ядаргаатай байгаа юм чинь :P . Би гэж зүгээр л нэг дун болж орхиод, мэдрэмж ч байхгүй, бодол ч байхгүй, хөдлөх дургүй нь хүртлээ хэзээ юу нь хэрэг болох нь мэдэгдэхгүй хичээлтэй зууралджээ.. хэрэндээ л сэтгэлээ зориулж хийх гэж оролдсон юмсан. Аягүй бол дун ч надаас илүү сэтгэл хөдлөлтэй байгаа байх дөө.

      Аа тийн, хөөргөдөг зуланд наах хүслээ бодож бодож, яг ганц чухлыг бичээд, хэнд ч итгэж байгаан мэдэхгүй нисгэх гэж байсан чинь нөгөөх нь шатчихдагийн, инээд ч хүрэх шиг, юу ч бодож тийм юм хийж яваа хүн юм бол мэдэхгүй, өөрийгөө Рапунзел гээд бодчихсон явж байсаан аягүй бол. Өөрсөддөө бүр итгэхээ болихоороо тэрнийгээ  юун дээр ч юм бэ бичээд хаашаа ч юм бэ нисгэчихвэл пшшшт гээд биелнэ гэж боддог л хүмүүс юм дөө бид нар ч.

Saturday, May 4, 2013

Edelweiss..

        Галерей үзсэн. Гарч яваад керамикаар хийсэн зүйлс зардаг жижигхэн дэлгүүрээс цагаан уул цэцэгний дүрстэй зүүлт аваад. Худалдагч эгч нь наад чинь тийм бэлгэдэлтэй байхгүй юу гээд л хэлж байна. Аан л гэж бодоод нээх тоосончгүй. Харин зүүгээд явж байхад нэг тийм ер бусын эрдэнэстэй болчихсон юм шиг л баярлаад.

     Энгийн л нэг эд зүйлс байлаа гэж бодоход дурсамж нэмэгдэхэд л онцгой болчихно. Гар хийцийн жижигхэн зүүлт танихгүй эгчийн хэлсэн үгнээс нь болоод л нээрээ л тийм зүйл болох  юм шиг, өөртөө миний мэдэхгүй хүчийг агуулаад байгаа юм шиг болно гэдэг ч...

          Итгэл төрүүлэх ямар нэг зүйл, хүн, үйл явдлыг байнга хайж байдаг. Би ч гэлтгүй бүгдээрээ. Өөрсөддөө шууд тийм шүү гээд бодоод л түүндээ бүрэн итгэж чаддаггүй учраас итгэл найдварыг хаа сайгүй хайна. Амьгүй эд зүйлсийг хүртэл хүчтэй болгож харах гэж оролдоно. Зарим нь зурхайд итгэнэ, мэргэлүүлнэ, эсвэл зүгээр хүнээс асууна.

       Эд зүйлс бидэнтэй ярьж эхлэх үе. Нэг талаас болж байгаа юмнуудад байнга учир шалтгаан холбоо гаргах гэж хүний зан байж болох ч, бас амьдарч байгаагаа илүү мэдрэх гэсэн нэг инээдтэй арга ч юм уу. Нүдний дусаагуур дотно харагдаж, номын сангийн хуучин тавиурууд гуниг төрүүлж, ширээн дээр үлдээсэн хэдэн хуушуур хайр төрүүлж байж болж байхад яагаад тэр зүүлт баяртай мэдрэмжинд автуулж чадахгүй билээ. Гэхдээ л хүний мэдрэмжүүд гэж сонин зүйл байгаа юм шүү...

       Хаа сайгүй л өөртөө байхгүй зүйлсийг хайж байна. Бүр юм бүхнээс. Хүмүүсээс хүртэл. Надаас гарахгүй байгаа тийм зан чанартай, байлгая гээд ч болохгүй байгаа тэвчээрийг, сэтгэлийн тэнхээг өөрсөддөө агуулдаг тийм хүмүүсийг хүндлэх сэтгэл төрдөг. Үнэнч сэтгэлийг бэлгэддэг гэсэн энэ жижигхэн зүүлтийг ч гэсэн хайрлах сэтгэл төрж байна. Эхэлсэн зүйлээсээ эргэж буцъя, шинээр эхлээд бүгдийг нь өөрчлөе гэсэн бодол надад нэг ч байгаагүй юм шүү. Өөртөө ирсэн хайрыг даагаад аятайхан явж чаддаггүй яачихаав дээ гэмээр мангар хүн юм болохоор үүрдийн гэснийг илтгэсэн энэ зүүлтийг нь хадгалаад явж байвал тэр чанар нь дамжиж ч юуны магад.

