Saturday, December 6, 2014

Duke & Sara- Golden Future

Яг хэрэгтэй байгаа үедээ олсон сайхан дуу! Хөгжим, усан будаг, уран зохиол! Ажил, сургууль, мөнгөтэй эсвэл мөнгөгүй байх, хөөрхөн эсвэл царай муутай харагдах, бүгдэд танигдсан хүн байх эсвэл хэн ч мэддэггүй үнэн сураггүй нөхөр байх- энэ бүгдээс чухал зүйлс гэж бий. Үзэсгэлэнтэй гэхээр заавал гарт баригдаж, нүдэнд харагдах албагүй. Амьдралын сайхныг мэдрэнэ гэхээр заавал ном уншиж, цонхны тавцан дээр суух шаардлагагүй. Нимгэн даавуу нөмрөөд, хүйтэн ус уугаад суусан ч өөртөө хадгалж болох зүйл гэж бий. Сэтгэл дэх бөхөхгүй гал гэж түүнийг нэрлэе.

Ирээдүй гэж байгаа гэж бодохоор л. Тэр ирээдүй нь одоогоос дээр ч байж, эсвэл бүр дордож ч мэднэ. Хичнээн хичээлээ ч бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээр байлгаж болохгүй юм чинь. Заримдаа тэр бүх болох зүйлс, болохгүй ч байж мэдэх зүйлсийг мартаад зүгээр л нүдээ аниад суух гоё юм аа. 

Тэр галыг алдчих юм бол, дотроосоо төөнөж байгаа энэ мэдрэмжийг мартчих юм бол... сануулаарай....заавал шүү!

             

Sunday, November 30, 2014

In search of lost dreams

Биелэгдээгүй мөрөөдлүүд хаашаа алга болдог вэ? Хэрвээ биелсэн бол мөрөөдөл бодит байдал болох байсан учраас бодит байдлын эсрэг хаа нэгтээ байж л таараа! Хэн нэгний биелэгдээгүй мөрөөдөл дундуур тоомжиргүй алхаж гарч л байгаа даа. Өөртэйгээ ижилхэн өндөртэй барбитай болохыг мөрөөддөг байж билээ, 5 настай байхдаа, мөрөөддөг ч юу байхав, тэр үед чинь угаасаа авмаар байна гэдгээс өөр үг мэддэг ч байсан биш. Тэгээд хувцас нь хүртэл надад таардаг, буржгар үстэй, гоёл чимэглэлийн хайрцаг нь дагалдаж ирдэг томоос том хүүхэлдэйг хэдэн том цүнхтэйгээ дааж ядаад л тэвэрсэн хүмүүс вагоноор ирж билээ-аав ээж хоёр маань. 

Заримдаа би юу ч хүсдэггүй хүн юм шиг санагддаг. Одоо л хийхгүй бол болохгүй, хэзээ нэгэн цагт хүрэхгүй л бол болохгүй тийм шунал, яарах мэдрэмж алга болох шиг үе их бий. Хүсэх зүйлгүй байх нэг бодлын амар. Гэхдээ бас хачин. Тэмүүлэл гэж байхгүй бол одоо ингээд л аяллаа зогсоож болно. Хэдий ингэж бодсон ч даалгавраа хийхгүй хичээлдээ очихгүй, бие даалтаа алгасахгүй, дараа дараагийн, бас дараагийн төлөвлөгөө гаргахгүйгээр нэг долоо хоногийг өнгөрөөхгүй. 

Сайн хүүхэд л байх гэж хичээж ирсэн. Сайн хүүхэд байж ирсэн амьдралдаа ч дуртай. Арай бага хүн гомдоож, арай бага санаа зоволт дагуулсан байх дажгүй шдээ. 

Гэхдээ нэг зүйл бий...Гайхамшиг болохыг хүлээдэг! Ид шид ба ер бусын зүйлс! Нисдэг хивс, шидэт саваа биш, нэг тийм гайхмаар сайхан атлаа туйлын энгийн зүйл оршиж болох мэт хүлээлт бий. Төөрөн одсон бүх хүсэл мөрөөдөл минь байр байраа олоход тэднийг эргэн санахдаа " Яг ийм л байх ёстой байсан байна" гэж итгэлтэй хэлээд, тэгээд тэндээсээ маш тайван, бүр яст мэлхий харж залхуу нь хүрмээр тайван амьдарна. Chaos, greed, and haste. Бүх зүйл үнэндээ маш энгийн шүү дээ! Энэ үгэнд тэр үед итгээгүй, гэхдээ одоо бүх сэтгэлээрээ мэдэрч байна! 

Friday, November 14, 2014

Being a Dinosaur.


Хэрвээ эргэн тойрны хүмүүс угтаа хэн бэ гэдгээр минь биш, ярьсаар байгаад өөрсдөө итгэчихсэн элдэв домог яриан дээр тулгуурлаж дүгнэх гээд байх юм бол өөрийгөө динозавр гэж бодох нэг арга бий. Динозаврыг хэн ч хараагүй, ямар ааштай байсныг нь яаж байсан ч олж мэдэх аргагүй юм чинь "Уучлаарай, та динозавр юм бол динозавр шиг аашилна уу." гэж тулган шаардахгүй. Цахлай байж амьдрах хааяа төвөгтэй юм. Эмэгтэй хүн байх тухай бол ярих ч юм биш. 

Яагаад гэдгийг нь ч асуухгүйгээр шууд л дагаж мөрдөх хэрэгтэй гээд хүлээгээд авчихсан дэмий бөгөөд хачирхалтай маш олон бичигдээгүй дүрэм шиг зүйлс хүмүүсийн харилцаан дунд байдаг. Тэр тусмаа номноос уншаад, хүмүүсээс асуугаад нэмэргүй асуудал тохиолдоход юунд итгэхээ ч мэдэхээ байх тохиолдол бий. Ээж маань бүх зүйлээ дотроо хадгалчихдаг хүн л дээ, тэр тал дээр бол бид хоёр яг адилхан. Заримдаа нэг сайн зөвлөгөө авмаар ч юм уу, ярилцмаар санагдах үед "ноцтой" асуулт асуухаар чимээгүй л байгаад байна. Тэр нь надад үзэл бодлоо тулгахгүй, өөрөө олж мэд гэсэн үг байх л даа. 

Эмэгтэй байх яагаад балай вэ гэхээр, надад яагаад ч юм эмэгтэй гэдгээ санах бүртээ нэг л их эмзэг болоод хувирчих шиг санагдаад байдаг юм. Ангиараа юм зөөх гэж байх юм бол 'охидууд нь яахав, хөвгүүд нь зөө' нтр гээд л тэгдэг дээ, тийм жижигхэн зүйлээс л эхэлж байгаа юм даа. Тал талаас охин хүүхэд юм чинь арай зөөлнөөр хандах хэрэгтэй гэсээр байгаад өөрөө ч бие дааж шийдвэр гаргаж чадахгүй, заавал анхаарал халамж хэрэгтэй байх юм шиг сэтгэлгээг үүсгэдэг байж мэднэ! 

Ер нь тэвчээргүй, гомдомхой, дандаа халамжлуулмаар байдаг, эмзэг турьхан эмэгтэй байснаас динозавр болоод динозаврын бүлгэм байгуулсан нь хамаагүй дээр шүү дээ :) "Garden of Words" гээд нэг аниме дээр гол дүрийн эгч нь хэдэн ахлах сурагчдад дээрэлхүүлээд хямраад байгаа байхгүй юу, хэрвээ өөрийгөө эмзэг гэж итгэхээ больчихвол бүр үнэн цоглог царайлж анги руугаа ороод л, динозавр шиг нэг хүрхрээд л, "-Дэмий шүү" гэж нэг муухай хараад л болно шд. Аа нээрээ тэдний тухай бидний сайн мэдэх нэг чанар нь чанга дуугаар хүрхрэх. Тиймээс динозаврын бүлгэмд элсэх эхний алхам бол хүрхэрч сурах! :D

Sunday, October 26, 2014

Blogger's Block

Яагаад блог бичигчийн блоктой учирчихаад байгаа тухайгаа хэсэг бодлоо. Компьютерээ асааж суугаад, нээх их зүйл бичмээр санагдсан мөртлөө хоёр мөрийн дараа бичиж байгаа зүйл маань хуурамч санагдаад, эсвэл арай л дэндүү уйтгартай болчихоод байгаа юм бол гэж гайхаж байсан юм. Хариултаа Sting нэртэй дуучны оролцсон радиа нэвтрүүлгээс олов бололтой. Тэрээр 1990-ээд оны үед Өмнөд Америкийг байтугай дэлхий нийтийг байлдан дагуулж байсан дуучин бөгөөд сүүлийн 9 жил шахам уран бүтээл туурвих “онгодгүй” гэж хэлж болохоор нөхцөл байдалтай тулгарсан байна. Хэдийгээр шинэ зүйлс бичмээр байх боловч нэг үе ар араасаа цувран гарч ирж байсан дууны арвин их нөөц нь дундарч, бичиж чадахгүй байсаар удаан хугацаа өнгөрчээ. Ноён Стинг энэ байдлаасаа яаж гарсан бэ гэхээр бусдын тухай дуу бичиж эхэлсэн байна, өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө амьдралын тухай биш харин бусад хүмүүсийн амьдралаас ажигласан зүйлсийнхээ тухай бичиж эхлэхэд ёстой л өөрийгөө хүчлэн барих шахам байхаар олон санаа толгойд нь орж ирэх болжээ.

Би өөртөө үнэнгээсээ сонирхолтой санагдахгүй байгаа юм байна. Нэг үе төрж байгаа мэдрэмжүүд, гэнэт орж ирээд хаа нэгтээ уусан оддог бодлууд тэмдэглээд авчихгүй бол их чухал санагддаг байсан учраас болж байгаа бүхнээс онцолж бүтэлгүй цахлайны амьдрал ийм байна тийм байна гэж бичих нэн түрүүний үйлс шиг бодогддог байжээ. Айсан мэдрэмжинд автаа л биз, эргэлзээ л биз, жаргалтай эргэлдэж гүйгээ л биз, энэ бүхэн удаан үргэлжлэхгүй шүү дээ. Тиймдээ ч блог маань тухайн өдрийн, тухайн хэсэгхэн хугацааны мэдрэмжийг л илэрхийлдэг гэж өөртөө хэлж байсан байх. Удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа болохоор (сургууль гэснээс нийтийн соёлд оюутнуудыг яаж дүрсэлж байгаад ёстой дургүй хүрээд байдаг шд, ямар өөрсдийн гэсэн толгойгүй, дандаа мөнгөгүй байдаг, завнаас их юм байдаггүй хүмүүс байгаа биш дээ) тэгээд янз бүрийн зүйлс их л бодогдож байгаа. Ажиллаж байгаа найзууд маань нэг их гоё байна гэж хэлэхгүй байгаа ч, өөрөө цалинтай болж, магадгүй удахгүй тусдаа гарч амьдрах байх даа гэж бодохоор дажгүй л байна. Заримдаа өглөө сэрээд аялалд гарах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа. Аялалын үүргэвч үүрээд л, эсвэл ажлын цүнхээ бариад, олон сайн хүмүүстэй уулзаж, сурах зүйл их байна гээд л. Одоохондоо ирээдүйгээ бодохоор өөрийгөө бичгийн машинтай, өрөө дүүрэн номтой, төрөл бүрийн ногоо болсон хөргөгчтэй хүн л гэж төсөөлөхөөс биш гал тогоондоо хормогч зүүгээд нөхөр хүүхдээ халамжлаад гүйж байх хүн гэж төсөөлөгдөхгүй л байна. Цаг нь болохоор тогоочийн сургалтанд суугаад хоол сайн хийдэг гэрийн эзэгтэй болчих юм чинь. Миний тухай сүүлийн 3 сар болж байгаа бүх зүйл бараг л биеэ даах, төгсөх, ажилтай болох, цаашаа сурах уу, жаахан байхдаа гэрлэхгүй нтр гэсэн 20 гарч байгаа хүмүүст бараг бүгдэд нь тохиолддог онцгой биш асуудлууд болохоор юугаа ч бичихэв дээ.

Сая харин кафед хичээлээ хийгээд сууж байсан чинь жаахан маамуу сандал дээрээс унаад бүр хамаг мэдрэлийн эсийг маань байхгүй болгочихлоо л доо. Бага дүүгээс маань жижигхэн хүүхэд байж миний авирч гарах гэж бөөн юм болдог өндөр сандал дээрээс унаад одоо энд ээжийнхээ хажууд унтаж байна. Кафег ажиллуулдаг эгчийн л охин бололтой. Манайд бол толгойгоороо унасан ч яахчгүй сандал дээр суулгачихсан байхад л хүүхэд уначихвий гэж эмээ дор хаяж 3 удаа хэлэх юм чинь. Эмээ нээрээ гүээ мөн мундаг хүн шүү. Ерөөсөө л дотроос нь хайр ундраад тасардаггүй хүн гэж л эмээг хэлнэ дээ. Маамууг тэвэрмээр санагдаад сууж чадахгүй ядаж би тэвэрмээр байна гэж бичье гээд бодсын. Ээж нь тэгээд загнаад байсан байхгүй юу. Ууртай өдөр нь л байсан байх даа. Толгой нь хөдөлчихөөгүй байгаа? Хүүхдүүд ингээд бага байхдаа унаад бэртчихээд тэр нь хүндрээд мэдэхгүй яваад л байдаг бол яана? Ингээд бодохоор аав, ээж болно гэдэг чинь асар хариуцлагатай байгаа биз дээ? Хүүхдүүд ээжийнхээ гэдсэнд байхдаа сэтгэл хөдлөлийг нь мэдэрдэг гэсэн, зүрхний цохилт, судсаар цус гүйх чимээ, хоол боловсруулж байгаа чимээ, амьсгал орж гарч байгаа гээд л. Чимээгүй ягаан орчинд сууж байгаа биш, ээжийгээ бүрэн мэдэрдэг гэж бодохоор гайхамшигтай шүү.


Манай гэрийн марзаак өглөө “Та нар намайг хайрлах ёстой” гэж орилоод бөөн инээдэм үүсгэсэн. Яагаад ийм хөөрхөн юм бээ? :) Гэхдээ бас яагаад ийм өхөөрдөм хөөрхөн амьтад байж өөрсөддөө дургүй, ирээдүйдээ итгэдэггүй, этгээд том хүмүүс болж өсдөг юм бэ дээ? 

Saturday, October 18, 2014

Iris

Бид төрөлхийн цуглуулагч шинж чанартай. Дурсамж, мэдлэг, материаллаг зүйлс, хүмүүс, дуртай ба дургүйгийн тухай ойлголт, уншсан ном, хэлсэн үгс. Цуглуулсан бүхэн маань бага багаар нэмэгдэнэ.
Арван гуравтай байхад надад төрөхөөс минь байсан зүйлс хамаагүй их, харин цаг хугацаанаас олж авсан зүйл нь хамаагүй бага байсан. Бусдад өгсөн нь авснаас илүү аз жаргалыг бий болгодог гэдэг. Гэхдээ хүссэн хүсээгүй бүгд л цуглуулж байгаа, бүр нуруун дээрээ үл үзэгдэх шуудай үүрээд алхаж яваагаар ч төсөөлж болно. Хэсэг хугацааны өмнө л компьютерийн дэлгэцэн дээр паркын зүлгэн дээр авахуулсан хүүхдүүдийн зураг, дипломын ажлын төлөвлөгөө, Croods хүүхэлдэйн киноноос кроплож авсан хэсэг байгаагүй.

Хэсэг хугацааны өмнө би арай цөөн хүнийг гомдоосон, бас арай бага сайхан үгс бусдад хэлсэн байгаа. Өнгөрснөө эргээд харна гэдэг шуудайд цуглуулсан бүхний онгичин хараад, санаа амран сандлаа налж суугаад, тэр бүхэн нь өөрт нь таалагдаж байгааг мэдрэх юм байна.
Шуудай хүнд болох тусам нэг үрчлээ нэмэгдэнэ. Хүнд жинд нь дарагдан нуруу бөхийнө. Бөхийдөггүй юм аа гэхэд урьдынх шигээ мөрөн дээрээ тоомжиргүй шидчихээд хайш яйш алхаж явах цаг нь өнгөрчээ гэдгийг мэдрэх үед бид эмээ өвөө болсноо ойлгодог байх.

Шуудай хүнд болох тусам үзэж туулсан маань багтахаа байж, нуруун дээр дуу чимээ гаргалгүй оршихоо болиод толгой дээр эргэлдэж, салхи шиг шуугина. Муу ч бай, сайн ч бай тэр их үл үзэгдэх давалгааг энгийн хүний бие дааж дийлэхгүй болохоороо бусдыгаа орхин оддог ч юм билүү. Ингээд бодохоор гунигтай байгаа биз? Заримдаа хэнд юу хийж өгөх гээд яваагаа гайхах үедээ, Pensieve рүү харж байгаа мэтээр ширээн доороо нуугддаг байсан үе рүүгээ очих нь мартсан зүйлсээ олж харахад тусладаг. Бүгдээрээ л одоо байгаадаа хүрэх гэж хол зам туулсан болохоо ойлгох болохоор тэр юм шүү дээ :) Бас цаашаа хол зам туулна гэдгээ эргэн санахын тулд. 
We collect endlessly. But power is limited. It wears out. So do we.
We weaken ourselves.
Eventually dissolve into emptiness.
it's sad.
We are sad. 

Tuesday, September 9, 2014

Энд ер нь юу болоод байна?

