Tuesday, January 28, 2014

Лагерийн гоц ухаантан

         11-р ангид ордог жилийн зун нэг сургалтын төвд явдаг байсан болохоор өдөр яг ид халуун үеэр автобусанд сууж таардаг байсын. Замдаа даалгавраа хийнэ, ном уншина, халуун байгааг анзаарахгүй гэж их оролдлого хийнээ. Тэгэж яваад нэг сонин гэмээр хүнтэй тааралдсан нь бодогдож эхлээд ерөөсөө толгойноос гардаггүй. Энэ яг юмтай байхаа гээд л ярьдаг даа, арай жаахан өөр зан авир гаргаж байгаа хүнийг. Тэр ах кондуктар хийдаг байсан байхгүй юу, хааяа автобусанд нь суухаар харц нь, хүмүүстэй харьцаж байгаа нь нэг л удаан хараад баймааргүй сэтгэгдэл төрүүлээд байна. 

Нэг өдөр суугаад Harry Potter-оо уншиж байваа, (Goblet of Fire байсныг яг санаж байна, Krum-г байнга боддог байсан үе дээ :P ) , гэнэт нөгөө хүн урд ирж сууснаа ном руу нэг над руу нэг хараад л суугаад байсын. Би ч гүрийгээд доошоо хараад л суугаад байсан, тэгсэн чинь нилээн байж байснаа “Чи наадахаа тэгээд уншаад яг ойлгож байгаа юм уу?” гэдгийн. Инээд хүрээд л, бас бантаад л сонин царайлж байсан чинь ашгүй буух буудал дээрээ ирчихсэн. Энэ хүртэл бол инээдтэй хэсэг нь. Найзууддаа ярьж зөндөө л их инээж байсан санагдаж байна.

Харин өнгөрсөн зуных бол ерөөсөө инээдтэй байгаагүй. Лагертаа очиход – номерийн автобусны хамгийн эцсийн буудал дээр буугаад жаахан буцаж алхдагийн. Дуу сонсоол алхаж байсан чинь замын бүүр цаана, тэр доор байгаа нэг хүн айхтар даллаад л байсан. Нээх анзаарахгүй алхаж байснаа чихэвчээ авсан чинь “Хүүе чи дээр автуусанд явж байсан охин байна шд” гээд л орилж байнаа. Тэгээд л тэр хавиар болгоомжтой явж байгаарай гэж зөндөө сануулдагийг ч хэлэх үү, танихгүй тэгээд орилоод эхлэхээр нь айчихаж байгаам чинь. Зам уруудаад хурдан алхаж байсан нөгөө орилж байсан хүн зам хөндлөн гараад ойртоод ирлээ, тэгэхэд нь нөгөө кондуктар хийдэг байсан хүн байна шд гэж таниад. Тэгээд шууд хар хурдаараа гүйчихсэн.

Удаан амралтнаас болж галзуурч байна уу яаж байна хэд хоногийн өмнө гэнэт тэр хүн санаанд ороод тэгээд нэг бодох болгонд сонин санагдаад л байгаа. Бараг дөрвөн жилийн өмнө харж байсан хүнээ, тэгээд хар мянган хүн өдөр болгон хардаг байж яаж санаж байгаам бол гэж бодоод. Магадгүй гоц ой ухаантай, харсан бүх юмаа цээжилдэг, даанч хүмүүс ухаантай гэдгийг нь мэддэггүй тэгсээр байгаад өөрийгөө хүмүүсийн бодож байгаагаар хүлээн зөвшөөрчихсөн тийм хүн байвал яахав. Өөрийнхөө чадвараа хөгжүүлэх боломж ерөөсөө гарахгүй байсаар байгаад амьдралд нь сайхан зүйлс тохиолдоно гэсэн найдвараа нэгмөсөн хаячихсан зөндөө олон хүмүүсийн нэг нь тааралдсан байж магадгүй. Эсвэл зүгээр л би нэг танил царай харагдаад, тэгээд хаана харсан байж болохов гээд бодонгуутаа автобусанд л харсан байж таарна гээд ганцаараа явж байнгуут айлгахаар шийдсэн өөдгүй хүн ч байж магадгүй л дээ.

Гэхдээ яахав нэгдүгээр хувилбар нь зөв байх гээд шийдчихье. 

Friday, January 17, 2014

Юу унших вэ?

      Хэдэн жилийн өмнө л ямар ном унших вэ гэж бодох ч зүйлгүй олдсоныг нь л, өөрөөр хэлбэл номын дэлгүүр ороод авсан номоо, эсвэл гэрийн номын сангаас олдсоныг нь л уншдаг байж. 4-р ангид байхад билүү дээ нэг ах маань ямар ямар ном уншсан тухай асуухад бараг л асуусан бүхнийг нь уншсан гэж хариулахаас буцахгүй сууж байсын, тэр үед Шүүдэрцэцэгийн "Хулан", Майн Ридийн "Маронууд", Түмэн үлгэрүүд гээд үлгэрийн цуврал, бас хэдэн монгол туужууд, тэгээд "Өвгөн тэнгис хоёр"-ын талыг уншсан байсан шиг санаж байна. Надад л тухайн үедээ маш их санагдаж байсан учраас ахыгаа Жюль Верн, Марк Твен гээд хэдэн мундагуудын тухай ярихад амаа ангайгаад л сууж байсан байх даа. Сонгодог зохиолуудтай танилцаж эхэлсэн үеийг одоо бодоход их сонин. Ямар ч урт юм дээ, яагаад энийг ингэж тайлбарлаж зовооно вэ гээд л харилцан яриатай хэсэг гарахыг хүлээн суудаг байсан ч гэсэн дээ нэг ч мөр алгасалгүй, бас номоо хааж чадалгүй суусаар дуусгадаг байсан даа. Өөр хийх зүйл байгаагүй юм чинь. 

Юу унших вэ гэж санаа зовдоггүй үеийн тухай ярьсан болохоор одоо юу унших вэ гэж уншиж байх зуураа ч санаа зовдог үеийн тухай хэсэг гарч ирнэ. "Хэрвээ хүн бүхний уншиж байгааг л унших юм бол хүн болгонтой л адилхан сэтгэнэ" гэж нэг үг байдаг даа. Найз маань өмнө нь бас энэ тухай хэлж байхад нь эхлээд хүмүүсийн юу уншиж байгааг уншчихаад дараа нь өөрийнхөө юунд сонирхолтойг олж мэдээд тэгээд чиглэлээ сонгож уншина гээд их цэцэрхэж байснаа санаж байна. Гэтэл тийм биш юм шиг ээ. Цаг их байна, залуу байна, унших зүйл хангалттай байна гээд аль л уншмаар санагдсан, түрхэн хугацаанд сэтгэлийн хөдөлгөөнд автуулах зүйлсийг уншаад, өөрийгөө уншигч гэж нэрлээд гүйгээд яваад байж болохгүйг уншсан номынхоо жагсаалтыг хараад бодсын. Are they worth reading? гээд л

Хүмүүжих гээд ширээн дээрээ өрчихсөн байгаа номнууд :P
Сүүлийн хоёр жил үгсийн санд маань "Хэрэгтэй ном" гэдэг хэлц/үгс нэмэгдсэн болохыг өөрөө нэг их анзаарахгүй л яваад байж. Хэрэгтэй ном гэдэг нь мэргэжлйн, менежментийн, философийн, уншихад хүнд, уран зохиолын биш (non-fiction), YA novels бүр ч биш гэсэн тодорхойлолттой байх юм. "Хэрэгтэй номнууд" бид хэд гэхдээ нээх сайн найзууд биш ээ. Жишээ нь саяхан нэг л романтик зүйлс болсон "Eleanor and Park" гээд зохиол нэг шөнө бүтэн нойргүй уншиж дуусгаад өглөө нь яг л өөрөө дурлаад гүйж байгаа юм шиг догдолсон хүн ягаан хацартай болчихоод сууж байсан бол одоо уншиж байгаа "Collapse" гээд соёл иргэншлийн сүйрлийн шалтгаануудын тухай, эндээс уншсан зүйлс нь дараа нь их хэрэг болно гэж бодож байгаа номоо хамгийн ихдээ 30 нүүр уншаад л шил, ном, тодруулагч 3-аа өвөртлөөд унтаад өгч байгаа юм даа. Жорж Сорос гуайн нэг номыг өдөр эхлүүлсэн бас л нэг их сонирхол татаж өгөхгүй, сүүлд нь жаахан дүү маань хавтсыг нь салгачихсан л гүйж байсан харагдсан...