Monday, April 29, 2013

naughty you, Soul..

                                         (Artist : Thomas C. Fedro)


              Ямар хэлбэртэйг нь, ямар үнэртэйг нь мэдэх гэж аргаа баран сууна. Тодорхой байх тусмаа их сайн юмсан. Харин тэр үл ойлгогдох байдлаараа намайг ороон өдрөөс өдөрт гайхширалыг минь нэмсээр бид одоо нэг нэгнээ бүрэн ойлгохоосоо өнгөрчээ гэж бодмоор. Ойлгогдохгүй түүнийг тодорхой болгох гэсэн оролдлогууд бүтэлгүй болох бүрт түүний хэлбэр өөрчлөгдөж намайг төөрөгдүүлнэ. Яаж ч хичээгээд алганаас бага багаар урссаар дундарчихсан байдаг элс шиг бас ус шиг, гэхдээ түүний хажууд элс бас ус ч тогтвортой санагдана. Сэтгэлээ гэж... Би л тэр сэтгэл чинь байгаа юм байхгүй юу, би гэдэг чинь биежсэн сэтгэл гэсэн үг. Тэгснээ тэр сэтгэлээ, өөрийгөө ил гаргаад ямар санаатай байгааг нь, яаж гэж ингэж бүхнийг бусниулж, тайван биш болгож байж бах нь ханадгийг асуумаар. Тусдаа өөрөө хэлбэртэй бол, барьж аваад нарийхаан урт болгоод, янз бүрийн дүрс хийдэг шаар шиг дуулгавартай болгохсон.

                Болохгүй гэх бүхэн рүү зүтгэнэ, битгий гэж хэлэх бүрт тийшээ нь тэмүүлнэ. Байгаа сайхан бүхнийг нь үгүйсгээд, гуниглахдаа намайг ч бас хамт гунигтай гурван цэг болгож хувиргана. Чамайг би өөрийн чинь дураар орхивол юу болох бол гэж гайхаж байна. Одоо чи хаана байна? Нэг газраа тогтоно гэж байхгүй хаа хаагүй тэнүүчилж, танихгүй нэгний хажууд очоод санаа алдалт болно. Өнгөрсөнд нэг очиж, тэндээсээ тэвэр дүүрэн бодол, ирээдүй рүү нэг харайж яая даа гэмээр их асуултын тэмдэг авчирна. Тийшээ битгий яваарай гээд байхад аль хэдийнэ л очоод суучихсан өрөөний булан дахь модны сүүдэрт хорогдож, дүүрэн горьдлого дагуулж ирээд нойрыг минь хөөж явуулна. Яах вээ би чамайг, сэтгэл минь ..Загас байсан бол урсгал сөрж сэлсээр байгаад хамаг хүч чадлаа барсан, сэрвээгээ гэмтээсэн амьтан болох байж.

                Сэтгэл чамд би тэмдэг нэрүүд тогтоож өгвөл тогтворгүй, тэнүүлч, зөрүүд, эсэргүү гээд бичээд л байвал бичээд л байна. Ганц авах юм нь дулаахан л юм даа. Дотроос төөнөөс дулаацуулдаг чамгүй байсан бол би яах байсан юм бүү мэд... 

Saturday, April 27, 2013

Дурсамжийн орой

                 Бид яагаад бичдэг вэ? Саяхан нэг зохиолч яагаад бичдэг тухайгаа тайлбарласныг уншихад өөрийнхөө юу бодож байгааг олж мэдэхийн тулд, юуг хэрхэн харж байгаагаа тодруулахын тулд бичих замыг сонгосон гэж байсан. Сайхан илэрхийлэл. Юу бодож байгаагаа олж мэдэхийн тулд бичих. Өнөөдөр бодогдож байгаа зүйлс маргааш гэхэд өөр мэдрэмжүүд дарагдаад өндийж ялгарахаа болино. Миний хувьд яадаг ч юм дээ, мартамхай учраа яг энэ цаг үеийн бодлуудаа хадгалж үлдэх гэж бичдэг юм уу.

          Энэ улиралд их завгүй байсан учраас гэрээсээ гараад арван хэдэн цагийн дараа орж ирэх өдөр зөндөө л гарч байна. Эмээтэйгээ олигтой ч юм ярих завгүй өглөө таараад л орой унтаж байхад нь орж ирдэг хүн болж дээ. Сая орой өрөөнд нь цай оруулж өгсөн чинь "Монгол Тулгатны зуун Эрхэм" нэвтрүүлэгт Очирбат гуайн орсон ярилцлагыг үзээд сууж байна. Тэгснээ, бодоод байхад ч би юмны юмны захаас үзсэн хүн байна шүү гэж ирээд л хүүхэд байсан насныхаа тухай зөндөө ярьж, хоёулаа нулимсаа гартал хэсэг инээсэн. Эмээ маань дайны дараахан төрсөн хүүхэд юм байгаан, энд өмнө нь бичсэн ч байж магадгүй, сургуульд сурах гэхэд нь аав ээж хоёр нь малаа хариулахад туслуулах гээд явуулаагүй, харин ахыг нь сургуульд явуулахад уйлаад үлдэж байсан гэсэн. 40өөд оны энгийн ард түмний амьдрал, хятад худалдаачид уран нарийн арга хэрэглэж бараа зарах гэсэн захууд, шороон замаар ганган хөсөг тэргэнд залрах ноёдууд, амттай юм бараг байхгүй үеийн ховор олддог ёотон гээд урьд нь яриулж байгаагүй зүйлс их л ярьж өглөө. Асуувал урьд нь ярьж өгөх ч байсан юм билүү, хүнд нэг дотроо онгойтол юм яримаар үе байдаг, тийм үедээ ганцаараа сууж байх үе их ч таарсан байж магадгүй. Өөрөөсөө бусад хүнийг ганцаарддаг гэж боддоггүй би ч жоохон мангар ч болчихсон юм уу том болсон биш харин.

        Ингээд гоё юмнууд яриулсан чинь би хөгшрөөд ач охиндоо юу ярих вээ гээд л олон юм бодоод эхэлж байгаам даа :P Эмээ бол догшин морь унаж явсан, шувуун хөлтэй хятад бүсгүйчүүдийн хажуугаар нь мөрлөх шахам гарж сахилгүйтдэг байсан тухайгаа ярьж огт өөр үед амьдарч байсан гэдгээ мэдрүүлж байгаа юм. Ямар их зүйл өөрчлөгдөө вээ. Эргэн тойрон дахь зүйлс өөрчлөгдөж болно. Мэдээж тэгэх нь ч эргэлзээгүй. Харин тэр их өөрчлөгдсөн зүйлс дунд хүний гол чанарууд л бага байвал цаг хугацааны шалгарлаар амжилттай амьд гаран үлджээ гэсэн үг. Одоогоос 50 жилийн дараа, энэ үеэ дурсаж суухдаа "Хүмүүс  тэр үед ямар сэтгэл сайхантай, мэдрэмжтэй, ухаалаг байгаа вээ" гэж ярьж суух вий дээ. Заа хүмүүс яах вээ гэхэд би бас өөрөө...