 Дээврийн манаачдын хамгийн захынх нь эргэн тойрноо ажигласнаа: 
-"Хаах, тэр модны оройг хар даа, шарлачихсан байна шд, хэзээдээ ингэчихвээ! Та анзаарсан уу?" гэж орилоход торны завсраар идчихмээр юм хайж суусан хажуугийн манаач нь ингэж чанга орилсонд нь цочоод толгойгоо сараалжны төмрөнд цохиж орхив. Тэгээд хариуд нь : "Битгий дандаа ийм уулгамч бай гэж би чамд хэлдэг байхаа!" гэж уцаарласныг нь нууцаар сонсоод......Яг үнэндээ бол энэ харилцан яриа ээж бид хоёрын хооронд болж өнгөрсөн байгаа юм. Машин барьж байхад нь орилж цочоогоод ээжээс сануулга авсан :l
Удахгүй гудамжаар нэг хөглөрч, хөлд орооцолдсоор
гэрт орж ирээд аяганаас чирэгдэх навчнууд.

Дахиж намар болно гэдгийг мартчихдаг юм шиг жил болгон яагаад цонхоор шарласан моднуудыг харангуутаа "Өөөөө, ингээд л үү..." гэж боддог юм бол. Магадгүй бүгдээрээ л тэгдэг байх. Өөрийгөө намарт илүү мэдрэг байдаг гэж боддог маань бас нэг biased feeling байж ч магадгүй.
Happiness Hypothesis-д бичсэнээр бол хүмүүс өөрсдийгөө үнэлэхдээ бодит байдлаас үргэлж гажуудуулж байдаг ба онцгой, бусдаас өөр гэдэгтээ бүрэн итгэж байдаг гэсэн. Жишээ нь би гэхэд бусад хүмүүсийн нүдээр энгийн л нэг хүн байхад дотроо бол өөрийгөө орчин цагийн эмэгтэй баатар гэж бодож явдаг ч байж мэднэ.
Ер нь бол баатар ч бай, хатагтай Cool ч бай, энд чинь ер нь юу л болоод байна даа!

Monday, August 11, 2014

Insanity of Highly caffeinated Mind

Оффисийн барилгын цахилгаан шатны өмнө эргэлдэж байгаа хүнтэй өдөр болгон таарахгүй шүү. Зүрх хурдан цохилж, толгой бага зэрэг эргэж, ойр хавьд үсэрч дэгдэж байгаа хүн байвал шуудхан очоод хажууд нь үсэрмээр санагдах бол яавч эрүүл биш ээ. Өмнөх шөнө нь маргааш кофе уухгүй ээ гэж бодно. Ном, сэтгүүл, хувцас хөглөрсөн орон дээрээ цаг дуугарахыг чимээгүй сонсож суугаад, нойроо хүрэхийг хүлээнэ. Одоо унтвал цөлд ус руу зүтгэж байгаа төөрсөн аялагч шиг сандал дээрээсээ унаад кофе чанагч руу мөлхөж байна гэж зүүдлэх байх даа. 

Өрөөнд юу ч үгүй хоосон байх сайхан ч юм шиг. Ганц ортойгоо үлдсэн хүний үг байгаа юм. Ном ч үгүй, хана дүүргэсэн газрын зураг, зургийн жаазгүй, одоо нэг чанга хашгирвал өрөө дүүрэн цууриатна. ӨрррөөөӨӨӨӨӨ ДҮҮҮҮҮҮҮҮРЭНН. Тэгэж орилж хашгирахгүй л дээ. Өглөө тэгэж бодсын. Нүдээ аниад алхаж байхдаа. Яг тэр хавьд зам гараад алхахаар нэг хэсэг тэгшхэн зам байдаг байхгүй юу, ажилдаа яарч байгаа хүн ирээд мөргөчихгүй бол нэг хэсэг нүдээ аниад дуу сонсоод алхаж болохоор зам. "...Энэ муу бодол маань аль хэдийнэ хайрцганд сууж байгаа хүнийх шиг болжээ хөөрхий..." гэж бодоод. Бодлыг маань таасан юм шиг хоёр үүргэвчтэй жуулчин том хараад өнгөрсөн. Энэ нөхөр нүдээ аньж яваад унаж үхэхвий дээ ч гэж бодсон байж магадгүй. Хэн мэдэхэв.

Их том нээлт хийсэн хүн шиг Эврика! гэж хэлээд босч ирэх гээгүй. Гэхдээ нэг юм анзаарсан. "Том болохоор" ( их том болсон хүний үг шүү :P ) байгаатайгаа зохицож амьдрахыг илүүд үздэг юм шигээ. За яахав, хүн өөрийгөө өөрчилж чадах биш гэж их боддог болдог, ер нь л завинд суух гэж оролдохоо болиод эрэг дээр хэвтээд хөвж алга болж байгааг нь харсаар хоцрох нь их болдог юм шигээ. Магадгүй бүх зүйл хэтэрхий оройтсон нь үнэн байх. Гэтэл тэр булангаас шингэхэн хоолой "Найдвараа бүү алдаарай" гэж жингэнэн сануулна. Little people-ынх шиг янз бүрийн хоолой энд тэндээс гарч эхэлнээ, энэ дөнгөж эхлэл нь.

Бага байхад жаахан юм санаанд таарахгүй байхад л урвайгаад аав ээжийгээ зовоодог доо. Жаахан томрохоор "За яахав дээ..." гэж хэлээд нэг гүнзгий амьсгаа аваад мартдаг болдог бололтой. Тайван байна гэдэг л их том зүйл. 

....Өглөө энэ үгс мартагдана. Хаалга онгойлгоогүй байхад л кофений үнэр ханхийнэ. Долоо хоног өнгөрнө. Тэрний дараагийн долоо хоног..бас тэрний дараагийн...

Зургаан давхрын цахилгаан шатны урд туфлиэ гартаа барьсан эмэгтэй эргэлдэнэ...Хөлөөр нь шаргал навчис удахгүй хөглөрнө. Та ч бас навчсын тухай бодож суугаа байх даа?

Sunday, May 18, 2014

Self-Help books, Fourteen hours in bed, and TEA

Карнеги өөрийнхөө алдарт яаж найзуудай болох вэ, бусдад нөлөөлөх вэ, санаа зовохоо болих вэ зэрэг асуултуудаар эхэлсэн номоо гаргаснаас нь хойш, (тэрний жаахан өмнөөс эхэлсэн ч юм уу) хэрхэн-яаж-төгс-амьдралыг-бусдын-үгээр-бүтээх вэ төрлийн номнуудын жинхэнэ бүүм болсон билээ. "Өсвөр насанд дээдэлж мөрдөх 7 зуршил"-ын улаан ногоон дэмжигч байж self-help төрлийн номыг шууд үгүйсгэж чадахгүй л дээ. Сүүлийн хэдэн жил ажиглагдсан нэг зүйл нь зарим хүмүүс ийм төрлийг номыг ерөөсөө үзэж чаддаггүй юм байна лээ, ямар сайндаа л та ямар номонд дуртай вэ гэсэн хариултанд "Бүх төрлөөс л сонирхосноо уншина даа, self-help л биш бол" гэж байхав дээ. Миний найзууд дунд ч ийм номнууд ерөөсөө уншдаггүй хүмүүс бий. Ядаргаатай шд гэдийн. Ядаргаатай л даа зарим нь ч. 

Дээр нэг хүний TED дээр ярьж байсныг сонсож байхад ажил олдохгүй үнэхээр хэцүү байх үедээ угаалгын өрөөний шалан дээрээ хэдэн цаг хэвтсэн үеийнхээ тухай хэлж байсын. Шийдэл олдохгүй болохоор бүр аргаа барсандаа гарч чадахгүй унаад өгсөн хэрэг л дээ. Тэрэн шиг юу хийхээ мэдэхээ байгаад 14 цаг дээшээ харж хэвтсэний дараа ( 12 цагт нь унтсан байх л даа :P ) яах вээ гэсэн асуултыг хэн нэгнээс асуумаар болдог юм байна лээ. Ингэж бодож ядаргаа болж байхгүй шууд л асуучихвал дээр биш үү гээд л. Интернэтийн орчинд дүүрэн л яаж хэрхэн амьдрахыг заасан, хүмүүстэй харьцах харилцаанд болохгүй зүйл таарвал ингэ тэг гэсэн зөндөө л мэдээлэл байдаг юм чинь. Гэхдээ...

Надад ч гэсэн өөрийн гэсэн шийдэл байхад яагаад заавал бусдын зөвлөгөөг унших гэж шууд бодсон юм бол? Энэ нь нэг төрлийн socially acceptable гэдгээ мэдрэх зам байхаа. Жишээ нь нэг ухаантай, өөртөө тулгарсан асуудлаа бодож эргэцүүлээд шийдчих чадвартай хүн байна гэж бодъё, манай хүн даанч өөртөө итгэлгүй, тэгээд асуудлаа шийдэхийн тулд бусдын зөвлөгөөг заавал сонсоно, энэ төрлийн ном уншина. Ном уншиж байгаа нь муу биш л дээ, харин шийдвэр нь буруу байж таарвал өөрийнх нь биш номных байж болох учраас бас нөгөө талаас хариуцлагаасаа зугтааж байна! 

