Monday, October 28, 2013

Хашгираан цээжин дотор цуурайтна. Үүрийн аниргүйд түгэх хашгираан. 
Үгс гол зуран залгигдана. Ийм үүрээр бүх зүйл дотогшоо л, бүр гүн рүү л, ёроолгүй хавцал руу гулссаар, алга болсоор. 
Ирж байгаа энэ нар яагаад ч юм шаргал биш хөх туяа цацруулах гэж байгаа мэт. 
Үгс залгигдсаар, залгигдсаар. 
Өнөөдөр би түүнд үг хэлж чадах болов уу. 

Saturday, October 26, 2013

Хүн байж. Үүнийгээ мартчихсан явжээ. Өөрийгөө хүндлэх сэтгэл байхгүй болох үед аажмаар хүн гэдгээ нэг их санахаа больж эхэлдэг. Өөр хүнд дургүйцсан сэтгэлээ илэрхийлж болно-уурлана, ярилцана, захиа бичнэ, эсвэл харицаагаа таслана. Тэр үл тоосон, үзэн ядсан сэтгэл өөрт чиглэхэд хийж чадах зүйл их цөөхөн дөө, тун цөөхөн. Ийм байдлаас эдгэрэхэд, эргээд сэтгэл дотроо хүндлэл бий болгоход хугацаа, хөдөлмөр шаарддаг. Харин хүч гаргаж чадвал, алдаагаа уучилж чадахаар болох үед, яг дотор гэрэл асч байгаа юм шиг :) Тэнэг алдаа гаргасан гэдгээ ирээдүйд байгаа өөртөө бүрэн хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу, тэгэхээр өөдөөс за яахав одооноос эхлээд сайн байх юм бол дахиж итгэж болох л юм гэж хэлж байгаан :) 

Жаргалтай байх, тайван амьдрах гэдэг чинь, багахан туршлага, ахархан ухаандаа үндэслэн дүгнэж үзэхэд бодож хэлж, хийж байгаа зүйлсдээ гуйвшгүй итгэлтэй, өөрийнхөө dignity гэж тэр зүйлийг "өөртөө" алдахгүй явах юм байна. Бусад нь яахав ээ, хичнээн loser гэж хэлүүлсэн ч яахав, дотроо байгаа галаа л бөхөөхгүй явъя одооноос. Яг унтрахаа шахаад бүр бүдэгхэн болчихсон байсан :l Өөртөө галтай хүн л бусдад гал түгээнэ. Тэрнээс юу ч мөчир барьчихаад хүн амьтанд гэрэл түгээх гээд явна ч гэж юу байхав. 

Tuesday, October 22, 2013

Remembrance of things..

I
Өнгөрөн одохуй өнгөрөн одохуй. Өнгөрөөд л явчих юм бол дасч үгүйлэх хэрэг юу байна. Өнгөрөөд орхиод одох юм бол харамлах хэрэг ч бас юу байна. Нэгэнт өнгөрөөд алга болоод тоосонд дарагдаж хэнд ч хэрэггүй болох зүйлсийн төлөө бусдыг шархлуулах хэрэг бас бүр ч алга. Цаг цаг цаг. Өнгөрч буйд нь мэлмэрэн харуусах амнууд хаа сайгүй. Үнэндээ хажуугаар шунгинан өнгөрөх дууг нь сонссон нь цөөхөн. Угаасаа л бидний ам бодолтойгоо бага холбоотой байдаг юм хойно доо. Дуусна гэж мэдэж байгаа зүйл сайхан байдаг уу? Гэтэл бүр үхлээс ч зугтан гардаг, үлдэж хоцордог зүйлс байдгийг зах зухаас нь ойлгож л байна.