Sunday, April 27, 2014

Season 22, Episode 13, Conquering your Fear

Whisper of the Heart, Ghibli Studio
Палома олон зүйлийг сануулсан. Үнэндээ бид бүгдээрээ л их айж байгаа. Айдсаа мартах гэж, эсвэл анхаарлаа сарниулах гэж олон янзаар оролдсоор эцэстээ яагаад айж эхэлснээ мартдаг байхаа. Би ямар үед хамгийн их айдсыг мэдэрдэг вэ гэдэг тухай бодсон. Хайртай хүмүүст минь муу зүйл тохиолдох вий, ямар нэг гамшиг тулгарах вий гэдэг бол тодорхойлоход амархан, учир шалтгаан нь ойлгомжтой төрлийн айдас. Яагаад вэ гэдэг нь ойлгомжгүй айдас л хамгийн жигтэй. Шизүкү өөрийгөө чадахгүй байх вий гэж их айсан, юу хиймээр байгаагаа мэдэх ч авьяасгүй бол яах вэ гэж бодоод түүнийгээ мэдэх гээд их хичээдэг. Хүмүүс айдсаа даван туулна гэж ярьдаг, даван туулах гэхээр яагаад ч юм биеийн тамирын хувцас өмсөөд толгойдоо алчуур зүүгээд аахилан уул руу зүтгэж байгаа дүр зураг бууна. Нэг тийм хүчилсэн, маш их чармайлт гаргасан сэтгэгдэл төрүүлээд байдаг юм. Тэгэж байснаас зүгээр л эвлэрсэн нь дээр юм шиг, өөрөөр хэлбэл айдсаа хөшүүрэг болгон ашиглаж болно, хэрвээ айх мэдрэмжинд автмааргүй байвал өөрийгөө илүү сайжруул...гэх мэтээр. 

Өнгөрсөн долоо хоногт юм л бол боловсролын үнэ цэнэ гээд үглээд байсан маань сүүлдээ айдсын тухай яриа болж дуусч байна. Боловсрол утга учиргүй айдсаас биднийг салгах учраас ингэж бодсын. Хүмүүс бид мэдэхгүй байгаа, үл ойлгогдох зүйлсээс айдаг гэдэг дээ. Боловсролтой хүн ядаж л хүүхдүүд нь өлсөхгүй, хичнээн хэцүү байдалд орсон ч тэрнээсээ яаж гарах вэ гэдэг аргыг хэрхэн суралцахаа мэддэг. Гэр бүлдээ дараа болохгүй, тус нэмэр болж байна, өөрийнхөө амьдралыг бүтээж чаднаа гэдгийг жинхнээсээ мэдрэхэд боловсрол л бас бидэнд туслана. Хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх сайхан биз дээ? Өнгөрсөн есөн сард ээжид би ч их хэрэгцээгүй хүн юм аа даа гэж хэлээд шоолуулж байсын, яагаад л бас шоудчихав даа гээд :P Ээж янз бүрийн ааш гаргаж байгаа, ер нь sentimental болоод байгаа хүмүүс шоудах гэж нэрлэдэгийн хэхэ. 

Эд нар бол боловсролтой байхын дөнгөж эхний давуу талууд нь. Гадна орчинтой, бусад хүмүүсээс хамаарах олон асуудалд хариулт өгөхөөс гадна ерөөсөө л өөрсдийгөө ойлгоход, сэтгэл санаагаа тайван амгалан байлгахад тусалж чадна гэдгийг ойлгож эхэлж байна. Боловсрол гэж нээрээ хичээл дээрээ суугаад бичиж авч байгаа лекцүүдийг хэлээгүй юм шүү. Зөндөө их ном, кино, аймшигтай ухаалаг хүмүүс, бүр мөчирнүүдээ бүгдийг нь тайруулчихаад өрөвдөлтэй нь аргагүй арзайчихсан манай байрны өмнөх модод, толгойгүй болчихсон хэвтэж байсан тагтаатай холбоотой гэмт хэргээс хүртэл боловсролыг олж авна. Гэхдээ л гол арга нь унших гэж бодсон хэвээрээ. Уншаад, эргэцүүлээд, хэрэгжүүлж үзэх. (их мэдэмхийрч байна даа өнөөдөр ч :P ) 

"Аз жаргал гэдэг орой орондоо ороод, тайван унтаж амарч чаддаг байхыг, өглөө яана даа гэж санаа зовохгүй байхыг хэлдэг гэж боддог" гэж хүндэлж явдаг хүмүүсийн маань нэг хэлж байсын. Өмнө нь бичиж ч байсан байж магадгүй. Тэгэж мэдрэхэд боловсрол их чухал юм шиг ээ.  Friends- Season 2 дээр Моника хуримын хоол хийх гээд төлөвлөж төлөвлөж байгаад сүүлдээ хийж амжихгүй бүгдийг нь дайчилдаг хэсэг байдаг даа. Тэрэн шиг бодож бодож сүүлдээ хийж амжихгүй шахуу болчихоод байдаг тал бий... :l 