"Self-help төрлийн ном уншихаар мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг юм гараад, тэгээд үлдэц багатай" гэж хэлж байсан. Яг үнэн! Яагаад гэвэл анхнаасаа Яах-Вэ асуултыг ном эхлэхээсээ өмнө толгойдоо эргэцүүлээд өөрийн шийдлийг олчихсон байдаг. Тэгээд тэрнийгээ баттай болгох зорилготойгоор хуудсуудыг эргүүлж, ижил төстэй тайлбар олохдоо мэддэг зүйлээ уншаад байгаа шиг сэтгэгдэлд автана. Ямар ч байсан интернэтээс яах хэрэгтэй тухайгаа уншихгүйгээр босч ирээд орчуулгаа хийсээн хийсэн :) Зүгээр нэг залхуурал биш учраас ярилцах хүн хэрэгтэй байсан байхгүй юу. Бас найзууддаа асуудлаа ярьж амралтын өдрийг нь сөрөг мэдээгээр эхэлмээргүй байсын. 

Шилэн бороо дусчихаар нээх инээдтэй,
толгойгоо хөдөлгөхөөр дуслууд нь яг
нэг газраа байгаад байна :D 
Гаргасан шийдвэрийнхээ зөв ба бурууг ойлгох чадвартай байхаар self-help номнууд нэг их хэрэгтэй санагдахаа больдог байхаа, угаасаа бүгдээрээ өөр юм чинь яаж ч ингээрэй тэгээрэй гээд бүгдээрээ хөөрхөн ааштай, эрт сэрдэг нтр болохгүй шд. Хэлэх гээд л ядаад байгаа нэг санаа нь энэ төрлийн номнууд бусдаас их хамааралтай байгаагийн, бүр яахаа мэдэхээ болихдоо зүгээр нэг танихгүй нөхрийн бичсэн номонд шийдвэрээ даатгахдаа хүрсний нэг илрэл гэж бодлоо. Тийм биш ч байж мэднэ. Надад л тэгэж санагдсын өнөө өглөө.

Ном гэснээс ногоон цай кофеноос гоё юм байна шд. Ногоон цай ч гэлтгүй жимстэй цай, ургамлын цай г.м Кофенд бас эхнээсээ яагаад дуртай болсон тухайгаа гэнэт бодоод. Бас л socially acceptable байх төлөвлөгөөний нэг хэсэг байв уу гэж бодтол Американо уусны дараах хоёр цаг ямар сайхан байдаг тухай бодол харван орж ирвэээ... Кофег зүгээр нэг орхиж чадахгүй ч бороо орж байхад цонхоор харангаа цай уусан нь хамаагүй дээр юм байна! :)  (Нээх лаг ярьж байснаа нэг цагийн дараа кофе нүдчихсэн л сууж байнаа аягүй бол :l )

Saturday, May 10, 2014

"Fabulous summer" Reading List-Part 1

[Fabulous гэсэн чинь Рио дээр гардаг шиг бүжиглэж байгаа хүмүүс, амьтад төсөөлөгдөөд байхын ^^] Зуны хамгийн сайхан зүйлсийн нэг бол цонхны хажууд суугаад ном уншихынхаа хажуугаар хүүхдүүдийн гадаа шуугилдахыг сонсож суух :) Зун уншина гэж хуримтлуулсан жагсаалт руугаа дайран орох цаг ойртсоор...! Ханан дээр хадсан бичигнүүдийн нэг дээр "We wait all week for Friday, all year for summer, all life for happiness" гэж үг бий л дээ...Яг тэг гээд хэлчихсэн юм шиг л байж байна доо :P Let's wait all year for summer!

Salman Rushdie- Midnight's Children
 2 сард аваад уншаагүй л хадгалаад байгаа, нэг эхлэхээр хичээлээ хаяад уншчихаж магадгүй учраас болгоомжлоод. Энэтхэг тусгаар тогтнолоо олж авах яг тэр үеийн шөнө дунд төрсөн хүүхдүүд ба тэдний хувь заяаны тухай.

Hans Christian Anderson-Anderson's Fairy Tales
Шилдэг 40 үлгэрээс нь бүрдсэн түүвэр байгаа юм. Жаахан байхад лусын дагинатай үлгэр дээр (Little Mermaid) хүн болсныхоо дараа ханхүү нь тоохгүй, тэгээд хөөс болчихдог гэж уншаад бүр шоконд орж байсан шд. (Ariel дээр чинь яг үнэндээ үхэх ёстой байсан байхгүй юу, үхчихвэл даанч Happily Ever After байхгүй болно)


 Sir Arthur Conan Doyle- The Hound of the Baskervilles
Харвардад тэнцэж орсон хүүхдүүдээс SAT-д бэлдэж байхдаа ямар ном уншиж байсан тухай нь асуухад Шерлокыг их санал болгож байсан гэсэн, сонирхолтой, уйдаанаа л гэж байхгүй, үгсийн сан сайжруулна, бас олон цуврал болохоор нэг орчихвол нилээн олон ном уншнаа гэсэн үг. Өмнө нь нэг түүврийг нь уншаад Шерлоктой танилцсан түүхээ өндөрлөх гэж байсан одоо дахиад Ватсон тэр 2 найзлах нь :)

Haruki Murakami- Kafka on the Shore Кафкаг дахиж уншмаар байгаа, Муракамиг уншиж байхад нэг төрлийн өөр mood-д шилждэг дээ. Эсвэл 1Q84-г, урт болохоор уншихаар бол гялс дуусгахгүй бол.

Ф.Купер- Мөрч (James Fenimore Cooper- The Pathfinder)
Купер The Last of the Mohicans-ийн зохиолч юм байна лээ, утга зохиолын өвтэй болж амжаагүй байсан тэр үеийн Америкт бүтээлээ туурвиж эхэлсэн анхдагч зохиолч нарын нэг. Мөрчийн хавтсан дээр: "Сүүлийн хуудсыг уншиж дуусчихаад номоо хааж чадаагүй...Шуудан, утас, sms гээд ямар ч харилцаа холбоогүй байсан тэр үеийн хайр дурлалыг харуулсан сайхан зохиол. Бие биедээ итгэх итгэл, сэтгэл дээр суурилсан жинхэнэ хайрын тухай" гэж бичжээ. :)

Friday, May 9, 2014

Colors of People

 Хааяа тэд гунигтай эсвэл тоомжиргүй нүдээр хяламхийсээр зөрнө. Хөх өнгө хүйтэн гэдэг, гэхдээ хамаагүй илүү үнэнч! Хуурамч инээмсэглэл зүүснээс үнэн уйтгар сэтгэлд ойрхон.

Улаан хүмүүс өөрсдийн гэсэн өөр хүчтэй, эргэн тойрондоо өнгөө халдаах хачин шид тэдэнд бий. Галд нь өртвөл хөх өнгийн хүмүүс аажмаар улам гүн хөх болж эхлэнэ.

Голд нь зогсоод бүхнийг хоорондоо зохицож байгаасай гэж хүснэ. Зөөлөн бүхэн хүчгүй байх албагүй. Зөөлөн нь хатуугаа гэж тэд хэлсэн. Энэнд нь заримдаа итгэдэггүй. Дандаа л хатуу нь зөөлнөө гэж бодогдоно.

Миний зарим өнгөнүүд сэтгэл татам. Зарим нь гэхдээ дотор арзаймаар муухай. Арзайснуудыг нь давхарлаж будаад нуух хэрэгтэй юм байгаан. Тэгмээргүй байхын, тэгэхээр их ядраад. Арзайгаад л байж байвал дээр биш үү?

Sunday, May 4, 2014

Oliver Sacks, Dependent Nature, and Madness

Oliver Sacks өөрийн яриандаа хэрхэн бид бүгдээрээ галзуурахад ойрхон саарал бүсд амьдардаг тухай хэлж байв. Сайхан зүйлсэд тааламжтай ханддаг шигээ дотроо болж байгаа муу талуудаа тэсвэрлэж гарах хэрэгтэй. Тэгэж чаддаггүй хүн бол амьдралыг хэтэрхий өнгөцөөр харж байгаа юм. Хүмүүс амьдралыг гүн гүнзгийгээр мэдрэх хэрэгтэй байдаг ба энэ нь заримдаа зовлон шаналал, аз жаргалгүй байдлыг дагуулж байдаг. Гэхдээ галзууралд л хөтлөхгүй гэж найдацгаая. Түүний зөв гэж хэдэнтээ санал нэгдмээр байгаа биз? Гэхдээ (дандаа л "гэхдээ" гарч ирж байх юм даа) заримдаа эрүүл ухаан ба галзуурлын хоорондох саарал зураас арилж байгаа юм шиг байдагтай бас санал нэгдэх үү?