Sunday, April 21, 2013

Эсэн мэнд үлдэгч

           Их "завгүй" байж, бас өөртэйгөө хийсэн сэтгэлзүйн дайны дараа тайвширсан, сүүлийн хэдэн долоо хоногийн турш алга болсон ирээдүй-өөд-урагшлах бодлын оч ассан тул энэ мөчийг тэмдэглэн үлдээх хэрэгтэй. Найзтайгаа зүгээр л ярьж суугаад өөрчлөгдөх зүйл биш байсан учраас эргэн тойрныхондоо юу болоод байгааг хэлэх ч тийм их сонирхол байсангүй. Хэдийгээр  болсон жижигхэн зүйл болгоноос шалтгаалж ирээдүй өөрчлөгдөж байсдаг ч гэсэн заримдаа яг нэг газраа ирээд хөдөлж чадахгүй, амьсгалж чадахгүй, буцаж явах эсвэл урагш алхах чадалгүй болох үе гэж байдаг юм шигээ. Тийм үеүд л хувьсгал гаргаж, өөр зүг рүү зүглэхээр гэнэт шийдсэн хүмүүсийг хөглөсөн байж таарна. Хувьсгал гаргахаар шийдээ юу даа энэ хүн чинь гэвэл үгүй л дээ :)  Ийм учир нь олдохгүй болсон үед л арчаагүй зан гаргаад, аль амарханыг нь сонговол бүх юм дордоноо л гэдгийг сайн ойлгож авлаа. Тусламжийг хүнээс гуйхгүйгээр, ингэж mental breakdown болохдоо яаж ийж байгаад энгийн голидролдоо ороод авахад хамт байгаа хүмүүстээ ч дарамтгүй.

          Би юунаас айгаад байдаг юм мэдэхгүй, дандаа л их айгаад байхын. Айх ч муухай мэдрэмжүүдийн жагсаалтын хамгийн "дажгүй" нь. Өөртөө дургүй хүрэх л хамгийн шаналгаатай. Яг л толгой дээр нэг намайг үзэн яддаг хүн суучихаад хийсэн үйлдэл болгоныг минь өөчлөөд, тэнэгээр минь дуудаад байгаа шиг. Өглөө сэрээд л тэр муугийн муухай үгнүүдээр булагдаж эхэлж байгаа юм чинь. Тэгэхээр яаж ч урам зоригтой байхав дээ. Хүмүүстэй ч яримааргүй санагдана. Ганцаараа л тааз хараад л хэвтээд л баймаар. Юм хийх ч хүсэлгүй болно. Ийм уур хүрмээр байдалтай сар шахуу явлаа, яаж ч ухуулаг хийж, яаж ч сайхан яриа сонсож, ямар ч аргаар шийтгэх гээд болохгүй сүр сүлдгүй болсон, нисэх ч хүсэлгүй болсон цахлайны амьдралаар хэсэг хугацааг өнгөрөөлөө. Тэгэж тэгэж нэг эцэстээ хүрсэн юм байлгүй, одоо ингэж байхаа болихоор шийдсэн. 
           
        Хүч гаргах ёстой цаг мөч гэж тйим тодорхой нэг үе байдаг бол яг одоо л юм шиг ээ. 
        Тэгэхгүй бол энэ цахлай одоо яана даа гэж далайн эрэг дээр хэвтсээр байгаад акуланд удахгүй идүүлж үхэх виий.  

Monday, March 11, 2013

The Boy named "Crow"

           
           Харуки Мураками "Kafka on the Shore " уншсан сэтгэгдэл одоо болтол арилахгүй, хэдхэн цагийн л өмнө дууссан л даа. Бодогдож байгаа нь гэхдээ номын тухай их биш, уншиж байхад төрсөн зүйлс нь л байхын. Энэ санаанууд их чухал ч байж магадгүй. Яг чигээрээ явж байхад өөр тийш залдаг шинэчлэлийн санаа шиг. Үнэндээ шинэчлэл гээд байх юмгүй харин бодож явдаг, итгэж явдаг зүйлс нуран унахад тэд ямар хэврэг байж вэ гэдгийг ойлгосон л хэрэг.Тэгэхдээ бас сүрхий ухаарал гээд байх юмгүй. Нэг л зүйлийг мэдэрсэн нь би өөрийгөө их олон янзаар, өдөрт хичнээн ч удааг тоолж дуусахгүйгээр хуурдаг юм шиг ээ. Хүмүүс худал хуурмаг дунд амьдарч байна, нийгэмд авах юм алга гэж хэлж, бичиж чадахгүй, угаасаа хүмүүсийн амьдралаар амьдарч үзсэн биш би тэдний тухай дүгнэж суух хүн биш. Хамгийн сайн мэддэг хүнээ л хуурч суух утгагүй юм даа.

