Monday, March 11, 2013

The Boy named "Crow"

           
           Харуки Мураками "Kafka on the Shore " уншсан сэтгэгдэл одоо болтол арилахгүй, хэдхэн цагийн л өмнө дууссан л даа. Бодогдож байгаа нь гэхдээ номын тухай их биш, уншиж байхад төрсөн зүйлс нь л байхын. Энэ санаанууд их чухал ч байж магадгүй. Яг чигээрээ явж байхад өөр тийш залдаг шинэчлэлийн санаа шиг. Үнэндээ шинэчлэл гээд байх юмгүй харин бодож явдаг, итгэж явдаг зүйлс нуран унахад тэд ямар хэврэг байж вэ гэдгийг ойлгосон л хэрэг.Тэгэхдээ бас сүрхий ухаарал гээд байх юмгүй. Нэг л зүйлийг мэдэрсэн нь би өөрийгөө их олон янзаар, өдөрт хичнээн ч удааг тоолж дуусахгүйгээр хуурдаг юм шиг ээ. Хүмүүс худал хуурмаг дунд амьдарч байна, нийгэмд авах юм алга гэж хэлж, бичиж чадахгүй, угаасаа хүмүүсийн амьдралаар амьдарч үзсэн биш би тэдний тухай дүгнэж суух хүн биш. Хамгийн сайн мэддэг хүнээ л хуурч суух утгагүй юм даа.

             Миний ганцаардал үнэндээ ганцаардал биш болчих шиг. Яагаад гэвэл хэзээ ч түүнтэй нүүр тулахаар зориглож байгаагүй. "Би ганцаардаж байна" гэж зарлаж байгаа хүнийг яг үнэндээ жинхэнэ ганцаардлыг мэдэрсэн гэж тооцохгүй ээ. Тийм ган-цаа-раа байна гэдгийг харин Кафка ойн гүнд орохоор шийдсэн алхаж байхдаа, гэрээ орхиод огт танихгүй газар явж байхдаа мэдэрсэн байх ёстой. Номын тухай тэмдэглэл биш учраас Кафкагийн түүхийг их үргэлжлүүлээд хэрэггүй байх. Юутай ч хүн ганцаараа байна гэдэг бол зовж шаналахын нэр биш харин өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн нэг хэсэг. Ганцаараа байгаад, жинхэнэ ганцаараа байгаад, өөрийнхөө дотор байгаа тэр хүнтэй ойлголцож чадах юм бол бусад зүйлс илүү амар болж чадах юм байна гэж бодлоо, үгүй ч байж мэднэ. Энэ тухай өмнө нь уншиж байсан л санагдаж байгаа ч өөрөө ойлгохоос нааш үг гэдэг бас л хүчтэй юм шиг хирнээ тархин дээгүүр минь гулгаад алга болохдоо амархан юм даа. Нэг өгүүлбэр нь нөгөөгөө үгүйсгэсэн бодлууд. Муракамигийн дараа С.Анудар-н "Бүх юм"-ыг уншсан нь байдлыг бүр дордуулсан бололтой. Улам л чимээгүй, улам л нуугдмал, бүр хэнтэй ч ярьж, юунд ч шунамааргүй нэг тийм идэвхгүй хэлбэрт шилжчихсэн.

           Бурхан өөрийн тийм ч цэцэн цэлмэг биш шавь Мёога-д "Чи тийм ч ухаалаг биш учраас сургаал цээжилж чадахгүй юм байна , тиймээс үүдэнд суугаад хүмүүсийн гутлыг өнгөлж өгч бай" гэж захьдаг. Мёога ч багшийнхаа үгэнд орж арван жилийн турш, хорин жилийн турш хүмүүсийн гутлыг уйгагүйгээр цэвэрлэв. Тэгээд тэр нэг л өдөр гэгээрэлд хүрч, Бурхан багшийн хамгийн хүндтэй шавь нарын нэг болсон юм. Ийм нэг жижигхэн түүх гардаг, Кафка дээр, сэтгэлд их хүрсэн. Надтай ижил санагдсан зүйлс сэтгэлд илүү хүрдэг. Хүрч чадахгүй шиг санагдсан зүйлсийнхээ араас хөөцөлдөхөөсөө залхсан юм болов уу. Эсвэл хүрэх учиргүй зүйлсийнхээ хойноос. Шантралт гэхэд арай л тохиромжгүй болчих энэ мэдрэмжийг төөрөгдөл гэсэн нь оновчтой юм уу. Үгүй ч байж мэднэ. Хэрвээ бүх хүн минийх шиг ийм мэдрэмжинд автах юм бол дэлхийн соёл иргэншилтэй, системтэйгээр оршиж байгаа бүх зүйл нуран унах байх даа.
             

3 comments:

  1. Хайртай гэр бүл, найз нөхөд чинь чамд тусалж дэмжихээс гадна зөвхөн чиний төлөө бүхнийг хийж чадах цорын ганц хүн бол чи өөрөө шүү дээ! Цаг, сэтгэл бас хөдөлмөр бүхнээ өөртөө, өөрийнхөө мөрөөдөлдөө зориулаад, хүссэн бүхэндээ хүрээд сайхан амьдар. Чамайг шархлуулах хэн нэгэнд огтхон ч анхаарал бүү хандуул. Хэзээ нэгэн цагт чи өөрийгөө бас түүнийгээ бүрэн ойлгодог болоод, зүрх сэтгэлд чинь үлдсэн бүх л хоосон зай нөхөгдөн, хэд хэдэн ухамсрын үе шатны дараахь жинхэнэ тайтгаралд хүрсэн ухамсарынхаа түвшинд хүрэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр хүртэлх замдаа үргэлж инээмсэглэж яваарай:)

    ReplyDelete
  2. Хэзээдээ амжуулчихав аа??? Муракамид дэндүү орвол элиийрэх шинжтэй чи минь бол бүр хаагдаж ч магад шүү хэхэ за би кэйрфүл донт инволв түү мач ин Мураками

    ReplyDelete
    Replies
    1. okay :) шууд дахиад уншмаар байсан шууд өөрийгөө барьж байгаам чинь, тэр нь ч дээрийн байна лээ, элийрэлтийн эхний шатанд орсон шинжтэй байгааз дээ :P

      Delete