Am I gonna hide Forever?
Нэг бодлын галзуурал бас их "амиа бодсон". Өөрөө яахав галзуурчихна, юугаа ч мэдэхгүй, эсвэл мэдэж байна. Бусад нь яах вэ? Блог хөтлөхийн нэг давуу тал нь энд өөрийнхөө бүх сул талыг айхгүйгээр, хэн нэгэнд юу гэж бодогдох бол гэж харьцангуй бага санаа зовж нийтэлснээр хөндлөнгөөс дүгнэлт гаргах боломжтой болж байгаа юм. Хэн ч өөрийнхөө муу талыг бусдад зарлахыг хүсдэггүй учраас хаа сайгүй бий болгосон ухаантай бөгөөд flawless төрхүүдийн дунд нэг нэгнээ жинхнээр нь харахыг хүсэхээ больж дээ. Бий болгосон хуурмаг төрхүүдээс гадна хамгийн их санаа зовоомоор зүйл бол бүх зүйл амархан гэсэн санааг хаа сайгүй түгээж байгаа мэдээллийн хэрэгслүүд, кино, хүмүүсийн яриа. Хэрвээ сэтгэл санаа тавгүй бол хэн нэгэнтэй яриад л зүгээр болчихно, эсвэл маруужин иднэ (би лав энэ зуршлыг кинон дээрээс олж авсан, идлээ гээд дээрдэж байгаа юм байхгүй бүдүүн л болох байх), гадаад дүр төрхөө өөрчилнө бла бла бла. 

Өөрөө л учрыг нь олох хэрэгтэй байх даа. Энэ бүхххх зүйлийн. Утсаа аваад ярьмаар эсвэл ийм байна тийм байна би одоо яах вэ гээд тусламж гуймаар л байна. Яг үнэндээ, хамгийн сүүлд нь чухал шийдвэр болгоныг өөрөө л гаргах юм хойно доо. Сонголт их байх тусмаа илүү будилдаг, муу сонголт хийдэг тухай уншиж байсан юм байна. Өмнө нь, социалист нийгмийн үед ч юм уу, хүмүүсийн сонголт харьцангуй хязгаарлагдмал байхад бага цар хүрээтэй сонголт дундаасаа хамгийн гайгүй нь сонгоод тэгээд go with it. Жишээ нь 10 төрлийн өөр бичгийн машин байлаа гэж бодоход тэр дундаас сайныг нь сонгох боломж нь 100 өөр бичгийн машинаас сайныг нь сонгох боломжоос хамаагүй их байна. Өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ авч явах, юу л санаанд чинь орно тэрнийг хэрэгжүүлэх боломжтой бол гаргасан шийдвэр хамгийн сайн байж чадах уу? Бичгийн машин худалдаж авах гэж байгаа шиг хялбар асуудлууд гэхдээ цөөхөн л дөө. Чухал шийдвэрт хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй юу? Эсвэл таг зөрөөд чихээ таглаад гүйх хэрэгтэй юм болов уу? 

Sunday, April 27, 2014

Season 22, Episode 13, Conquering your Fear

Whisper of the Heart, Ghibli Studio
Палома олон зүйлийг сануулсан. Үнэндээ бид бүгдээрээ л их айж байгаа. Айдсаа мартах гэж, эсвэл анхаарлаа сарниулах гэж олон янзаар оролдсоор эцэстээ яагаад айж эхэлснээ мартдаг байхаа. Би ямар үед хамгийн их айдсыг мэдэрдэг вэ гэдэг тухай бодсон. Хайртай хүмүүст минь муу зүйл тохиолдох вий, ямар нэг гамшиг тулгарах вий гэдэг бол тодорхойлоход амархан, учир шалтгаан нь ойлгомжтой төрлийн айдас. Яагаад вэ гэдэг нь ойлгомжгүй айдас л хамгийн жигтэй. Шизүкү өөрийгөө чадахгүй байх вий гэж их айсан, юу хиймээр байгаагаа мэдэх ч авьяасгүй бол яах вэ гэж бодоод түүнийгээ мэдэх гээд их хичээдэг. Хүмүүс айдсаа даван туулна гэж ярьдаг, даван туулах гэхээр яагаад ч юм биеийн тамирын хувцас өмсөөд толгойдоо алчуур зүүгээд аахилан уул руу зүтгэж байгаа дүр зураг бууна. Нэг тийм хүчилсэн, маш их чармайлт гаргасан сэтгэгдэл төрүүлээд байдаг юм. Тэгэж байснаас зүгээр л эвлэрсэн нь дээр юм шиг, өөрөөр хэлбэл айдсаа хөшүүрэг болгон ашиглаж болно, хэрвээ айх мэдрэмжинд автмааргүй байвал өөрийгөө илүү сайжруул...гэх мэтээр. 

Өнгөрсөн долоо хоногт юм л бол боловсролын үнэ цэнэ гээд үглээд байсан маань сүүлдээ айдсын тухай яриа болж дуусч байна. Боловсрол утга учиргүй айдсаас биднийг салгах учраас ингэж бодсын. Хүмүүс бид мэдэхгүй байгаа, үл ойлгогдох зүйлсээс айдаг гэдэг дээ. Боловсролтой хүн ядаж л хүүхдүүд нь өлсөхгүй, хичнээн хэцүү байдалд орсон ч тэрнээсээ яаж гарах вэ гэдэг аргыг хэрхэн суралцахаа мэддэг. Гэр бүлдээ дараа болохгүй, тус нэмэр болж байна, өөрийнхөө амьдралыг бүтээж чаднаа гэдгийг жинхнээсээ мэдрэхэд боловсрол л бас бидэнд туслана. Хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх сайхан биз дээ? Өнгөрсөн есөн сард ээжид би ч их хэрэгцээгүй хүн юм аа даа гэж хэлээд шоолуулж байсын, яагаад л бас шоудчихав даа гээд :P Ээж янз бүрийн ааш гаргаж байгаа, ер нь sentimental болоод байгаа хүмүүс шоудах гэж нэрлэдэгийн хэхэ. 

Эд нар бол боловсролтой байхын дөнгөж эхний давуу талууд нь. Гадна орчинтой, бусад хүмүүсээс хамаарах олон асуудалд хариулт өгөхөөс гадна ерөөсөө л өөрсдийгөө ойлгоход, сэтгэл санаагаа тайван амгалан байлгахад тусалж чадна гэдгийг ойлгож эхэлж байна. Боловсрол гэж нээрээ хичээл дээрээ суугаад бичиж авч байгаа лекцүүдийг хэлээгүй юм шүү. Зөндөө их ном, кино, аймшигтай ухаалаг хүмүүс, бүр мөчирнүүдээ бүгдийг нь тайруулчихаад өрөвдөлтэй нь аргагүй арзайчихсан манай байрны өмнөх модод, толгойгүй болчихсон хэвтэж байсан тагтаатай холбоотой гэмт хэргээс хүртэл боловсролыг олж авна. Гэхдээ л гол арга нь унших гэж бодсон хэвээрээ. Уншаад, эргэцүүлээд, хэрэгжүүлж үзэх. (их мэдэмхийрч байна даа өнөөдөр ч :P ) 

"Аз жаргал гэдэг орой орондоо ороод, тайван унтаж амарч чаддаг байхыг, өглөө яана даа гэж санаа зовохгүй байхыг хэлдэг гэж боддог" гэж хүндэлж явдаг хүмүүсийн маань нэг хэлж байсын. Өмнө нь бичиж ч байсан байж магадгүй. Тэгэж мэдрэхэд боловсрол их чухал юм шиг ээ.  Friends- Season 2 дээр Моника хуримын хоол хийх гээд төлөвлөж төлөвлөж байгаад сүүлдээ хийж амжихгүй бүгдийг нь дайчилдаг хэсэг байдаг даа. Тэрэн шиг бодож бодож сүүлдээ хийж амжихгүй шахуу болчихоод байдаг тал бий... :l 

Өглөө босоод санаа зовж байгаа зүйлсээс, яаж гомдсон тухай бодож өөрийгөө өрөвдөж суухаас чухал зүйлс гэж байгаа. Даанч тэр бүр санахгүй, төөрөөд алга болно. Кал гэрээсээ оргочихоод буцаж ирж байхдаа өөрийнхөө эрэгтэй ч биш эмэгтэй биш болчихсон хачин нөхцөл байдлаас нь өөр чухал зүйлс амьдралд байгааг мэдэрдэг шиг... Бичиж байтал дэлгэцний буланд, Unabridged journals of Sylvia Plath downloaded гэж гарч ирээд хамаг анхаарал тийшээгээ алга боллоо. Sylvia-гийн ертөнцөөр дахин аялах нь гэж бодсон чинь сайхан байна. Гол нь юу чухал вэ гэдгийг харцгаая гэж зөндөө их үглэдэгт бас жаахан учир байгаа юм шүү :) 

Saturday, April 26, 2014

Инээд байхгүй энэ их шуугиан!