             Миний ганцаардал үнэндээ ганцаардал биш болчих шиг. Яагаад гэвэл хэзээ ч түүнтэй нүүр тулахаар зориглож байгаагүй. "Би ганцаардаж байна" гэж зарлаж байгаа хүнийг яг үнэндээ жинхэнэ ганцаардлыг мэдэрсэн гэж тооцохгүй ээ. Тийм ган-цаа-раа байна гэдгийг харин Кафка ойн гүнд орохоор шийдсэн алхаж байхдаа, гэрээ орхиод огт танихгүй газар явж байхдаа мэдэрсэн байх ёстой. Номын тухай тэмдэглэл биш учраас Кафкагийн түүхийг их үргэлжлүүлээд хэрэггүй байх. Юутай ч хүн ганцаараа байна гэдэг бол зовж шаналахын нэр биш харин өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн нэг хэсэг. Ганцаараа байгаад, жинхэнэ ганцаараа байгаад, өөрийнхөө дотор байгаа тэр хүнтэй ойлголцож чадах юм бол бусад зүйлс илүү амар болж чадах юм байна гэж бодлоо, үгүй ч байж мэднэ. Энэ тухай өмнө нь уншиж байсан л санагдаж байгаа ч өөрөө ойлгохоос нааш үг гэдэг бас л хүчтэй юм шиг хирнээ тархин дээгүүр минь гулгаад алга болохдоо амархан юм даа. Нэг өгүүлбэр нь нөгөөгөө үгүйсгэсэн бодлууд. Муракамигийн дараа С.Анудар-н "Бүх юм"-ыг уншсан нь байдлыг бүр дордуулсан бололтой. Улам л чимээгүй, улам л нуугдмал, бүр хэнтэй ч ярьж, юунд ч шунамааргүй нэг тийм идэвхгүй хэлбэрт шилжчихсэн.

           Бурхан өөрийн тийм ч цэцэн цэлмэг биш шавь Мёога-д "Чи тийм ч ухаалаг биш учраас сургаал цээжилж чадахгүй юм байна , тиймээс үүдэнд суугаад хүмүүсийн гутлыг өнгөлж өгч бай" гэж захьдаг. Мёога ч багшийнхаа үгэнд орж арван жилийн турш, хорин жилийн турш хүмүүсийн гутлыг уйгагүйгээр цэвэрлэв. Тэгээд тэр нэг л өдөр гэгээрэлд хүрч, Бурхан багшийн хамгийн хүндтэй шавь нарын нэг болсон юм. Ийм нэг жижигхэн түүх гардаг, Кафка дээр, сэтгэлд их хүрсэн. Надтай ижил санагдсан зүйлс сэтгэлд илүү хүрдэг. Хүрч чадахгүй шиг санагдсан зүйлсийнхээ араас хөөцөлдөхөөсөө залхсан юм болов уу. Эсвэл хүрэх учиргүй зүйлсийнхээ хойноос. Шантралт гэхэд арай л тохиромжгүй болчих энэ мэдрэмжийг төөрөгдөл гэсэн нь оновчтой юм уу. Үгүй ч байж мэднэ. Хэрвээ бүх хүн минийх шиг ийм мэдрэмжинд автах юм бол дэлхийн соёл иргэншилтэй, системтэйгээр оршиж байгаа бүх зүйл нуран унах байх даа.
             

