Tuesday, July 16, 2013

Нэг тийм гэнэтийн шал хэрэггүй мөртлөө, бас хэрэгтэй бодол төрлөө л дөө.

1. 9 цагт идсэн хоол, индүүдэх хувцаснуудаа овоолж тавиул надаас хамаагүй өндөр болох тухай, гэрээ цэвэрлээгүй, яг одоо орон дээр минь тайлж шидсэн цамц өмд 2, "Will Grayson, Will Grayson" нэртэй ижил хүйстэн залуу, бас нэг хүмүүстэй энгийн харилцаатай байх асуудалтай залуу хоёрын тухай ном уншаад сууж байгаагаа, өглөө эрт ажилтай, уншихгүй гэж мэдсэн үедээ л хэлэх үгээ бичиж чадаж байгаа аймхай байдлынхаа тухай бодвол нэг талаас би ер нь юу хийгээд байгаан бол гэж бодмоор.

2. Яг эсрэгээрээ.
Оройтож ирээд залхуураагүй хийж идсэн хоол. Хаа холын, бүр оршиж байх үгүй нь ч, үхэж байх үгүй нь ч надад ямар ч хамаагүй байх байсан John Green хэмээх зохиолчоор дамжуулан Evanston-д сурдаг Tiny-н ертөнцөөр алхаж байгаагаа. Намайг сонсохгүй гэж мэдсэн ч гэсэн сонсуулах зүйлтэй хэн нэгэн байгаад. Бас өглөө яарч очих газар байгаа тухайд. Тэгээд хамгийн гол нь амьсгалаад, энийг одоо бичиж сууж байгаад.
нэг их сонин баярласан мэдрэмжинд автчихлаа. Ер нь яг тайлбарлаад хэлэхээр бага зэрэг хачин л юм байна, мэдрэмж нь бол их дажгүй. Зүгээр л нэг гоё мэдрэмжийг л гаргаж тайлбарлана гэж л амархан биш юм өө.

амьд байгаадаа баярлаж байна гэх нь ч бас хаашаа юм. харин тохиолдож болох зүйлсийн боломжуудад сэтгэл хөдөлсөн,замбараагүй үймсэн байдал дундаас гэнэт дуртай дуугаа олж сонсож байгаа юм шиг.
тэгээд бас эд нар бүгдээрээ миний толгойд байхдаа хамаагүй дээр сонсогддог :P, ирээдүйд толгойгоо USB холбогчоор холбоод тэр нь шууд үг болж бичигддэг төхөөрөмж гарч ирэх юм бол туршиж үзнээ ямар юм болохнуу. тэгсэн чинь яг ижилхэн юм бичигднээ аягүй бол.
Бичихээр нэг л илүү "уянгын халилтай" болоод байхын. Илүү нэг л бөмбөлгөн дунд суугаад цэцэгний тухай бичиж байгаа юм шиг сонсогдоод. Бөмбөгдүүлчихсэн юм шиг өрөөндөө сууж байгаам чинь ялгаагүй ч юм уу. Өрөөгөө цэвэрлэхээс.


Friday, July 12, 2013

Далавчаа дэлгээд үзүүр хүртэл нь л боддог, нүдээ таглаад цаашаа юу болохыг нь харахыг хүсдэггүй цахлай... Тэнгэр өөд, огторгуй өөд бодол минь дүүлэн нисдэг гэж хэлэхгүй ээ, тийм яруу мэдрэмжинд автатлаа магадгүй дахин хичнээн хол нисэх хэрэгтэйг ч хэлж мэдэхгүй нь. Ухаантай байхыг хүснэ. Далавчныхаа үзүүрээс холыг харж, өднийхөө өнгө үзэмжнээс илүүд анхаарахсан гэж.

Өчүүхэн бодолтой амьдрахад ганц давуу тал гэж бий. Царсны орой дээр тухлан суугаад ид шидийн үлгэрүүд, хорвоо ертөнцийн хамаг сонин хачныг хамж ярьдаг гурван зуун жил насалсан мэргэн хэрээ биш байхад сайхан зүйл гэж нэг байдаг юм. Бүхнийг мэдэгч хэрээ нарыг хараад гараг эрхэс дундах ердийн нэг гэрэлт улаан оч гэж боддог бол би түүнийг амьдрал гэж хардаг. Нарны илчинд биеэ ээгээд урагшлах бүртээ би өөрийгөө хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй дүүлэн нисэхийн жаргалыг бусдадаа зааж чадна гэж итгэдэг.

Мэргэн хэрээ нарыг хэний ч төлөө оршоогүй, ердөө л сөнөх өдрөө хүлээж буйг мэддэг, нар өөрийг нь амьд үгүй байгаад огт анхаарал хандуулахгүй гэдгийг ойлгоод тоомжиргүй нүдээр тэнгэр өөд нүүрээ харуулдаг байхад ухаан муутай цахлай харин түүнийг өөрийнхөө төлөө өглөө нь мандаж, замыг нь заадаг гэж бат итгэдэг.

Хэрээтэй уулзаад дараа нь би ингэж асууна. ""Та түүнд хайртай юу?" гэж. Нарыг ингэж хайрладаг эсэхийг нь асуугаад юу гэж хариулахаас нь үл хамааран нүд рүү нь яг эгцэлж хараад "Би наранд маш их хайртай" гэнэ дээ. Мөрөөдөгч цахлай дараа нь хүүхдүүдээ тойруулж суулгаад нар хэрхэн түүнийг хөтөлж хүрэх газар нь аваачсаныг хэлнэ. Энэ үед тэд ч бас нарны түүхийг үнэн гэж итгэж эхлэх бий вий.

Үүнийг бичигч галзуурсан байж магадгүй. Анхнаасаа ч галзуу байсан байж мэднэ. Чамайг, тэднийг, бас өөрийгөө сэтгэлдээ галдаа яваасай л гэж хүснэ. Тэр гал нь нар байж, яг одоо хажууд чинь суугаад гэрэлтэж байгаа хүн байж, бүр алс холоос үгс дундаа гэрэл нуугаад илгээдэг хүн ч байж болно. Эсвэл нэг ном ч байж болно шүү дээ. Тэнэг ч бай, над шиг алсыг харж чадахаа больсон ч бай, бодоход сэтгэл догдолдог, тэмүүлэлд хөтөлдөг тийм зүйлтэй, хүнтэй байх л. Өөрийнхөө дотор галтай байх сайхан. Бусдын дотор оч цахиулж чаддаг байх бүр ч...  

.галтай л амьдрахсан.