12 сарын 16-н, 12 сарын 17-н. 12 сар тэр чигтээ! Хоёр найз инээлдсээр их дэлгүүрийн урдуур өнгөрнө. Бэлэгний санаа ярилцана. Удахгүй шинэ жил! Эгчдээ чихмэл хурга худалдаж аваад хэнтэй адилхан тухай ярилцаад  бас л инээцгээнэ. Ямар их догдлол, дулаан илч вэ. Ирээдүй гэж нэг бүрхэг зүйл байхад тэдний бодолд хамаг л сайнаараа төсөөлөгдөнө.
Ягаан нүдний шил, ширээний буланд тавьсан жижигхэн сүлд мод. Гүн ногоон өнгийн, турьхан хэдхэн мөчиртэй сүлд модонд гялалзсан саатай хэдхэн цагаан бөмбөлөг, бас Си Жи 7. Жижигхэн модтой, жижигхэн өрөөтэй, өөрсдөө ч бас жижигхэн хүүхдүүдийн сэтгэл нь харин том! Тэр өрөө, тэр хүмүүс бүхэлдээ нэг том чихэр шиг. Бодоход, дурсахад өөрийн эрхгүй sweetness гэсэн үг санаанд орж ирдэг болохоор тэр, чихэрнээс гарчихаар бодол сүүлдээ чихэр шиг амтагдаж эхэлдэг юм бол уу.

Инээд цацарсан тэр үеийн хүүхдүүд хаачсан юм бол гэж хааяа гайхдаг, завгүй гүйсэн, цаг минутыг тооцсон, хэзээ ч том хүмүүс шиг ийм инээд хөөргүй, чухал царайлсан болмооргүй байна гэж боддог байсан үеийн би ба тэд тээр тэнд хуучин өрөөндөө үлдэж, харин өөрсдөө илүү том өрөөнд, магадгүй ганган гацууртай болцгоож, тэндээ болор тоглоомууд өлгөөд, хөөрөлдөн суухдаа сэтгэл маань “том” байж чадахгүй байвал яах вэ?

Цахлайг салхи цохин унагаажээ. Далайд хөвж байхдаа салхийг үзэн ядна. Салхи чи байхгүй болоод өгдөг ч болоосой! Ингэж бодлоо гээд салхи алга болохгүй. Одоо яаж ч буцаж очихийг хүслээ гээд бид яг тэр цаг хугацааны агшинд, догдлол хайраар гэрэлтэн зогсож чадахгүй. Гэнэт чимээ нүргэлэн сонсогдож, Альберто нэг гартаа нарны том бүрх, нөгөө гартаа Софиг хөтөлсөөр гарч ирлээ. Софи инээмсэглэнэ. Энэ хугацаанд юу үзэж туулж, ямар нууцуудыг илрүүлсэн бол доо! Цаг хугацаа үл өнгөрөх өөрсдийн ертөнцдөө урин гараа сунгана. Салхинд цохигдохдоо гэмтсэн далавчаа Софийн гар өөд сунгахдаа арагш нэг ухраад ганцхан зүйл гуйна. Хамтдаа явахаасаа өмнө, цаг хугацааны аялагч биш, хөндлөнгийн ажиглагч болохоосоо өмнө нэг газар очиж үзэхийг хүснэ. Өнөөх өрөө! Шоколадтай уруулын будаг! Инээд.

Saturday, March 29, 2014

Spring Fever for (birds)

Хаа хамаагүй танихгүй жоохон хүүхдийг хараад зүрх бөөн өхөөрдөл, хайраар бялхах, өөрийгөө олох гэж бүх чадлаараа хичээж байгаа мөртлөө жаахан бүтэлгүй найздаа ирээдүйнх нь тухай ямар итгэлтэй байгаагаа хэлээд тэвэрмээр байгаа мөртлөө ичээд дандаа тэнэг юм ярьчихдаг үеүүдийн зөндөө олон мэдрэмжүүдээс хамгийн дажгүй нь, хамгийн их адреналиний түвшин ихэсгэдэг нь...дотогшоо, тээр гүнд юу байгааг харах гэж өнгийх мөч.

Яг л их усны хажууд суугаад давалгааг нь сонсонгоо доош өнгийж байгаа юм шиг. Уужуу сэтгэлтэй, их зүйл дотроо багтаасан гэж ерөөсөө хэлээгүй юм шүү. Сэтгэл ба биеэсээ салаад огт өөр гуравдагч биет/хий зүйл/санаа болсныхоо дараа өөрийнхөө дотогш өнгийж байгаа юм. Салаад гуравдагч болсон тэр зүйлийг миний мөн чанар буюу амь гэж нэрлэе. Тэр доошоо өнгийгөөд юу байгааг нь харах гэж сонирхож суугаад хааяа тэнцвэр алдан доош унадаг. Хоосон чанар ноёрхсон тийм орон зай руу шилжиж байгаа гэж мэдрэгдэх тэр мөч л хамгийн сонирхолтой. Унаж байхдаа “би унаж байна” гэж бодно. Тэгэхээр бас жинхнээсээ унаагүй байх нь. Ер нь мэдрэмжээ цөөхөн үгээр түс тас хийтэл илэрхийлдэг хүмүүст би итгэдэггүй.

“The Host” (уншаагүй л дээ, киног нь л үзсэн) дээр гардаг, хүмүүсийн амь гэж хэлж болохоор жижигхэн цагаан зүйлстэй холбож тайлбарлаж болох юм байна. Хэлбэр гэх зүйлгүй, дүр төрхгүй, барьж ч болохгүй тийм нэг хэсэг бидэнд байдаг юм шиг. Хэн нэгний тийм мөн чанарыг хайрлана гэдэг бол магадгүй элдэв олон төрлийн bias байхгүйгээр хамгийн чин сэтгэлээсээ хандаж байгаа  юм байна гэж бодогдоод байгаа. (бүүр цаашилбал хэн нэгний DNA-г хайрлах :P , одоо бүр балай юм боддог болох нь ) Spring fever л бололтой. 

Sunday, March 9, 2014

Slow and Steady, Her, and Spring

"Her" film (2013)
Жаргалтай алхаж байгаа хүмүүсийн тухай бодол дандаа нартай холбоотой байдаг. Нар ээгээд л, дурлалдаа автаад эргэн тойрноо анзаарахаа больсон хүмүүс зөрнө, байшингийн дээвэр харангаа алхаж явахад хотын чимээ нэг хөгжим болж хувирна даа. Халууныг тэсвэрлэдэггүй хэдий ч наранд их дуртай. Дээрх залууг буюу Теодорыг харвал яг л тийм байгаа биз. Өөр нэг хүнтэй биш, өөрөө сэтгэн бодох чадвартай үйлдлийн системтэйгээ ярин алхаж яваа Теодорыг харсан хэн ч түүнийг аз жаргалтай биш гэж хэлэхгүй. Зөрөн алхаж байгаа хүмүүс нь ч бас өөр өөрт нь тохируулагдан өөрчлөгдсөн үйлдлийн системүүдтэйгээ баяртайгаар ярин алхацгаана. Яг энэ хэсгийг үзэж байхдаа хүмүүс ингэж амьдрах цаг ч удахгүй ирэх байх даа, нэг нэгэнтэйгээ ярихаа болиод тус тусдаа амар тайван ингээд байж байдаг болно гээд гунигтай санагдсын. 

Өдөр зам гарч яваад тэр үе аль хэдийнэ иржээ гэдгийг ойлгосон. Of monsters and Men-Slow and Steady сонсоод, гадаа дулаахан байгаад баярлаж, малгайгаа тайлж кармаалчихаад хажуу тийшээ хартал яг минийх шиг чихэвчтэй, үүргэвч үүрсэн залуу инээчихсэн хөгжим сонсоод алхаж байхыг харангуут "Her" дээр гарсан энэ дүр зураг шууд нүдэнд тодроод ирвээ. Хөгжмөө сонсоод л, хүмүүсийн өнгийж харвал нээх сонирхолтой биш санагдаж магадгүй амар тайван ертөнцдөө амьдарч байгаа над шиг маш олон хүмүүс байгааг, бид бүгдээрээ л тал талдаа нуувчинд орсон эсрэг талууд шиг байна даа гэж бодогдсон. 

Магадгүй...магадгүй шүү, хадгалж яваа бүхний чинь хариултыг мэдэх хэн нэгэн байгаа л байх, бүр сонсохыг үргэлж хүсч байдаг хүн хүлээж ч байдаг юм билүү. Ойрд их цасан шуурга шиг сэтгэлзүйтэй амьдарч байгаа учраас өөртөө ч хааяа итгэхэд хэцүү болчих юм. Гэхдээ л ярьж байх хэрэгтэй юм байна гэдэгт, хүмүүс нэг нэгэндээ заримынх нь боддогоос хамаагүй их хэрэгтэй байдаг гэдгийг бол нилээн сайн ойлгосон. "Her" дээр гардаг үйл явдлыг амьдаар гэрчилснийхээ дараа, өөртөө хамгийн их итгэдэг байх даа гэж бодож явдаг хүн минь өөрийгөө ямар үнэ цэнтэй гэдгийг мэддэггүй болохыг олж сонссоныхоо дараа ганц зүйлийг өөртэйгөө тохирсон. За одооноос чи ингэж байгаарай за юу гээд.

