Sunday, December 1, 2013

Талархал.

Өдөрт зуу зуун хүн холхин өнгөрдөг хонгилон гарцны хана налан хар цувтай охин зогсоно. Хана нь харин цагаан юм. Олон нийтийн газрын хана гэхэд итгэмээргүй цагаан ханан дээрх толбо шиг тод харагдах тэр охин чимээгүй хүлээн зогссоор удаан хугацаа өнгөрчээ. Цаг өнгөрөх тусам цув нь гандана, аажмаар саарал болно. Уусах гэдэг амархан, мартах ч бас тийм. Анх энд яах гэж зогсож эхэлснээ мартчихсан болохоор удалгүй өөрийгөө хэн гэдгийг ч санахад бэрх болж эхэлнэ.

Зөрөн өнгөрөх хүмүүсийн сонжсон харцнаас хэзээ ч дальдардаггүй үе байсан. Тэр үед, тод, хар, бас зориг зүрхтэй байж. Харин сааралтаж эхлэхэд танихгүй, бөөгнөрсөн хүн сүргийн харцнууд улам гадуурхангуй, бас шүүмжилсэн болж ирнэ. Сонин юм шүү, хар байхад нь тоодоггүй байсан атлаа саарал болоход ингэж байх гэж. Саарал охин өдөр бүр айна, юм бүхнээс, хүн бүхнээс, бодож сэтгэж байгаагаасаа хүртэл айна. Айх бүрт нь өнгө нь илүү тунгалаг болсоор, хананаас тодорсон саарал биш хананд өлгөсөн саарал хөшиг шиг л болжээ. Охин бүдгэрсээр, бүдгэрсээр, шүүмжлэн хардаг байсан нөгөө харцнууд зовнисон болж эхэлж, хонгилыг эзэнгүй болгохыг тэд хүссэнгүй. Хэнд ч тус болдоггүй, хэнтэй ч ярьдаггүй тэр бүсгүйд зөрөн өнгөрөгсдийн сүрэг дассанаа тэгэхэд олж мэдэв.

Нэг л өдөр алга болох байсан. Холын холоос тэр хүн гарч ирээгүй бол. Өөрийгөө 2000 жилийн настай гээд, Афинд амьдарч байсан тухайгаа хэрээ омгийн ахлагчтай зүүдний тухай ярилцсантайгаа зэрэгцүүлэн ярьж өгөөд, саарлаас "чи харин энд яагаад зогсож байгаа вэ" гэж асуугаагүй бол...

Хар цувтай охин өнөөдөр хөх харагдаж байна. Тэр өчигдөр цагаан, бидний санахаар хэсэгхэн хугацааны өмнө улаан байсан. Харин түүнийг хараад өнгийг нь та бараг л анзаарахгүй болов уу, учир нь цоо шинэ зүйл, өмнө нь огт байгаагүй зүйл хонгилын хананд үүрд зогссон танилд маань нэмэгдсэн нь тэр одоо тэнгэр өөр ширтээд инээмсэглэж байна. Төөнөх харцнууд одоо огт хамаагүй. Ханын өнгө ч, цувны өнгө ч хамаагүй. Тээээр дээр, шувуудын гэрт, бүх юм тунгалаг, гүн цэнхэр... 

1 comment: