Wednesday, February 12, 2014

Тал тоосгоны үлгэр

Хаа сайгүй амьдрал буцалж байсан цаг үед, хүмүүс өөрсдийн барьж босгосон зүйлсийнхээ боол болж, урьд цагт хүмүүний сайн сайхны төлөө байхаар бүтээгдсэн зүйл элдэв янзын үл ойлгогдох нэртэй болж хувираад гай тарьж байхад, нэгэн судлаач музейд хадгалагдаж байсан үнэт судар уран нарийн хийгдсэн хуулбар байхыг олж тодруулж, хамгийн өндөр түвшинд хүрсэн соёл иргэншлийн үлдэгдэл болсон олдвороос хүнийг чанаж иддэг байсан нь тодруулагдсан тогоо олдож, нэр нь өдөр бүр чихнээс зүүгдээстэй байдаг "том" компаний хурлын өрөөнд уйдсан менежер цагаа хяламхийн сууж байх үед энэ бүхний тухай юу ч мэдэхгүй нэгэн цахлай өөртөө гэр барихаар тоосгоны эрэлд гарчээ. 

Уг цахлай хоол ундгүй, гурван төмөр таяг, гурван төмөр малгай, гурван төмөр гутал элээсээр...(Ниссээр байгаад ядрахаараа гутлаа өмсөөд замын хажуу даган алхдаг гэж төсөөлвөл зохино). Хааяа замын машинд дайгдсаар тоосгоны үйлдвэрт очив. Хөөрхий шувууны гай болж тоосгоны үйлдвэрийн эзэн идсээр байгаад хацраа харахаа больсон бор толботой, саарал гахай байж таарна. Тоосго авах гэсэн мөнгө байхгүй, ядаж авч гарсан бүх зүйлс нь хагарч бутраад, дээрэмдүүлээд дууссан байдаг. Шуналт гахай хэлсэн нь:

-"Хэрзгэр хөлтөө чи энэ дэлхий ертөнцөд юу болж байгааг мэдэж байна уу? Цаана чинь үгээгүй хоосон хүн ч өөрийгөө мөнгөтэй гэж итгүүлж чадвал хэн нэгнээс хөрөнгө салгаж чаддаг болоод байна. Хувьцаа гэж юу болохыг мэдэх үү? Чиний насан дээр байсан бол би хэдэн өдөө зараад ч болов Америк явж баяжих байлаа. Одоо яая гэхэв, мөнгөгүй юм хойно явж төмс олж ир" гэв ээ.

Гэртэй болох мөрөөдөлдөө автсан шувуу маань гуйхыг нь гуйж, захиа зөөгчөөр ажиллаж, тариан талбайн эздэд болжмор, хэрээ хөөгчийн ажил хийж долигнож байж арай гэж шуудай төмс цуглуулна. Энэ хугацаанд хичнээн амь өрссөн тулаан болсныг үлгэрийг хүүрнэгч би дурдахаас татгалзаж байна. Юмыг яаж мэдэхэв, дүү нартаа шөнө унтахад нь ярьж өгөхөөр шийдэх юм бол хүүхдэд зодоон, маажилцаан, өд зулгаалтын тухай их ярьж болохгүй шүү дээ. Ямартай ч энэ бүхний эцэст цахлай маань тоосгоны эзэнд шуудай төмсөө өгөөд хэдэн тоосгоо гардан авч баяр хөөр дүүрэн нутаг буцваа. Тааралдсан бүхэн нь л цахлайг тэвчээртэй гэнэ, ажилсаг л юм гэнэ, гахайнаас яаж тоосго салгаж авсан нь цахлай сүргийн балчируудад Одиссей хэрхэн Циклопоос мултарсантай эн зэрэгцэхүйц түүх болон яригдах боллоо. Гэвч энэ бүхний дараа, гэртээ эргэж ирээд, хол аялсан цахлай маань нарлаг дулаан газар амьдардаг, гэр барих шаардлагагүй шувуу гэдгээ олж ухаарахын зэрэгцээ уурандаа бүх тоосгоо толгойгоороо цөм цохин тал тоосгоны бяцхан овоо босгосон нь хожмын нэгэн өдөр нүдний шилтэй тайрмал үстэй яруу найрагч бүдэрч унахдаа өөрийн алдарт шүлгээ бодож олох байсныг зүрх нь дэлбэрэх шахаж байгаа шувуу төсөөлөх ч үгүй байв. 

Тоосгоо мөргөн таллаж байгаа цахлайг сургуулийн номын сангийн шатаар уруудахдаа корпорацийн санхүүгийн номоо духаараа мөргөж байгаа төгсөх ангийн оюутантай зүйрлэвэл нэг их хол зөрөхгүй шүү. 

Духаараа хатуу зүйл мөргөж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дуртай уг хоёр амьд биетэд цаашид юу тохиолдохыг нэг сайхан бороотой өдөр олж мэднэ гэж найдъя.