Өглөө босоод санаа зовж байгаа зүйлсээс, яаж гомдсон тухай бодож өөрийгөө өрөвдөж суухаас чухал зүйлс гэж байгаа. Даанч тэр бүр санахгүй, төөрөөд алга болно. Кал гэрээсээ оргочихоод буцаж ирж байхдаа өөрийнхөө эрэгтэй ч биш эмэгтэй биш болчихсон хачин нөхцөл байдлаас нь өөр чухал зүйлс амьдралд байгааг мэдэрдэг шиг... Бичиж байтал дэлгэцний буланд, Unabridged journals of Sylvia Plath downloaded гэж гарч ирээд хамаг анхаарал тийшээгээ алга боллоо. Sylvia-гийн ертөнцөөр дахин аялах нь гэж бодсон чинь сайхан байна. Гол нь юу чухал вэ гэдгийг харцгаая гэж зөндөө их үглэдэгт бас жаахан учир байгаа юм шүү :) 

Saturday, April 26, 2014

Инээд байхгүй энэ их шуугиан!

12 сарын 16-н, 12 сарын 17-н. 12 сар тэр чигтээ! Хоёр найз инээлдсээр их дэлгүүрийн урдуур өнгөрнө. Бэлэгний санаа ярилцана. Удахгүй шинэ жил! Эгчдээ чихмэл хурга худалдаж аваад хэнтэй адилхан тухай ярилцаад  бас л инээцгээнэ. Ямар их догдлол, дулаан илч вэ. Ирээдүй гэж нэг бүрхэг зүйл байхад тэдний бодолд хамаг л сайнаараа төсөөлөгдөнө.
Ягаан нүдний шил, ширээний буланд тавьсан жижигхэн сүлд мод. Гүн ногоон өнгийн, турьхан хэдхэн мөчиртэй сүлд модонд гялалзсан саатай хэдхэн цагаан бөмбөлөг, бас Си Жи 7. Жижигхэн модтой, жижигхэн өрөөтэй, өөрсдөө ч бас жижигхэн хүүхдүүдийн сэтгэл нь харин том! Тэр өрөө, тэр хүмүүс бүхэлдээ нэг том чихэр шиг. Бодоход, дурсахад өөрийн эрхгүй sweetness гэсэн үг санаанд орж ирдэг болохоор тэр, чихэрнээс гарчихаар бодол сүүлдээ чихэр шиг амтагдаж эхэлдэг юм бол уу.

Инээд цацарсан тэр үеийн хүүхдүүд хаачсан юм бол гэж хааяа гайхдаг, завгүй гүйсэн, цаг минутыг тооцсон, хэзээ ч том хүмүүс шиг ийм инээд хөөргүй, чухал царайлсан болмооргүй байна гэж боддог байсан үеийн би ба тэд тээр тэнд хуучин өрөөндөө үлдэж, харин өөрсдөө илүү том өрөөнд, магадгүй ганган гацууртай болцгоож, тэндээ болор тоглоомууд өлгөөд, хөөрөлдөн суухдаа сэтгэл маань “том” байж чадахгүй байвал яах вэ?

Цахлайг салхи цохин унагаажээ. Далайд хөвж байхдаа салхийг үзэн ядна. Салхи чи байхгүй болоод өгдөг ч болоосой! Ингэж бодлоо гээд салхи алга болохгүй. Одоо яаж ч буцаж очихийг хүслээ гээд бид яг тэр цаг хугацааны агшинд, догдлол хайраар гэрэлтэн зогсож чадахгүй. Гэнэт чимээ нүргэлэн сонсогдож, Альберто нэг гартаа нарны том бүрх, нөгөө гартаа Софиг хөтөлсөөр гарч ирлээ. Софи инээмсэглэнэ. Энэ хугацаанд юу үзэж туулж, ямар нууцуудыг илрүүлсэн бол доо! Цаг хугацаа үл өнгөрөх өөрсдийн ертөнцдөө урин гараа сунгана. Салхинд цохигдохдоо гэмтсэн далавчаа Софийн гар өөд сунгахдаа арагш нэг ухраад ганцхан зүйл гуйна. Хамтдаа явахаасаа өмнө, цаг хугацааны аялагч биш, хөндлөнгийн ажиглагч болохоосоо өмнө нэг газар очиж үзэхийг хүснэ. Өнөөх өрөө! Шоколадтай уруулын будаг! Инээд.