Tuesday, October 22, 2013

Remembrance of things..

I
Өнгөрөн одохуй өнгөрөн одохуй. Өнгөрөөд л явчих юм бол дасч үгүйлэх хэрэг юу байна. Өнгөрөөд орхиод одох юм бол харамлах хэрэг ч бас юу байна. Нэгэнт өнгөрөөд алга болоод тоосонд дарагдаж хэнд ч хэрэггүй болох зүйлсийн төлөө бусдыг шархлуулах хэрэг бас бүр ч алга. Цаг цаг цаг. Өнгөрч буйд нь мэлмэрэн харуусах амнууд хаа сайгүй. Үнэндээ хажуугаар шунгинан өнгөрөх дууг нь сонссон нь цөөхөн. Угаасаа л бидний ам бодолтойгоо бага холбоотой байдаг юм хойно доо. Дуусна гэж мэдэж байгаа зүйл сайхан байдаг уу? Гэтэл бүр үхлээс ч зугтан гардаг, үлдэж хоцордог зүйлс байдгийг зах зухаас нь ойлгож л байна.

40 мянгатын хуучин байрнуудын нэг. Сараалжтай, ромбо хэлбэрийн хээтэй, өлзий хээ гэдэг байхаа даа, сиймгэр хөшигтэй цонх цаахна нь үзэгдсэн тагт. (энэ байрнууд ч бас он цагаас зугтаж гарсан, амьд үлдэгчид шиг санагддаг). The Great Gatsby дээр гарч байсан шиг тагтан дээрээ хөгжим тоглож буй хар арьстай залуугийн баримал. Цаг хугацаанаас үлдсэн зүйлсийн, сөрөн үлдсэн зүйлсийн баталгаа ЭНЭ байна!

Э.Батзаяа гэж уран бүтээлчийн үзэсгэлэн дээр явж байгаад энэ зургийг олж хараад л хоолойд нэг юм тээглээд эхэлсэн. Яг л жижигхэн бөмбөг залгачихаад яаж ч чадахгүй өвдөөд л чимээгүй зогсоод л байгаа юм шиг. Харах бүрт л нөгөө жижигхэн хатуу зүйл хоолой дээр тээглээд ирж байгаа энэ зураг эзэндээ юу хэлж байгааг би мэдэхгүй. Үзэсгэлэнд хүрэлцэн ирж шагшин магтаад гарч байгаа хүмүүст ч бас юу хэлснийг би мэдэхгүй. Найзууд бие биенээсээ урваж, хаа нэгтээ хүмүүс туулаад барахгүй мэтээр амьдралаа сандал дээр суугаад гутал, цамцны тухай ярин өнгөрүүлж байхад тээр тэнд буланд хордлогонд ороод үхэх гэж байсан жижигхэн гөлөг аврагдаж, цаг хугацааны үл мэдэгдэх агшинд танихгүй нэгэн залуугийн авсан зургийг хараад танихгүй нэг охин гунигт, баярт, итгэл найдварт, нулимсанд зэрэг автаж болдог газарт л амьдарч байна даа.
Өнгөрч байгаа энэ бүхний дараа надаас юу үлдэх бол.. Би юуг үлдээх бол.

II
Үргэлж хэвээрээ байдаг зүйлс байхгүй юм байна гэж бодож суусан энэ үеийн би хүртэл өнгөрөн одож. Хэдхэн хоногийн л өмнө юм шүү дээ. Хүсэл мөрөөдөл хийсэн алга болдог шиг мэдрэмж, бодол ч бас өөр өөрийнхөө замаар миний мартаад эргэж олохоосоо өнгөрсөн газрууд руу зугтан алга болно. Зэн Буддизмд ингэж өнгөрч оддог, үүрдийн биш шинж чанарыг олж илрүүлснээр бид тайвшралыг олж авдаг гэсэн байдаг. Зовлон, айдас тохиолдсон ч тэднийг үүрдийн биш гэдгийг мэдсэн хүн тэдгээрээс үүдсэн сэтгэлийн тайван бус байдлаасаа ангижирна гэсэн үг л дээ. Ерөөсөө л амьдрана гэдэг чинь зовох, харин тэр зовлонгоосоо сэтгэлийн баяр баясгаланг мэдэрч амьдрах гээд л. Юм болгонд нэг шалтгаан гаргаж ирдэг би гэж хүний бодолд “тэрслүү” санаагаар дүүрэн л сургаалууд юм уу гэж санагдсан.

III
Орхин одож буй өнгөрөх дуу чихэнд чимэгтэй сонсогдох өдрүүд. Юу ч сайн бас муу биш гэж сургадагчилан өнгөрч буй зүйлсэд ч бас сайхан талууд гэж бий. Заримдаа биднээс хамаг эрч хүч, сайхан зүйлсийг маань аван одож байгаа юм шиг цаг хугацаа эдгэрлийг, тайвширлыг ч бас авчирдаг.
Цаг хугацааны урсгал дээр сандайлж суугаад, бүхнийг тайвнаар ажиглаж байгаа мэт. Мэдрэмж хэрвээ иймхэн түр зуурын тогтворгүй шинж чанартай юм бол түүнийг байгаа үед нь сайтар conscious байх хэрэгтэй юм байна тиймүү.
Нэг их жаргалтай, инээмсэглээд л баймаар үедээ дараагийн зүйлсдээ санаа зовохгүй урт амьсгаа аваад тэр чигтээ жаахан хүлээгээрэй. Тэртэй тэргүй л алга болно. Одоо өнгөрсөн болж хувирна.

IV

Заримдаа шөнө гурван цагт сэрээд одоо дахиж юу ч амжихгүй юм шиг хүв хүйтэн айдаст автаад байдаг болчихсон байхын. 8аас хичээл орохоос өмнө юу ч амжихгүй гэж байгаа юм биш. Нийтдээ л. Толгой дээр дүүжинтэй цаг тогтчихоод “You’re running out of time!!!” гэж байгаа юм шиг. Намайг өнгөрч буй зүйлс явуулах дургүй байгаа учраас, би тэднээс салах дургүй учраас ингэж байна уу? 

No comments:

Post a Comment