Sunday, February 24, 2013

         Мартчихвий гэж бодсон , гэнэт орж ирсэн санааг блогтоо бичдэг байсан тийм зүйл ч тохиолдохоо байж дээ. Их олон сонирхолтой өөрчлөлтүүд ажиглагдаж байна сүүлийн үед. Бүх зүйлийг хөндлөнгийн үүднээс ажиглаж байгаа юм шиг, хойшоо налж суугаад л харж байгаа шиг  хүлээж аваад байгаа юм уу. Нөгөө их сэтгэл хөдлөл хаачсан юм бүү мэд. Эсвэл хэтэрхий их үсчсээр байгаад мэдрэлийн систем маань гэнэтийн сэтгэл санааны өөрчлөлтийн дархлаатай болсон шиг байна.
         Бас нэг таамаглал байгаа нь дотроо юу болоод байгааг ойлгох гэж нэг их хүч гаргахаа больсон ч байж магадгүй. Ийм их шуугианд байгаа хүмүүс яаж өөрсдийгөө сонсдог юм бол. Урсгалаа дагаад алга болж өгөхөд ч амархан юмаа. Өглөө гараад л дуртай дургүй суусан хичээлийн цаг өнгөрч , орой ирээд хэн хүний бичсэн нийтэлсэн хэрүүлээр тархиа дүүргээд амьдарч байвал урсгал дагагч болж байгаагийн энгийн нэг шинж тэмдэг.
       Бусдаас өөр болж харагдах амархан. Бүр жинхнээсээ өөр байх ч амархан. Гэхдээ яах гэж өөр байхыг хүсч байгаа вэ гэдэг бас сонин л асуулт. Өөр байх гэдэг нь өөрөө гадаад орчноос хамаарсан ойлголт юм байна. Урсгал дагахгүй байна гэдгийг өөр байна гэж ойлгодог байснаас л ийм зүйл бичиж байна. Өөр байх үнэхээр амархан шүү.
       Урсгалаар явахгүй байх гэдэг зүгээр л өөрийгөө нээж илрүүл гэсэн үг юм уу. Хүн болгон дотроо өөр гэж улиг болсон атлаа их утга шингээсэн үг байгаа биз. Өөрийгөө олж илрүүлээд тэр нь заавал дэлхийг өөрчлөх хүн биш байж болно. Бүр хэнд ч хэрэггүй, өөртөө л хэрэгтэй хүн байж болно. Тэртэй тэргүй орчлонгийн ямар өчүүхэн хэсэг вэ гэдгээ мэдэх юм чинь.
      Дурлаж чадах зүйлээ л олъё, хийхийг хүссэн зүйлсээ хийж эхэлнэ.
       Өдөрт 1600 орчим үгээр ахиулаад байвал сарын дараа гэхэд 50 орчим мянган үгтэй зохиол болно. Энийгээ хэрэгжүүлнээ. Ажиллахаа больсон тархи бид 2.

     

Sunday, February 10, 2013

Хэвээрээ..


    Хүнд хэзээ ч өөрчлөгддөггүй зүйл гэж байдаг. Бидний зарим нэг нь амьдралаа жүжгийн тайз шиг болгож орхиод түүндээ аз жаргалтай байхад зарим нь жүжиглэхгүй гэсэндээ үнэнтэй нүүр тулж, тэр зовлондоо өөрийгөө хатуужуулж байна гэж бахархана. Жүжигчин ч бай, шулуун шударга хүн ч бай, муухай сайхан ямар ч байсан бидэнд өөрчлөгддөггүй нэг хэсэг гэж бий. Орхигдсон гэж бодож байсан зүйлс наалдаад салж үлдээгүй байсныг, мартахсан гэж бодсон дурсамж хэзээ ч санаанаас гараагүйг мэдрэх гунигтай. Дав хийтэл цочоод нээрээ тийм байна гэж бодох шиг үнэнтэй ойрхон очих мөч байхгүй.
    Би уйтгартай хүн. Хүмүүст уйтгар төрүүлдэг учраас тэгэж байгаа юм биш, зүгээр л гунигтай үедээ жинхэнэ би байдгаараа хамгийн уйтгартай хүн. Гарын үзүүрт хүртэл гуниг тархаад, хөдлөх ч үгүй, дахиж хүсэх зүйл юу ч үгүй гэж мэдэрч суух үедээ би хамгийн “би”-гээрээ. Угаалгын өрөөнд орж хаалгаа түгжиж гэрлээ унтраачихаад хүмүүсийн шуугианаас нуугддаг байсан охиноос тун бага зүйл өөрчлөгдсөн нь өрөвдөлтэй.
   Өөрчлөгдөж байгаа хүнд би илүү дурлаж байна гэж, өчигдрийн өөрөөс минь өнөөдрийн “би” илүү таалагдаж байна гэж хуурч явсаар гэнэт толинд харахад арван гурван настай нөгөө охин хэвээрээ... 
  Би өөрчлөгдөхгүй. Чи өөрчлөгдөхгүй. Тэд бас хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэг л зүйлийг тал талаас нь хараад маргалдана, гайхширна. Хамгийн инээдтэй нь хэн ч харж буй зүйлдээ биш өөрсөддөө л хамаг анхаарал хандуулж байгаа нь.