Анзаараад байхад уншихад амар, хурдан үйл явдалтай, зүрх хурдан цохилуулж адреналины түвшин өсгөх, за тэгээд мэдээж романтик, эсвэл муур нь ярьж, тэнгэрээс нь загас унадаг (Kafka on the shore-г ярьж байна даа гэж бодож байгаа бол зөв таасан байна :P ) тийм л номнуудад илүү сонирхолтой байгаад байх шиг. Анхнаасаа их хүнд текст уншиж сураагүй маань одоо тийм төрлийн уншихад их саад болж байх шиг ээ. Уг нь сурагч байхад олон төрлийн ном уншдаг байсан бол, бас оюутан болоод хэдхэн сурах бичиг, уран зохиолын номнуудтайгаа зууралдаж байхаар анхнаасаа л non-fiction төрлийн ном сайн уншдаг бол их хэрэг болох юм байна.

Юу унших вэ? Унших чиглэл маань уг нь тодорхой бус бол биш л дээ. Мэдээж л огт хөндлөн зүйлс уншаад байхгүй нь ойлгомжтой. Уншиж байгаа зүйлсийнхээ харьцааг нь хадгалаад, богино хугацаанд сэтгэл ханамж өгөх биш, харин мэдлэг болж чадах гэж бодоод сонгож хэрэгтэй юм шиг байгаа юм уг нь. Ингэж бичихийнхээ яг өмнөхөн нь "Fortunately, The Milk" гээд дүүрэн зураг болсон хүүхдийн зохиол уншаад сууж байсан даа, тэгснээ ичихгүй бичиж байгааз :D

P.S: Англи хэл/Бусад гадаад хэл дээр уншиж эхэлж байгаа бол сонирхолтой, хөгжилтэй, амархан номнуудаас эхэлсэн нь зөв шүү :) тэгэхгүй бол Jane Eyre, эсвэл Дикинсийн зохиолуудаас эхлэх юм бол хэцүү юм байна гээд зогсчихно шд. Сайжирсан хойноо харин өөрийн сонирхол шүү дээ. Миний санаж байгаагаар хамгийн анх англи хэл дээр уншсан ном New Moon байсан санагдаж байна, 30 нүүр уншчихаад ангийнхаа хүүхдэд гайхуулж байснаа ядаж санаад байхымаа :))

Friday, January 10, 2014

“Манай орц гэрэлтүүлэг сайтай, ажлаасаа хичнээн ч оройтож ирсэн харанхуй байнаа л гэж байхгүй” гэж өмнөх эзнийх нь хэлэхийг сонсоод худалдаж авна гэсэн эцсийн шийдвэрээ гаргасан байр минь. Цүнхээ шалан дээр шидэхэд чимээгүй гэрийн эд хогшлыг сэрээсээр их чимээ гарч, уруулын будаг, өдөр идээгүй үлдээсэн алим хоёр өнхрөн алга болов. Алимны улаан нь яг уруулын будагны өнгөтэй маань адилхан юм байна гэж бодож амжлаа. Тэгснээ бас ийм үед ийм зүйл бодож зогсохоо гэж бодоод өөрийгөө шоолно.

Найз охидын инээд чихэнд хангинасан хэвээр. Яг тэдэнтэйгээ ярьж сууж байгаад л, нэгнийх нь хэлсэн зүйлд тасралтгүй инээсээр байхдаа одоо л гарч яваад эндээс, энэ хүмүүсээс, одоо байгаа бүх зүйлсээс нэгмөсөн холдож явах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Тэр өглөө сэрээд л бүхнийг дуусгах хэрэгтэй болсныг мэдсэн шиг.

Намайг алга болсон хойно тэрээр хэрхэн үзгээ бариад, нөгөөх хорин жил хэрэглэсэн, түүний өмнө нь өнгөрсөн үеийн хэн нэгэн найрагч хэрэглэж байсан юм шиг, миний харах болгондоо шинээр солихыг гуйдаг дэвтэр дээрээ шүлэг бичиж суух бол. Юу гэж бичихийг нь мэдэхгүй ч, юу бодож суухыг нь мэдэж байна. Хажууд нь сууж байхдаа ганцаарддаг энэ хүн огт мэдэхгүй газар руу, танихгүй хүмүүс дунд очоод нэг их удахгүй хүрээд л ирнэ гэж бодохыг чинь мэдэж байна. Ингэж бодоод бүр ч явмаар санагдав.

Авч явах зүйлсийнхээ тухай, баяртай гэж хэлэхгүйгээр явахынхаа өмнө очиж уулзах хүмүүсийнхээ тухай бодов.

Удаааан, маш удааан бодов.

Нуруу чилж, хөлөө мэдрэхгүй болтлоо удаан суув.

Цонхны цаана үүр тэмдэгрэх хүртэл, өглөөний аниргүйг хотын шуугиан эзлэх хүртэл бодсоор л байв.

Би эндээс хаашаа ч явахгүй нь.