Wednesday, February 12, 2014

Тал тоосгоны үлгэр

Хаа сайгүй амьдрал буцалж байсан цаг үед, хүмүүс өөрсдийн барьж босгосон зүйлсийнхээ боол болж, урьд цагт хүмүүний сайн сайхны төлөө байхаар бүтээгдсэн зүйл элдэв янзын үл ойлгогдох нэртэй болж хувираад гай тарьж байхад, нэгэн судлаач музейд хадгалагдаж байсан үнэт судар уран нарийн хийгдсэн хуулбар байхыг олж тодруулж, хамгийн өндөр түвшинд хүрсэн соёл иргэншлийн үлдэгдэл болсон олдвороос хүнийг чанаж иддэг байсан нь тодруулагдсан тогоо олдож, нэр нь өдөр бүр чихнээс зүүгдээстэй байдаг "том" компаний хурлын өрөөнд уйдсан менежер цагаа хяламхийн сууж байх үед энэ бүхний тухай юу ч мэдэхгүй нэгэн цахлай өөртөө гэр барихаар тоосгоны эрэлд гарчээ. 

Уг цахлай хоол ундгүй, гурван төмөр таяг, гурван төмөр малгай, гурван төмөр гутал элээсээр...(Ниссээр байгаад ядрахаараа гутлаа өмсөөд замын хажуу даган алхдаг гэж төсөөлвөл зохино). Хааяа замын машинд дайгдсаар тоосгоны үйлдвэрт очив. Хөөрхий шувууны гай болж тоосгоны үйлдвэрийн эзэн идсээр байгаад хацраа харахаа больсон бор толботой, саарал гахай байж таарна. Тоосго авах гэсэн мөнгө байхгүй, ядаж авч гарсан бүх зүйлс нь хагарч бутраад, дээрэмдүүлээд дууссан байдаг. Шуналт гахай хэлсэн нь:

-"Хэрзгэр хөлтөө чи энэ дэлхий ертөнцөд юу болж байгааг мэдэж байна уу? Цаана чинь үгээгүй хоосон хүн ч өөрийгөө мөнгөтэй гэж итгүүлж чадвал хэн нэгнээс хөрөнгө салгаж чаддаг болоод байна. Хувьцаа гэж юу болохыг мэдэх үү? Чиний насан дээр байсан бол би хэдэн өдөө зараад ч болов Америк явж баяжих байлаа. Одоо яая гэхэв, мөнгөгүй юм хойно явж төмс олж ир" гэв ээ.

Гэртэй болох мөрөөдөлдөө автсан шувуу маань гуйхыг нь гуйж, захиа зөөгчөөр ажиллаж, тариан талбайн эздэд болжмор, хэрээ хөөгчийн ажил хийж долигнож байж арай гэж шуудай төмс цуглуулна. Энэ хугацаанд хичнээн амь өрссөн тулаан болсныг үлгэрийг хүүрнэгч би дурдахаас татгалзаж байна. Юмыг яаж мэдэхэв, дүү нартаа шөнө унтахад нь ярьж өгөхөөр шийдэх юм бол хүүхдэд зодоон, маажилцаан, өд зулгаалтын тухай их ярьж болохгүй шүү дээ. Ямартай ч энэ бүхний эцэст цахлай маань тоосгоны эзэнд шуудай төмсөө өгөөд хэдэн тоосгоо гардан авч баяр хөөр дүүрэн нутаг буцваа. Тааралдсан бүхэн нь л цахлайг тэвчээртэй гэнэ, ажилсаг л юм гэнэ, гахайнаас яаж тоосго салгаж авсан нь цахлай сүргийн балчируудад Одиссей хэрхэн Циклопоос мултарсантай эн зэрэгцэхүйц түүх болон яригдах боллоо. Гэвч энэ бүхний дараа, гэртээ эргэж ирээд, хол аялсан цахлай маань нарлаг дулаан газар амьдардаг, гэр барих шаардлагагүй шувуу гэдгээ олж ухаарахын зэрэгцээ уурандаа бүх тоосгоо толгойгоороо цөм цохин тал тоосгоны бяцхан овоо босгосон нь хожмын нэгэн өдөр нүдний шилтэй тайрмал үстэй яруу найрагч бүдэрч унахдаа өөрийн алдарт шүлгээ бодож олох байсныг зүрх нь дэлбэрэх шахаж байгаа шувуу төсөөлөх ч үгүй байв. 

Тоосгоо мөргөн таллаж байгаа цахлайг сургуулийн номын сангийн шатаар уруудахдаа корпорацийн санхүүгийн номоо духаараа мөргөж байгаа төгсөх ангийн оюутантай зүйрлэвэл нэг их хол зөрөхгүй шүү. 

Духаараа хатуу зүйл мөргөж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дуртай уг хоёр амьд биетэд цаашид юу тохиолдохыг нэг сайхан бороотой өдөр олж мэднэ гэж найдъя. 

Tuesday, January 28, 2014

Лагерийн гоц ухаантан

         11-р ангид ордог жилийн зун нэг сургалтын төвд явдаг байсан болохоор өдөр яг ид халуун үеэр автобусанд сууж таардаг байсын. Замдаа даалгавраа хийнэ, ном уншина, халуун байгааг анзаарахгүй гэж их оролдлого хийнээ. Тэгэж яваад нэг сонин гэмээр хүнтэй тааралдсан нь бодогдож эхлээд ерөөсөө толгойноос гардаггүй. Энэ яг юмтай байхаа гээд л ярьдаг даа, арай жаахан өөр зан авир гаргаж байгаа хүнийг. Тэр ах кондуктар хийдаг байсан байхгүй юу, хааяа автобусанд нь суухаар харц нь, хүмүүстэй харьцаж байгаа нь нэг л удаан хараад баймааргүй сэтгэгдэл төрүүлээд байна. 

Нэг өдөр суугаад Harry Potter-оо уншиж байваа, (Goblet of Fire байсныг яг санаж байна, Krum-г байнга боддог байсан үе дээ :P ) , гэнэт нөгөө хүн урд ирж сууснаа ном руу нэг над руу нэг хараад л суугаад байсын. Би ч гүрийгээд доошоо хараад л суугаад байсан, тэгсэн чинь нилээн байж байснаа “Чи наадахаа тэгээд уншаад яг ойлгож байгаа юм уу?” гэдгийн. Инээд хүрээд л, бас бантаад л сонин царайлж байсан чинь ашгүй буух буудал дээрээ ирчихсэн. Энэ хүртэл бол инээдтэй хэсэг нь. Найзууддаа ярьж зөндөө л их инээж байсан санагдаж байна.

Харин өнгөрсөн зуных бол ерөөсөө инээдтэй байгаагүй. Лагертаа очиход – номерийн автобусны хамгийн эцсийн буудал дээр буугаад жаахан буцаж алхдагийн. Дуу сонсоол алхаж байсан чинь замын бүүр цаана, тэр доор байгаа нэг хүн айхтар даллаад л байсан. Нээх анзаарахгүй алхаж байснаа чихэвчээ авсан чинь “Хүүе чи дээр автуусанд явж байсан охин байна шд” гээд л орилж байнаа. Тэгээд л тэр хавиар болгоомжтой явж байгаарай гэж зөндөө сануулдагийг ч хэлэх үү, танихгүй тэгээд орилоод эхлэхээр нь айчихаж байгаам чинь. Зам уруудаад хурдан алхаж байсан нөгөө орилж байсан хүн зам хөндлөн гараад ойртоод ирлээ, тэгэхэд нь нөгөө кондуктар хийдэг байсан хүн байна шд гэж таниад. Тэгээд шууд хар хурдаараа гүйчихсэн.

Удаан амралтнаас болж галзуурч байна уу яаж байна хэд хоногийн өмнө гэнэт тэр хүн санаанд ороод тэгээд нэг бодох болгонд сонин санагдаад л байгаа. Бараг дөрвөн жилийн өмнө харж байсан хүнээ, тэгээд хар мянган хүн өдөр болгон хардаг байж яаж санаж байгаам бол гэж бодоод. Магадгүй гоц ой ухаантай, харсан бүх юмаа цээжилдэг, даанч хүмүүс ухаантай гэдгийг нь мэддэггүй тэгсээр байгаад өөрийгөө хүмүүсийн бодож байгаагаар хүлээн зөвшөөрчихсөн тийм хүн байвал яахав. Өөрийнхөө чадвараа хөгжүүлэх боломж ерөөсөө гарахгүй байсаар байгаад амьдралд нь сайхан зүйлс тохиолдоно гэсэн найдвараа нэгмөсөн хаячихсан зөндөө олон хүмүүсийн нэг нь тааралдсан байж магадгүй. Эсвэл зүгээр л би нэг танил царай харагдаад, тэгээд хаана харсан байж болохов гээд бодонгуутаа автобусанд л харсан байж таарна гээд ганцаараа явж байнгуут айлгахаар шийдсэн өөдгүй хүн ч байж магадгүй л дээ.

Гэхдээ яахав нэгдүгээр хувилбар нь зөв байх гээд шийдчихье. 

Friday, January 17, 2014

Юу унших вэ?

