Friday, January 10, 2014

“Манай орц гэрэлтүүлэг сайтай, ажлаасаа хичнээн ч оройтож ирсэн харанхуй байнаа л гэж байхгүй” гэж өмнөх эзнийх нь хэлэхийг сонсоод худалдаж авна гэсэн эцсийн шийдвэрээ гаргасан байр минь. Цүнхээ шалан дээр шидэхэд чимээгүй гэрийн эд хогшлыг сэрээсээр их чимээ гарч, уруулын будаг, өдөр идээгүй үлдээсэн алим хоёр өнхрөн алга болов. Алимны улаан нь яг уруулын будагны өнгөтэй маань адилхан юм байна гэж бодож амжлаа. Тэгснээ бас ийм үед ийм зүйл бодож зогсохоо гэж бодоод өөрийгөө шоолно.

Найз охидын инээд чихэнд хангинасан хэвээр. Яг тэдэнтэйгээ ярьж сууж байгаад л, нэгнийх нь хэлсэн зүйлд тасралтгүй инээсээр байхдаа одоо л гарч яваад эндээс, энэ хүмүүсээс, одоо байгаа бүх зүйлсээс нэгмөсөн холдож явах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Тэр өглөө сэрээд л бүхнийг дуусгах хэрэгтэй болсныг мэдсэн шиг.

Намайг алга болсон хойно тэрээр хэрхэн үзгээ бариад, нөгөөх хорин жил хэрэглэсэн, түүний өмнө нь өнгөрсөн үеийн хэн нэгэн найрагч хэрэглэж байсан юм шиг, миний харах болгондоо шинээр солихыг гуйдаг дэвтэр дээрээ шүлэг бичиж суух бол. Юу гэж бичихийг нь мэдэхгүй ч, юу бодож суухыг нь мэдэж байна. Хажууд нь сууж байхдаа ганцаарддаг энэ хүн огт мэдэхгүй газар руу, танихгүй хүмүүс дунд очоод нэг их удахгүй хүрээд л ирнэ гэж бодохыг чинь мэдэж байна. Ингэж бодоод бүр ч явмаар санагдав.

Авч явах зүйлсийнхээ тухай, баяртай гэж хэлэхгүйгээр явахынхаа өмнө очиж уулзах хүмүүсийнхээ тухай бодов.

Удаааан, маш удааан бодов.

Нуруу чилж, хөлөө мэдрэхгүй болтлоо удаан суув.

Цонхны цаана үүр тэмдэгрэх хүртэл, өглөөний аниргүйг хотын шуугиан эзлэх хүртэл бодсоор л байв.

Би эндээс хаашаа ч явахгүй нь.

No comments:

Post a Comment