Friday, July 12, 2013

Далавчаа дэлгээд үзүүр хүртэл нь л боддог, нүдээ таглаад цаашаа юу болохыг нь харахыг хүсдэггүй цахлай... Тэнгэр өөд, огторгуй өөд бодол минь дүүлэн нисдэг гэж хэлэхгүй ээ, тийм яруу мэдрэмжинд автатлаа магадгүй дахин хичнээн хол нисэх хэрэгтэйг ч хэлж мэдэхгүй нь. Ухаантай байхыг хүснэ. Далавчныхаа үзүүрээс холыг харж, өднийхөө өнгө үзэмжнээс илүүд анхаарахсан гэж.

Өчүүхэн бодолтой амьдрахад ганц давуу тал гэж бий. Царсны орой дээр тухлан суугаад ид шидийн үлгэрүүд, хорвоо ертөнцийн хамаг сонин хачныг хамж ярьдаг гурван зуун жил насалсан мэргэн хэрээ биш байхад сайхан зүйл гэж нэг байдаг юм. Бүхнийг мэдэгч хэрээ нарыг хараад гараг эрхэс дундах ердийн нэг гэрэлт улаан оч гэж боддог бол би түүнийг амьдрал гэж хардаг. Нарны илчинд биеэ ээгээд урагшлах бүртээ би өөрийгөө хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй дүүлэн нисэхийн жаргалыг бусдадаа зааж чадна гэж итгэдэг.

Мэргэн хэрээ нарыг хэний ч төлөө оршоогүй, ердөө л сөнөх өдрөө хүлээж буйг мэддэг, нар өөрийг нь амьд үгүй байгаад огт анхаарал хандуулахгүй гэдгийг ойлгоод тоомжиргүй нүдээр тэнгэр өөд нүүрээ харуулдаг байхад ухаан муутай цахлай харин түүнийг өөрийнхөө төлөө өглөө нь мандаж, замыг нь заадаг гэж бат итгэдэг.

Хэрээтэй уулзаад дараа нь би ингэж асууна. ""Та түүнд хайртай юу?" гэж. Нарыг ингэж хайрладаг эсэхийг нь асуугаад юу гэж хариулахаас нь үл хамааран нүд рүү нь яг эгцэлж хараад "Би наранд маш их хайртай" гэнэ дээ. Мөрөөдөгч цахлай дараа нь хүүхдүүдээ тойруулж суулгаад нар хэрхэн түүнийг хөтөлж хүрэх газар нь аваачсаныг хэлнэ. Энэ үед тэд ч бас нарны түүхийг үнэн гэж итгэж эхлэх бий вий.

Үүнийг бичигч галзуурсан байж магадгүй. Анхнаасаа ч галзуу байсан байж мэднэ. Чамайг, тэднийг, бас өөрийгөө сэтгэлдээ галдаа яваасай л гэж хүснэ. Тэр гал нь нар байж, яг одоо хажууд чинь суугаад гэрэлтэж байгаа хүн байж, бүр алс холоос үгс дундаа гэрэл нуугаад илгээдэг хүн ч байж болно. Эсвэл нэг ном ч байж болно шүү дээ. Тэнэг ч бай, над шиг алсыг харж чадахаа больсон ч бай, бодоход сэтгэл догдолдог, тэмүүлэлд хөтөлдөг тийм зүйлтэй, хүнтэй байх л. Өөрийнхөө дотор галтай байх сайхан. Бусдын дотор оч цахиулж чаддаг байх бүр ч...  

.галтай л амьдрахсан.

3 comments:

  1. Энэ яг галзуурчиж.

    ReplyDelete
    Replies
    1. heeeyyy little green crazy fellow birdie :D very good writing to you :)

      Delete
  2. Яг унтрах гэж байсан гал минь цаг хугацаа зогссон мэт тэр хэвэндээ үлдчихлээ чиний галд хэсэгхэн саатаж өөрийнхөө галыг бүлээцүүлж болохуу...

    ReplyDelete