Sunday, February 10, 2013

Хэвээрээ..


    Хүнд хэзээ ч өөрчлөгддөггүй зүйл гэж байдаг. Бидний зарим нэг нь амьдралаа жүжгийн тайз шиг болгож орхиод түүндээ аз жаргалтай байхад зарим нь жүжиглэхгүй гэсэндээ үнэнтэй нүүр тулж, тэр зовлондоо өөрийгөө хатуужуулж байна гэж бахархана. Жүжигчин ч бай, шулуун шударга хүн ч бай, муухай сайхан ямар ч байсан бидэнд өөрчлөгддөггүй нэг хэсэг гэж бий. Орхигдсон гэж бодож байсан зүйлс наалдаад салж үлдээгүй байсныг, мартахсан гэж бодсон дурсамж хэзээ ч санаанаас гараагүйг мэдрэх гунигтай. Дав хийтэл цочоод нээрээ тийм байна гэж бодох шиг үнэнтэй ойрхон очих мөч байхгүй.
    Би уйтгартай хүн. Хүмүүст уйтгар төрүүлдэг учраас тэгэж байгаа юм биш, зүгээр л гунигтай үедээ жинхэнэ би байдгаараа хамгийн уйтгартай хүн. Гарын үзүүрт хүртэл гуниг тархаад, хөдлөх ч үгүй, дахиж хүсэх зүйл юу ч үгүй гэж мэдэрч суух үедээ би хамгийн “би”-гээрээ. Угаалгын өрөөнд орж хаалгаа түгжиж гэрлээ унтраачихаад хүмүүсийн шуугианаас нуугддаг байсан охиноос тун бага зүйл өөрчлөгдсөн нь өрөвдөлтэй.
   Өөрчлөгдөж байгаа хүнд би илүү дурлаж байна гэж, өчигдрийн өөрөөс минь өнөөдрийн “би” илүү таалагдаж байна гэж хуурч явсаар гэнэт толинд харахад арван гурван настай нөгөө охин хэвээрээ... 
  Би өөрчлөгдөхгүй. Чи өөрчлөгдөхгүй. Тэд бас хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэг л зүйлийг тал талаас нь хараад маргалдана, гайхширна. Хамгийн инээдтэй нь хэн ч харж буй зүйлдээ биш өөрсөддөө л хамаг анхаарал хандуулж байгаа нь.

2 comments: