Saturday, April 27, 2013

Дурсамжийн орой

                 Бид яагаад бичдэг вэ? Саяхан нэг зохиолч яагаад бичдэг тухайгаа тайлбарласныг уншихад өөрийнхөө юу бодож байгааг олж мэдэхийн тулд, юуг хэрхэн харж байгаагаа тодруулахын тулд бичих замыг сонгосон гэж байсан. Сайхан илэрхийлэл. Юу бодож байгаагаа олж мэдэхийн тулд бичих. Өнөөдөр бодогдож байгаа зүйлс маргааш гэхэд өөр мэдрэмжүүд дарагдаад өндийж ялгарахаа болино. Миний хувьд яадаг ч юм дээ, мартамхай учраа яг энэ цаг үеийн бодлуудаа хадгалж үлдэх гэж бичдэг юм уу.

          Энэ улиралд их завгүй байсан учраас гэрээсээ гараад арван хэдэн цагийн дараа орж ирэх өдөр зөндөө л гарч байна. Эмээтэйгээ олигтой ч юм ярих завгүй өглөө таараад л орой унтаж байхад нь орж ирдэг хүн болж дээ. Сая орой өрөөнд нь цай оруулж өгсөн чинь "Монгол Тулгатны зуун Эрхэм" нэвтрүүлэгт Очирбат гуайн орсон ярилцлагыг үзээд сууж байна. Тэгснээ, бодоод байхад ч би юмны юмны захаас үзсэн хүн байна шүү гэж ирээд л хүүхэд байсан насныхаа тухай зөндөө ярьж, хоёулаа нулимсаа гартал хэсэг инээсэн. Эмээ маань дайны дараахан төрсөн хүүхэд юм байгаан, энд өмнө нь бичсэн ч байж магадгүй, сургуульд сурах гэхэд нь аав ээж хоёр нь малаа хариулахад туслуулах гээд явуулаагүй, харин ахыг нь сургуульд явуулахад уйлаад үлдэж байсан гэсэн. 40өөд оны энгийн ард түмний амьдрал, хятад худалдаачид уран нарийн арга хэрэглэж бараа зарах гэсэн захууд, шороон замаар ганган хөсөг тэргэнд залрах ноёдууд, амттай юм бараг байхгүй үеийн ховор олддог ёотон гээд урьд нь яриулж байгаагүй зүйлс их л ярьж өглөө. Асуувал урьд нь ярьж өгөх ч байсан юм билүү, хүнд нэг дотроо онгойтол юм яримаар үе байдаг, тийм үедээ ганцаараа сууж байх үе их ч таарсан байж магадгүй. Өөрөөсөө бусад хүнийг ганцаарддаг гэж боддоггүй би ч жоохон мангар ч болчихсон юм уу том болсон биш харин.

        Ингээд гоё юмнууд яриулсан чинь би хөгшрөөд ач охиндоо юу ярих вээ гээд л олон юм бодоод эхэлж байгаам даа :P Эмээ бол догшин морь унаж явсан, шувуун хөлтэй хятад бүсгүйчүүдийн хажуугаар нь мөрлөх шахам гарж сахилгүйтдэг байсан тухайгаа ярьж огт өөр үед амьдарч байсан гэдгээ мэдрүүлж байгаа юм. Ямар их зүйл өөрчлөгдөө вээ. Эргэн тойрон дахь зүйлс өөрчлөгдөж болно. Мэдээж тэгэх нь ч эргэлзээгүй. Харин тэр их өөрчлөгдсөн зүйлс дунд хүний гол чанарууд л бага байвал цаг хугацааны шалгарлаар амжилттай амьд гаран үлджээ гэсэн үг. Одоогоос 50 жилийн дараа, энэ үеэ дурсаж суухдаа "Хүмүүс  тэр үед ямар сэтгэл сайхантай, мэдрэмжтэй, ухаалаг байгаа вээ" гэж ярьж суух вий дээ. Заа хүмүүс яах вээ гэхэд би бас өөрөө...

2 comments:

  1. Цахлай минь бичээд л байна шүү. Энд бичдэг, уншдаг хүмүүс өдөр өдрөөр цөөрсөөр л..

    ReplyDelete
  2. хааяа зүрх нь хурдан хурдан цохилсон жижигхэн болжмор шиг, хааяа нээх их юм мэдэж байгаа хэрээ шиг болчихоод тогтож бичиж чадахгүй юм аа,

    ReplyDelete