Monday, May 27, 2013

Recharging the batteries!

         Батерей дуусч, улаанаар анивчаад хэдэн долоо хоног өнгөрчээ. Хүмүүсийн дунд хэт удаан байсан гэсэн үг. Инээмсэглэсэн царайнууд, эелдэг хүмүүс дунд ийм удаан байхад аяндаа нүдэнд биш уруулд инээмсэглэл тодорч, зүрх чинь яръя гээгүй байхад ам чинь түрүүлж хөдөлж эхэлнэ. Цэнэг авах цаггүй гүйсээр гүйсээр над шиг хүмүүс сүүлдээ мэдрэмж ч үгүй, сэтгэл ч үгүй болоод, тэгээд, яаж өөрийгөө цэнэглэдэг тухайгаа мартчихдаг байх даа. Мартаагүй байгаа дээрээ цэнэгээ авах минь.
       
Нарийн мэдрэмж шаардсан урлагийн бүтээл байх нь :P
          Хүмүүсийг үзэн ядагч биш, мисантропуудад хайрлах мэдрэмж байхгүй болоод л тэгэж хэлүүлж байгаа байх гэж боддог шд. Нийгэмд үл зохицогч, ганцаараа дэлхий дээр үлдчих юмсан гэж боддог этгээд ч биш, хааяадаа хүмүүс дунд байх зүгээр л байдаг. Харин хамаг эрч хүч, цэнэг л дуусчихаад байхын, ганцаараа байх цаг минь байхгүй болчихоор. Ммхан, хүмүүсийн цэнэг олж авах арга нь хүртэл өөр шүү дээ.

          Муракамигийн дахиад нэг ном эхэлчихсээн. Тэрэн дээр нэг бүсгүй гэрлэхээсээ хэдэн өдрийн өмнө ажлын газрынхаа залуугаар гэртээ хүргүүлэхдээ өөрийг нь тэврээч гэж гуйдаг, биед нь ямар ч electricity (энэ үг яагаад ч юм эмэгтэйн мэдрэмжийг тайлбарлахад тохиромжгүй юм шиг сонсогдоод байгаан ) байхгүй учраас цэнэг авахын тулд тэврүүлмээр байна гэж тайлбарладагийн. Үлдээх гэсэн арга биш жинхнээсээ гуйж байна гэж итгээд залуу тэвэрч өгч тайвшруулаад гэртээ харина, эхнэртээ тэгээд үнэнээ хэлдэг байхгүй юу, асар үнэмшмээргүй, утгагүй сонсогддог юм байгаа биз дээ, за энэ 2 ч яахав, хүмүүсийн хүч авдаг аргууд нь ийм өөр байгаад байгаа юмаа гэж хэлэх гээд л.

          Уншаад л, бичээд л, салхинд суугаад, шилээ зүүгээд, дүүтэйгээ ингэж цэцэг зулгаасан шигээ л инээмсэглэх гэж оролдохгүй зүгээр л энэ чинь л би шүү дээ гэсэн царай гаргаад хэд хоног амрая даа. Юм бодох хүртэл ядаргаатай санагддаг үе гэж байдаг л юм байна. Хямарсан сэтгэл төрөх хүртэл ядаргаатай байгаа юм чинь :P . Би гэж зүгээр л нэг дун болж орхиод, мэдрэмж ч байхгүй, бодол ч байхгүй, хөдлөх дургүй нь хүртлээ хэзээ юу нь хэрэг болох нь мэдэгдэхгүй хичээлтэй зууралджээ.. хэрэндээ л сэтгэлээ зориулж хийх гэж оролдсон юмсан. Аягүй бол дун ч надаас илүү сэтгэл хөдлөлтэй байгаа байх дөө.