Sunday, February 24, 2013

         Мартчихвий гэж бодсон , гэнэт орж ирсэн санааг блогтоо бичдэг байсан тийм зүйл ч тохиолдохоо байж дээ. Их олон сонирхолтой өөрчлөлтүүд ажиглагдаж байна сүүлийн үед. Бүх зүйлийг хөндлөнгийн үүднээс ажиглаж байгаа юм шиг, хойшоо налж суугаад л харж байгаа шиг  хүлээж аваад байгаа юм уу. Нөгөө их сэтгэл хөдлөл хаачсан юм бүү мэд. Эсвэл хэтэрхий их үсчсээр байгаад мэдрэлийн систем маань гэнэтийн сэтгэл санааны өөрчлөлтийн дархлаатай болсон шиг байна.
         Бас нэг таамаглал байгаа нь дотроо юу болоод байгааг ойлгох гэж нэг их хүч гаргахаа больсон ч байж магадгүй. Ийм их шуугианд байгаа хүмүүс яаж өөрсдийгөө сонсдог юм бол. Урсгалаа дагаад алга болж өгөхөд ч амархан юмаа. Өглөө гараад л дуртай дургүй суусан хичээлийн цаг өнгөрч , орой ирээд хэн хүний бичсэн нийтэлсэн хэрүүлээр тархиа дүүргээд амьдарч байвал урсгал дагагч болж байгаагийн энгийн нэг шинж тэмдэг.
       Бусдаас өөр болж харагдах амархан. Бүр жинхнээсээ өөр байх ч амархан. Гэхдээ яах гэж өөр байхыг хүсч байгаа вэ гэдэг бас сонин л асуулт. Өөр байх гэдэг нь өөрөө гадаад орчноос хамаарсан ойлголт юм байна. Урсгал дагахгүй байна гэдгийг өөр байна гэж ойлгодог байснаас л ийм зүйл бичиж байна. Өөр байх үнэхээр амархан шүү.
       Урсгалаар явахгүй байх гэдэг зүгээр л өөрийгөө нээж илрүүл гэсэн үг юм уу. Хүн болгон дотроо өөр гэж улиг болсон атлаа их утга шингээсэн үг байгаа биз. Өөрийгөө олж илрүүлээд тэр нь заавал дэлхийг өөрчлөх хүн биш байж болно. Бүр хэнд ч хэрэггүй, өөртөө л хэрэгтэй хүн байж болно. Тэртэй тэргүй орчлонгийн ямар өчүүхэн хэсэг вэ гэдгээ мэдэх юм чинь.
      Дурлаж чадах зүйлээ л олъё, хийхийг хүссэн зүйлсээ хийж эхэлнэ.
       Өдөрт 1600 орчим үгээр ахиулаад байвал сарын дараа гэхэд 50 орчим мянган үгтэй зохиол болно. Энийгээ хэрэгжүүлнээ. Ажиллахаа больсон тархи бид 2.

     

Sunday, February 10, 2013

Хэвээрээ..


    Хүнд хэзээ ч өөрчлөгддөггүй зүйл гэж байдаг. Бидний зарим нэг нь амьдралаа жүжгийн тайз шиг болгож орхиод түүндээ аз жаргалтай байхад зарим нь жүжиглэхгүй гэсэндээ үнэнтэй нүүр тулж, тэр зовлондоо өөрийгөө хатуужуулж байна гэж бахархана. Жүжигчин ч бай, шулуун шударга хүн ч бай, муухай сайхан ямар ч байсан бидэнд өөрчлөгддөггүй нэг хэсэг гэж бий. Орхигдсон гэж бодож байсан зүйлс наалдаад салж үлдээгүй байсныг, мартахсан гэж бодсон дурсамж хэзээ ч санаанаас гараагүйг мэдрэх гунигтай. Дав хийтэл цочоод нээрээ тийм байна гэж бодох шиг үнэнтэй ойрхон очих мөч байхгүй.
    Би уйтгартай хүн. Хүмүүст уйтгар төрүүлдэг учраас тэгэж байгаа юм биш, зүгээр л гунигтай үедээ жинхэнэ би байдгаараа хамгийн уйтгартай хүн. Гарын үзүүрт хүртэл гуниг тархаад, хөдлөх ч үгүй, дахиж хүсэх зүйл юу ч үгүй гэж мэдэрч суух үедээ би хамгийн “би”-гээрээ. Угаалгын өрөөнд орж хаалгаа түгжиж гэрлээ унтраачихаад хүмүүсийн шуугианаас нуугддаг байсан охиноос тун бага зүйл өөрчлөгдсөн нь өрөвдөлтэй.
   Өөрчлөгдөж байгаа хүнд би илүү дурлаж байна гэж, өчигдрийн өөрөөс минь өнөөдрийн “би” илүү таалагдаж байна гэж хуурч явсаар гэнэт толинд харахад арван гурван настай нөгөө охин хэвээрээ... 
  Би өөрчлөгдөхгүй. Чи өөрчлөгдөхгүй. Тэд бас хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэг л зүйлийг тал талаас нь хараад маргалдана, гайхширна. Хамгийн инээдтэй нь хэн ч харж буй зүйлдээ биш өөрсөддөө л хамаг анхаарал хандуулж байгаа нь.

