Monday, April 29, 2013

naughty you, Soul..

                                         (Artist : Thomas C. Fedro)


              Ямар хэлбэртэйг нь, ямар үнэртэйг нь мэдэх гэж аргаа баран сууна. Тодорхой байх тусмаа их сайн юмсан. Харин тэр үл ойлгогдох байдлаараа намайг ороон өдрөөс өдөрт гайхширалыг минь нэмсээр бид одоо нэг нэгнээ бүрэн ойлгохоосоо өнгөрчээ гэж бодмоор. Ойлгогдохгүй түүнийг тодорхой болгох гэсэн оролдлогууд бүтэлгүй болох бүрт түүний хэлбэр өөрчлөгдөж намайг төөрөгдүүлнэ. Яаж ч хичээгээд алганаас бага багаар урссаар дундарчихсан байдаг элс шиг бас ус шиг, гэхдээ түүний хажууд элс бас ус ч тогтвортой санагдана. Сэтгэлээ гэж... Би л тэр сэтгэл чинь байгаа юм байхгүй юу, би гэдэг чинь биежсэн сэтгэл гэсэн үг. Тэгснээ тэр сэтгэлээ, өөрийгөө ил гаргаад ямар санаатай байгааг нь, яаж гэж ингэж бүхнийг бусниулж, тайван биш болгож байж бах нь ханадгийг асуумаар. Тусдаа өөрөө хэлбэртэй бол, барьж аваад нарийхаан урт болгоод, янз бүрийн дүрс хийдэг шаар шиг дуулгавартай болгохсон.

                Болохгүй гэх бүхэн рүү зүтгэнэ, битгий гэж хэлэх бүрт тийшээ нь тэмүүлнэ. Байгаа сайхан бүхнийг нь үгүйсгээд, гуниглахдаа намайг ч бас хамт гунигтай гурван цэг болгож хувиргана. Чамайг би өөрийн чинь дураар орхивол юу болох бол гэж гайхаж байна. Одоо чи хаана байна? Нэг газраа тогтоно гэж байхгүй хаа хаагүй тэнүүчилж, танихгүй нэгний хажууд очоод санаа алдалт болно. Өнгөрсөнд нэг очиж, тэндээсээ тэвэр дүүрэн бодол, ирээдүй рүү нэг харайж яая даа гэмээр их асуултын тэмдэг авчирна. Тийшээ битгий яваарай гээд байхад аль хэдийнэ л очоод суучихсан өрөөний булан дахь модны сүүдэрт хорогдож, дүүрэн горьдлого дагуулж ирээд нойрыг минь хөөж явуулна. Яах вээ би чамайг, сэтгэл минь ..Загас байсан бол урсгал сөрж сэлсээр байгаад хамаг хүч чадлаа барсан, сэрвээгээ гэмтээсэн амьтан болох байж.

                Сэтгэл чамд би тэмдэг нэрүүд тогтоож өгвөл тогтворгүй, тэнүүлч, зөрүүд, эсэргүү гээд бичээд л байвал бичээд л байна. Ганц авах юм нь дулаахан л юм даа. Дотроос төөнөөс дулаацуулдаг чамгүй байсан бол би яах байсан юм бүү мэд... 

Saturday, April 27, 2013

Дурсамжийн орой

                 Бид яагаад бичдэг вэ? Саяхан нэг зохиолч яагаад бичдэг тухайгаа тайлбарласныг уншихад өөрийнхөө юу бодож байгааг олж мэдэхийн тулд, юуг хэрхэн харж байгаагаа тодруулахын тулд бичих замыг сонгосон гэж байсан. Сайхан илэрхийлэл. Юу бодож байгаагаа олж мэдэхийн тулд бичих. Өнөөдөр бодогдож байгаа зүйлс маргааш гэхэд өөр мэдрэмжүүд дарагдаад өндийж ялгарахаа болино. Миний хувьд яадаг ч юм дээ, мартамхай учраа яг энэ цаг үеийн бодлуудаа хадгалж үлдэх гэж бичдэг юм уу.

          Энэ улиралд их завгүй байсан учраас гэрээсээ гараад арван хэдэн цагийн дараа орж ирэх өдөр зөндөө л гарч байна. Эмээтэйгээ олигтой ч юм ярих завгүй өглөө таараад л орой унтаж байхад нь орж ирдэг хүн болж дээ. Сая орой өрөөнд нь цай оруулж өгсөн чинь "Монгол Тулгатны зуун Эрхэм" нэвтрүүлэгт Очирбат гуайн орсон ярилцлагыг үзээд сууж байна. Тэгснээ, бодоод байхад ч би юмны юмны захаас үзсэн хүн байна шүү гэж ирээд л хүүхэд байсан насныхаа тухай зөндөө ярьж, хоёулаа нулимсаа гартал хэсэг инээсэн. Эмээ маань дайны дараахан төрсөн хүүхэд юм байгаан, энд өмнө нь бичсэн ч байж магадгүй, сургуульд сурах гэхэд нь аав ээж хоёр нь малаа хариулахад туслуулах гээд явуулаагүй, харин ахыг нь сургуульд явуулахад уйлаад үлдэж байсан гэсэн. 40өөд оны энгийн ард түмний амьдрал, хятад худалдаачид уран нарийн арга хэрэглэж бараа зарах гэсэн захууд, шороон замаар ганган хөсөг тэргэнд залрах ноёдууд, амттай юм бараг байхгүй үеийн ховор олддог ёотон гээд урьд нь яриулж байгаагүй зүйлс их л ярьж өглөө. Асуувал урьд нь ярьж өгөх ч байсан юм билүү, хүнд нэг дотроо онгойтол юм яримаар үе байдаг, тийм үедээ ганцаараа сууж байх үе их ч таарсан байж магадгүй. Өөрөөсөө бусад хүнийг ганцаарддаг гэж боддоггүй би ч жоохон мангар ч болчихсон юм уу том болсон биш харин.

        Ингээд гоё юмнууд яриулсан чинь би хөгшрөөд ач охиндоо юу ярих вээ гээд л олон юм бодоод эхэлж байгаам даа :P Эмээ бол догшин морь унаж явсан, шувуун хөлтэй хятад бүсгүйчүүдийн хажуугаар нь мөрлөх шахам гарж сахилгүйтдэг байсан тухайгаа ярьж огт өөр үед амьдарч байсан гэдгээ мэдрүүлж байгаа юм. Ямар их зүйл өөрчлөгдөө вээ. Эргэн тойрон дахь зүйлс өөрчлөгдөж болно. Мэдээж тэгэх нь ч эргэлзээгүй. Харин тэр их өөрчлөгдсөн зүйлс дунд хүний гол чанарууд л бага байвал цаг хугацааны шалгарлаар амжилттай амьд гаран үлджээ гэсэн үг. Одоогоос 50 жилийн дараа, энэ үеэ дурсаж суухдаа "Хүмүүс  тэр үед ямар сэтгэл сайхантай, мэдрэмжтэй, ухаалаг байгаа вээ" гэж ярьж суух вий дээ. Заа хүмүүс яах вээ гэхэд би бас өөрөө...

Sunday, April 21, 2013

Эсэн мэнд үлдэгч

           Их "завгүй" байж, бас өөртэйгөө хийсэн сэтгэлзүйн дайны дараа тайвширсан, сүүлийн хэдэн долоо хоногийн турш алга болсон ирээдүй-өөд-урагшлах бодлын оч ассан тул энэ мөчийг тэмдэглэн үлдээх хэрэгтэй. Найзтайгаа зүгээр л ярьж суугаад өөрчлөгдөх зүйл биш байсан учраас эргэн тойрныхондоо юу болоод байгааг хэлэх ч тийм их сонирхол байсангүй. Хэдийгээр  болсон жижигхэн зүйл болгоноос шалтгаалж ирээдүй өөрчлөгдөж байсдаг ч гэсэн заримдаа яг нэг газраа ирээд хөдөлж чадахгүй, амьсгалж чадахгүй, буцаж явах эсвэл урагш алхах чадалгүй болох үе гэж байдаг юм шигээ. Тийм үеүд л хувьсгал гаргаж, өөр зүг рүү зүглэхээр гэнэт шийдсэн хүмүүсийг хөглөсөн байж таарна. Хувьсгал гаргахаар шийдээ юу даа энэ хүн чинь гэвэл үгүй л дээ :)  Ийм учир нь олдохгүй болсон үед л арчаагүй зан гаргаад, аль амарханыг нь сонговол бүх юм дордоноо л гэдгийг сайн ойлгож авлаа. Тусламжийг хүнээс гуйхгүйгээр, ингэж mental breakdown болохдоо яаж ийж байгаад энгийн голидролдоо ороод авахад хамт байгаа хүмүүстээ ч дарамтгүй.

          Би юунаас айгаад байдаг юм мэдэхгүй, дандаа л их айгаад байхын. Айх ч муухай мэдрэмжүүдийн жагсаалтын хамгийн "дажгүй" нь. Өөртөө дургүй хүрэх л хамгийн шаналгаатай. Яг л толгой дээр нэг намайг үзэн яддаг хүн суучихаад хийсэн үйлдэл болгоныг минь өөчлөөд, тэнэгээр минь дуудаад байгаа шиг. Өглөө сэрээд л тэр муугийн муухай үгнүүдээр булагдаж эхэлж байгаа юм чинь. Тэгэхээр яаж ч урам зоригтой байхав дээ. Хүмүүстэй ч яримааргүй санагдана. Ганцаараа л тааз хараад л хэвтээд л баймаар. Юм хийх ч хүсэлгүй болно. Ийм уур хүрмээр байдалтай сар шахуу явлаа, яаж ч ухуулаг хийж, яаж ч сайхан яриа сонсож, ямар ч аргаар шийтгэх гээд болохгүй сүр сүлдгүй болсон, нисэх ч хүсэлгүй болсон цахлайны амьдралаар хэсэг хугацааг өнгөрөөлөө. Тэгэж тэгэж нэг эцэстээ хүрсэн юм байлгүй, одоо ингэж байхаа болихоор шийдсэн. 
           
        Хүч гаргах ёстой цаг мөч гэж тйим тодорхой нэг үе байдаг бол яг одоо л юм шиг ээ. 
        Тэгэхгүй бол энэ цахлай одоо яана даа гэж далайн эрэг дээр хэвтсээр байгаад акуланд удахгүй идүүлж үхэх виий.