      Хэдэн жилийн өмнө л ямар ном унших вэ гэж бодох ч зүйлгүй олдсоныг нь л, өөрөөр хэлбэл номын дэлгүүр ороод авсан номоо, эсвэл гэрийн номын сангаас олдсоныг нь л уншдаг байж. 4-р ангид байхад билүү дээ нэг ах маань ямар ямар ном уншсан тухай асуухад бараг л асуусан бүхнийг нь уншсан гэж хариулахаас буцахгүй сууж байсын, тэр үед Шүүдэрцэцэгийн "Хулан", Майн Ридийн "Маронууд", Түмэн үлгэрүүд гээд үлгэрийн цуврал, бас хэдэн монгол туужууд, тэгээд "Өвгөн тэнгис хоёр"-ын талыг уншсан байсан шиг санаж байна. Надад л тухайн үедээ маш их санагдаж байсан учраас ахыгаа Жюль Верн, Марк Твен гээд хэдэн мундагуудын тухай ярихад амаа ангайгаад л сууж байсан байх даа. Сонгодог зохиолуудтай танилцаж эхэлсэн үеийг одоо бодоход их сонин. Ямар ч урт юм дээ, яагаад энийг ингэж тайлбарлаж зовооно вэ гээд л харилцан яриатай хэсэг гарахыг хүлээн суудаг байсан ч гэсэн дээ нэг ч мөр алгасалгүй, бас номоо хааж чадалгүй суусаар дуусгадаг байсан даа. Өөр хийх зүйл байгаагүй юм чинь. 

Юу унших вэ гэж санаа зовдоггүй үеийн тухай ярьсан болохоор одоо юу унших вэ гэж уншиж байх зуураа ч санаа зовдог үеийн тухай хэсэг гарч ирнэ. "Хэрвээ хүн бүхний уншиж байгааг л унших юм бол хүн болгонтой л адилхан сэтгэнэ" гэж нэг үг байдаг даа. Найз маань өмнө нь бас энэ тухай хэлж байхад нь эхлээд хүмүүсийн юу уншиж байгааг уншчихаад дараа нь өөрийнхөө юунд сонирхолтойг олж мэдээд тэгээд чиглэлээ сонгож уншина гээд их цэцэрхэж байснаа санаж байна. Гэтэл тийм биш юм шиг ээ. Цаг их байна, залуу байна, унших зүйл хангалттай байна гээд аль л уншмаар санагдсан, түрхэн хугацаанд сэтгэлийн хөдөлгөөнд автуулах зүйлсийг уншаад, өөрийгөө уншигч гэж нэрлээд гүйгээд яваад байж болохгүйг уншсан номынхоо жагсаалтыг хараад бодсын. Are they worth reading? гээд л

Хүмүүжих гээд ширээн дээрээ өрчихсөн байгаа номнууд :P
Сүүлийн хоёр жил үгсийн санд маань "Хэрэгтэй ном" гэдэг хэлц/үгс нэмэгдсэн болохыг өөрөө нэг их анзаарахгүй л яваад байж. Хэрэгтэй ном гэдэг нь мэргэжлйн, менежментийн, философийн, уншихад хүнд, уран зохиолын биш (non-fiction), YA novels бүр ч биш гэсэн тодорхойлолттой байх юм. "Хэрэгтэй номнууд" бид хэд гэхдээ нээх сайн найзууд биш ээ. Жишээ нь саяхан нэг л романтик зүйлс болсон "Eleanor and Park" гээд зохиол нэг шөнө бүтэн нойргүй уншиж дуусгаад өглөө нь яг л өөрөө дурлаад гүйж байгаа юм шиг догдолсон хүн ягаан хацартай болчихоод сууж байсан бол одоо уншиж байгаа "Collapse" гээд соёл иргэншлийн сүйрлийн шалтгаануудын тухай, эндээс уншсан зүйлс нь дараа нь их хэрэг болно гэж бодож байгаа номоо хамгийн ихдээ 30 нүүр уншаад л шил, ном, тодруулагч 3-аа өвөртлөөд унтаад өгч байгаа юм даа. Жорж Сорос гуайн нэг номыг өдөр эхлүүлсэн бас л нэг их сонирхол татаж өгөхгүй, сүүлд нь жаахан дүү маань хавтсыг нь салгачихсан л гүйж байсан харагдсан...

Анзаараад байхад уншихад амар, хурдан үйл явдалтай, зүрх хурдан цохилуулж адреналины түвшин өсгөх, за тэгээд мэдээж романтик, эсвэл муур нь ярьж, тэнгэрээс нь загас унадаг (Kafka on the shore-г ярьж байна даа гэж бодож байгаа бол зөв таасан байна :P ) тийм л номнуудад илүү сонирхолтой байгаад байх шиг. Анхнаасаа их хүнд текст уншиж сураагүй маань одоо тийм төрлийн уншихад их саад болж байх шиг ээ. Уг нь сурагч байхад олон төрлийн ном уншдаг байсан бол, бас оюутан болоод хэдхэн сурах бичиг, уран зохиолын номнуудтайгаа зууралдаж байхаар анхнаасаа л non-fiction төрлийн ном сайн уншдаг бол их хэрэг болох юм байна.

Юу унших вэ? Унших чиглэл маань уг нь тодорхой бус бол биш л дээ. Мэдээж л огт хөндлөн зүйлс уншаад байхгүй нь ойлгомжтой. Уншиж байгаа зүйлсийнхээ харьцааг нь хадгалаад, богино хугацаанд сэтгэл ханамж өгөх биш, харин мэдлэг болж чадах гэж бодоод сонгож хэрэгтэй юм шиг байгаа юм уг нь. Ингэж бичихийнхээ яг өмнөхөн нь "Fortunately, The Milk" гээд дүүрэн зураг болсон хүүхдийн зохиол уншаад сууж байсан даа, тэгснээ ичихгүй бичиж байгааз :D

P.S: Англи хэл/Бусад гадаад хэл дээр уншиж эхэлж байгаа бол сонирхолтой, хөгжилтэй, амархан номнуудаас эхэлсэн нь зөв шүү :) тэгэхгүй бол Jane Eyre, эсвэл Дикинсийн зохиолуудаас эхлэх юм бол хэцүү юм байна гээд зогсчихно шд. Сайжирсан хойноо харин өөрийн сонирхол шүү дээ. Миний санаж байгаагаар хамгийн анх англи хэл дээр уншсан ном New Moon байсан санагдаж байна, 30 нүүр уншчихаад ангийнхаа хүүхдэд гайхуулж байснаа ядаж санаад байхымаа :))

Friday, January 10, 2014

“Манай орц гэрэлтүүлэг сайтай, ажлаасаа хичнээн ч оройтож ирсэн харанхуй байнаа л гэж байхгүй” гэж өмнөх эзнийх нь хэлэхийг сонсоод худалдаж авна гэсэн эцсийн шийдвэрээ гаргасан байр минь. Цүнхээ шалан дээр шидэхэд чимээгүй гэрийн эд хогшлыг сэрээсээр их чимээ гарч, уруулын будаг, өдөр идээгүй үлдээсэн алим хоёр өнхрөн алга болов. Алимны улаан нь яг уруулын будагны өнгөтэй маань адилхан юм байна гэж бодож амжлаа. Тэгснээ бас ийм үед ийм зүйл бодож зогсохоо гэж бодоод өөрийгөө шоолно.

Найз охидын инээд чихэнд хангинасан хэвээр. Яг тэдэнтэйгээ ярьж сууж байгаад л, нэгнийх нь хэлсэн зүйлд тасралтгүй инээсээр байхдаа одоо л гарч яваад эндээс, энэ хүмүүсээс, одоо байгаа бүх зүйлсээс нэгмөсөн холдож явах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Тэр өглөө сэрээд л бүхнийг дуусгах хэрэгтэй болсныг мэдсэн шиг.

Намайг алга болсон хойно тэрээр хэрхэн үзгээ бариад, нөгөөх хорин жил хэрэглэсэн, түүний өмнө нь өнгөрсөн үеийн хэн нэгэн найрагч хэрэглэж байсан юм шиг, миний харах болгондоо шинээр солихыг гуйдаг дэвтэр дээрээ шүлэг бичиж суух бол. Юу гэж бичихийг нь мэдэхгүй ч, юу бодож суухыг нь мэдэж байна. Хажууд нь сууж байхдаа ганцаарддаг энэ хүн огт мэдэхгүй газар руу, танихгүй хүмүүс дунд очоод нэг их удахгүй хүрээд л ирнэ гэж бодохыг чинь мэдэж байна. Ингэж бодоод бүр ч явмаар санагдав.

Авч явах зүйлсийнхээ тухай, баяртай гэж хэлэхгүйгээр явахынхаа өмнө очиж уулзах хүмүүсийнхээ тухай бодов.

Удаааан, маш удааан бодов.

Нуруу чилж, хөлөө мэдрэхгүй болтлоо удаан суув.

Цонхны цаана үүр тэмдэгрэх хүртэл, өглөөний аниргүйг хотын шуугиан эзлэх хүртэл бодсоор л байв.

Би эндээс хаашаа ч явахгүй нь.