Friday, January 4, 2013

Хорь арван гурав

              Үе үе зурвас гээд өнгөрдөг богинохон сонин мөчүүдийг хадгалж байгаад хааяа гаргаж ирээд мэдэрдэг бол ямар байх бол. Дандаа гаргаж ирж мэдэрсээр байгаад гоё байхаа болих байх даа. "I know It's over " сонсож , "J.D. Salinger Nine Stories" уншин сууж байгаад хойшоо налахад нар яг нүүрэн дээр тусна, хүйтэн өрөөнд тусах төөнөсөн цацраг. Тэр үед нүдээ анихад бүх зүйл төгс  болж хувирна. 2012 онд ингээд хадгалмаар үе зөндөө, арай жоохон ухаалаг болсон гэмээр мөртлөө жоохон залхуу жил болсон юм шиг байгаан. Өөрийгөө тайвшруулаад л, хийх ёстой үедээ хийх юмнуудаа хийгээгүй.
               Шинэ жилдээ хийх зүйлсийнхээ тухай жагсаалт , төлөвлөгөө гаргана гээд хэт олон хоног үргэлжлүүлэн бодсон юм шиг. Он гарч байх мөчид бөөн санаа зоволттой хүн байсан нь ирэх ондоо тийм байхыг биш харин тэр санаа зовсон зүйлс нь ирэх жилдээ бүтэхийг зөгнөсөн байгаа гэж итгүүлчихсэн :D Яг бичих гэсэн чинь юу ч орж ирдэггүй ээ, чухал хэдийг нь тэмдэглээд үлдээнээ.

1. Сурах. Хичээлээ нэг сэтгэлээсээ хийж үзнээ. Бүр хиймээр санагдаад л , хичээлээ хийхгүй бол толгой өвдөөд л , хаха. Жинхнээсээ , мэргэжлийнхээ чиглэлээр илүү их номнууд уншаад нэг барьцтай болж авахгүй бол.
2. Гитараа сурна , бүр яааааг сурна. Тэгээд хавар сургуулийн дууны тэмцээнд орноо
3. Гэртээ цаг гаргах. Миний сурах их үйлсэд хамгийн их хэлмэгдэж байгаа хүмүүс бол гэрийхэн , энэ жил хичээж байгаад цаг гаргах.
4. 20 хүрэх , хүссэн хүсээгүй хүрнэ л дээ. Гол нь л 20 хүрэх ... :) Хямрахгүй , би хийсэн бүтээсэн юмгүй бүтэлгүй амьтан гэж үглэхгүй ,насанд хүрсэн хүн шиг л
5.Хийж байгаа сэтгэлзүйн туршилтыг үр дүнд хүргэх , туршилтанд орж байгаа хүнд өөрт нь хэлсэн , одоо гэхдээ мартчихсан явж байгаа
6. Идэвхтэй байх. Гэртээ нуугдахаа багасгаж , нийгэмшсэн хүн болох.
7. Цаг баримталж сурах, энэ хамгийн чухал , хоцордог зангаасаа салахгүй бол нэг л өдөр нэг том гайтай юм болно.
8.Нилээн хэдэн ном уншина гэж төлөвлөж байна ,гэхдээ уран зохиол талдаа багасгах гэж хичээнэ.
9. Энд нэгийг биччихмээр байхын. За бичих чухал төлөвлөгөө олох гээд биччихье :))

Өнөөдөр шиг хамт , жаргалтай ,сайхан жил байг :)

EDIT: бичиж дуусаад 2010 оны эхэнд бичиж байсан юмаа уншсан чинь бичсэн хэв маяг нь өөр болохоос яг адилхан ч юм байдаг байх шиг :D , жил жилийн эхэнд л ингэж боддог байхнээ , дараа жил хүүе нөгөөдүүл чинь болчихсон шдээ гэж бичээд сууж байнаа.