Tuesday, June 18, 2013

...

                                                               Raspberry Red Bird by Catherina Turk
Утсан дээр гурван цэг тогтжээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй гурван цэг нарийхан утсан дээр тогтоод уначихгүйг хичээнэ. Гурван цэгийн дэргэд болжмор ирж суулаа. Утас уг нь болжмор сууж байвал л илүү зохих юм байна, гурван цэгэнд огт биш. Болжморын оршиж байгаа нь, гурван цэгийн арайхийн тогтож байгаагаас огт өөр. Арга ч үгүй л дээ, тэдний оршино ч гэж юу ч байхав. Дуусахгүйн дуусашгүй дүр төрх юм чинь.

Болжмор тэднийг хэсэг сонирхож байгаад нисээд явчихав. Ийм уйтгартай газар, ийм уйтгартай гурван цэгийг утаснаас дүүжлэгдэхийг хараад суух хүн надаас өөр үлдсэнгүй. Гэнэт тэднийг сэгсэрмээр санагдав. Сэгсэрч унагаагаад хүн хараагүй байгаа дээр хаа нэгтээ хол шидэж орхиод утсан дээр анхнаасаа юу ч үлдээгүй гэж өөртөө итгүүлэхсэн гэж бодоод инээмсэглэнэ.

Харагдахгүй шахам тэр утсан дээр нуугдаж үлдсэн гурван бүтэлгүй цэгийг хамаг хүчээрээ сэгсэртэл,,үсэрч наалдсан газар нь миний уруул байж таарч. Ягаан уруул дээр тогтсон гурван хар цэг. Тэдний ярихгүй юм гэж үгүй. Ярих тусам нь уруул минь цуцаж улам чимээгүй, улам аяархан руу замхран алга болно.

Харилцуурын цаана хэн нэгэн утсаа салгах мөчид уруулын минь хүлээс болж хувирсан гурван цэг сая намайг чөлөөлнө. Миний үгс биш юм шүү, тэд л зогсоо зайгүй утга учиргүй, ойлгогдохгүйгээр үглэсээр байсан юм. Би арай ч тийм үгс хэлэхгүй.
Ганцхан бичихэд л. Үгс уруулаар минь биш, сэтгэлээр минь дамжин гарахад л би ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ. Үгүй ч байж магадгүй. Энэ эргэлзээг үү.., тэднээс л болж байгаа юм.