      Аа тийн, хөөргөдөг зуланд наах хүслээ бодож бодож, яг ганц чухлыг бичээд, хэнд ч итгэж байгаан мэдэхгүй нисгэх гэж байсан чинь нөгөөх нь шатчихдагийн, инээд ч хүрэх шиг, юу ч бодож тийм юм хийж яваа хүн юм бол мэдэхгүй, өөрийгөө Рапунзел гээд бодчихсон явж байсаан аягүй бол. Өөрсөддөө бүр итгэхээ болихоороо тэрнийгээ  юун дээр ч юм бэ бичээд хаашаа ч юм бэ нисгэчихвэл пшшшт гээд биелнэ гэж боддог л хүмүүс юм дөө бид нар ч.

Saturday, May 4, 2013

Edelweiss..

        Галерей үзсэн. Гарч яваад керамикаар хийсэн зүйлс зардаг жижигхэн дэлгүүрээс цагаан уул цэцэгний дүрстэй зүүлт аваад. Худалдагч эгч нь наад чинь тийм бэлгэдэлтэй байхгүй юу гээд л хэлж байна. Аан л гэж бодоод нээх тоосончгүй. Харин зүүгээд явж байхад нэг тийм ер бусын эрдэнэстэй болчихсон юм шиг л баярлаад.

     Энгийн л нэг эд зүйлс байлаа гэж бодоход дурсамж нэмэгдэхэд л онцгой болчихно. Гар хийцийн жижигхэн зүүлт танихгүй эгчийн хэлсэн үгнээс нь болоод л нээрээ л тийм зүйл болох  юм шиг, өөртөө миний мэдэхгүй хүчийг агуулаад байгаа юм шиг болно гэдэг ч...

          Итгэл төрүүлэх ямар нэг зүйл, хүн, үйл явдлыг байнга хайж байдаг. Би ч гэлтгүй бүгдээрээ. Өөрсөддөө шууд тийм шүү гээд бодоод л түүндээ бүрэн итгэж чаддаггүй учраас итгэл найдварыг хаа сайгүй хайна. Амьгүй эд зүйлсийг хүртэл хүчтэй болгож харах гэж оролдоно. Зарим нь зурхайд итгэнэ, мэргэлүүлнэ, эсвэл зүгээр хүнээс асууна.

       Эд зүйлс бидэнтэй ярьж эхлэх үе. Нэг талаас болж байгаа юмнуудад байнга учир шалтгаан холбоо гаргах гэж хүний зан байж болох ч, бас амьдарч байгаагаа илүү мэдрэх гэсэн нэг инээдтэй арга ч юм уу. Нүдний дусаагуур дотно харагдаж, номын сангийн хуучин тавиурууд гуниг төрүүлж, ширээн дээр үлдээсэн хэдэн хуушуур хайр төрүүлж байж болж байхад яагаад тэр зүүлт баяртай мэдрэмжинд автуулж чадахгүй билээ. Гэхдээ л хүний мэдрэмжүүд гэж сонин зүйл байгаа юм шүү...

       Хаа сайгүй л өөртөө байхгүй зүйлсийг хайж байна. Бүр юм бүхнээс. Хүмүүсээс хүртэл. Надаас гарахгүй байгаа тийм зан чанартай, байлгая гээд ч болохгүй байгаа тэвчээрийг, сэтгэлийн тэнхээг өөрсөддөө агуулдаг тийм хүмүүсийг хүндлэх сэтгэл төрдөг. Үнэнч сэтгэлийг бэлгэддэг гэсэн энэ жижигхэн зүүлтийг ч гэсэн хайрлах сэтгэл төрж байна. Эхэлсэн зүйлээсээ эргэж буцъя, шинээр эхлээд бүгдийг нь өөрчлөе гэсэн бодол надад нэг ч байгаагүй юм шүү. Өөртөө ирсэн хайрыг даагаад аятайхан явж чаддаггүй яачихаав дээ гэмээр мангар хүн юм болохоор үүрдийн гэснийг илтгэсэн энэ зүүлтийг нь хадгалаад явж байвал тэр чанар нь дамжиж ч юуны магад.