Tuesday, January 28, 2014

Лагерийн гоц ухаантан

         11-р ангид ордог жилийн зун нэг сургалтын төвд явдаг байсан болохоор өдөр яг ид халуун үеэр автобусанд сууж таардаг байсын. Замдаа даалгавраа хийнэ, ном уншина, халуун байгааг анзаарахгүй гэж их оролдлого хийнээ. Тэгэж яваад нэг сонин гэмээр хүнтэй тааралдсан нь бодогдож эхлээд ерөөсөө толгойноос гардаггүй. Энэ яг юмтай байхаа гээд л ярьдаг даа, арай жаахан өөр зан авир гаргаж байгаа хүнийг. Тэр ах кондуктар хийдаг байсан байхгүй юу, хааяа автобусанд нь суухаар харц нь, хүмүүстэй харьцаж байгаа нь нэг л удаан хараад баймааргүй сэтгэгдэл төрүүлээд байна. 

Нэг өдөр суугаад Harry Potter-оо уншиж байваа, (Goblet of Fire байсныг яг санаж байна, Krum-г байнга боддог байсан үе дээ :P ) , гэнэт нөгөө хүн урд ирж сууснаа ном руу нэг над руу нэг хараад л суугаад байсын. Би ч гүрийгээд доошоо хараад л суугаад байсан, тэгсэн чинь нилээн байж байснаа “Чи наадахаа тэгээд уншаад яг ойлгож байгаа юм уу?” гэдгийн. Инээд хүрээд л, бас бантаад л сонин царайлж байсан чинь ашгүй буух буудал дээрээ ирчихсэн. Энэ хүртэл бол инээдтэй хэсэг нь. Найзууддаа ярьж зөндөө л их инээж байсан санагдаж байна.

Харин өнгөрсөн зуных бол ерөөсөө инээдтэй байгаагүй. Лагертаа очиход – номерийн автобусны хамгийн эцсийн буудал дээр буугаад жаахан буцаж алхдагийн. Дуу сонсоол алхаж байсан чинь замын бүүр цаана, тэр доор байгаа нэг хүн айхтар даллаад л байсан. Нээх анзаарахгүй алхаж байснаа чихэвчээ авсан чинь “Хүүе чи дээр автуусанд явж байсан охин байна шд” гээд л орилж байнаа. Тэгээд л тэр хавиар болгоомжтой явж байгаарай гэж зөндөө сануулдагийг ч хэлэх үү, танихгүй тэгээд орилоод эхлэхээр нь айчихаж байгаам чинь. Зам уруудаад хурдан алхаж байсан нөгөө орилж байсан хүн зам хөндлөн гараад ойртоод ирлээ, тэгэхэд нь нөгөө кондуктар хийдэг байсан хүн байна шд гэж таниад. Тэгээд шууд хар хурдаараа гүйчихсэн.

Удаан амралтнаас болж галзуурч байна уу яаж байна хэд хоногийн өмнө гэнэт тэр хүн санаанд ороод тэгээд нэг бодох болгонд сонин санагдаад л байгаа. Бараг дөрвөн жилийн өмнө харж байсан хүнээ, тэгээд хар мянган хүн өдөр болгон хардаг байж яаж санаж байгаам бол гэж бодоод. Магадгүй гоц ой ухаантай, харсан бүх юмаа цээжилдэг, даанч хүмүүс ухаантай гэдгийг нь мэддэггүй тэгсээр байгаад өөрийгөө хүмүүсийн бодож байгаагаар хүлээн зөвшөөрчихсөн тийм хүн байвал яахав. Өөрийнхөө чадвараа хөгжүүлэх боломж ерөөсөө гарахгүй байсаар байгаад амьдралд нь сайхан зүйлс тохиолдоно гэсэн найдвараа нэгмөсөн хаячихсан зөндөө олон хүмүүсийн нэг нь тааралдсан байж магадгүй. Эсвэл зүгээр л би нэг танил царай харагдаад, тэгээд хаана харсан байж болохов гээд бодонгуутаа автобусанд л харсан байж таарна гээд ганцаараа явж байнгуут айлгахаар шийдсэн өөдгүй хүн ч байж магадгүй л дээ.

Гэхдээ яахав нэгдүгээр хувилбар нь зөв байх гээд шийдчихье. 

No comments:

Post a Comment