Sunday, March 9, 2014

Slow and Steady, Her, and Spring

"Her" film (2013)
Жаргалтай алхаж байгаа хүмүүсийн тухай бодол дандаа нартай холбоотой байдаг. Нар ээгээд л, дурлалдаа автаад эргэн тойрноо анзаарахаа больсон хүмүүс зөрнө, байшингийн дээвэр харангаа алхаж явахад хотын чимээ нэг хөгжим болж хувирна даа. Халууныг тэсвэрлэдэггүй хэдий ч наранд их дуртай. Дээрх залууг буюу Теодорыг харвал яг л тийм байгаа биз. Өөр нэг хүнтэй биш, өөрөө сэтгэн бодох чадвартай үйлдлийн системтэйгээ ярин алхаж яваа Теодорыг харсан хэн ч түүнийг аз жаргалтай биш гэж хэлэхгүй. Зөрөн алхаж байгаа хүмүүс нь ч бас өөр өөрт нь тохируулагдан өөрчлөгдсөн үйлдлийн системүүдтэйгээ баяртайгаар ярин алхацгаана. Яг энэ хэсгийг үзэж байхдаа хүмүүс ингэж амьдрах цаг ч удахгүй ирэх байх даа, нэг нэгэнтэйгээ ярихаа болиод тус тусдаа амар тайван ингээд байж байдаг болно гээд гунигтай санагдсын. 

Өдөр зам гарч яваад тэр үе аль хэдийнэ иржээ гэдгийг ойлгосон. Of monsters and Men-Slow and Steady сонсоод, гадаа дулаахан байгаад баярлаж, малгайгаа тайлж кармаалчихаад хажуу тийшээ хартал яг минийх шиг чихэвчтэй, үүргэвч үүрсэн залуу инээчихсэн хөгжим сонсоод алхаж байхыг харангуут "Her" дээр гарсан энэ дүр зураг шууд нүдэнд тодроод ирвээ. Хөгжмөө сонсоод л, хүмүүсийн өнгийж харвал нээх сонирхолтой биш санагдаж магадгүй амар тайван ертөнцдөө амьдарч байгаа над шиг маш олон хүмүүс байгааг, бид бүгдээрээ л тал талдаа нуувчинд орсон эсрэг талууд шиг байна даа гэж бодогдсон. 

Магадгүй...магадгүй шүү, хадгалж яваа бүхний чинь хариултыг мэдэх хэн нэгэн байгаа л байх, бүр сонсохыг үргэлж хүсч байдаг хүн хүлээж ч байдаг юм билүү. Ойрд их цасан шуурга шиг сэтгэлзүйтэй амьдарч байгаа учраас өөртөө ч хааяа итгэхэд хэцүү болчих юм. Гэхдээ л ярьж байх хэрэгтэй юм байна гэдэгт, хүмүүс нэг нэгэндээ заримынх нь боддогоос хамаагүй их хэрэгтэй байдаг гэдгийг бол нилээн сайн ойлгосон. "Her" дээр гардаг үйл явдлыг амьдаар гэрчилснийхээ дараа, өөртөө хамгийн их итгэдэг байх даа гэж бодож явдаг хүн минь өөрийгөө ямар үнэ цэнтэй гэдгийг мэддэггүй болохыг олж сонссоныхоо дараа ганц зүйлийг өөртэйгөө тохирсон. За одооноос чи ингэж байгаарай за юу гээд.

No comments:

Post a Comment