Saturday, April 26, 2014

Инээд байхгүй энэ их шуугиан!

12 сарын 16-н, 12 сарын 17-н. 12 сар тэр чигтээ! Хоёр найз инээлдсээр их дэлгүүрийн урдуур өнгөрнө. Бэлэгний санаа ярилцана. Удахгүй шинэ жил! Эгчдээ чихмэл хурга худалдаж аваад хэнтэй адилхан тухай ярилцаад  бас л инээцгээнэ. Ямар их догдлол, дулаан илч вэ. Ирээдүй гэж нэг бүрхэг зүйл байхад тэдний бодолд хамаг л сайнаараа төсөөлөгдөнө.
Ягаан нүдний шил, ширээний буланд тавьсан жижигхэн сүлд мод. Гүн ногоон өнгийн, турьхан хэдхэн мөчиртэй сүлд модонд гялалзсан саатай хэдхэн цагаан бөмбөлөг, бас Си Жи 7. Жижигхэн модтой, жижигхэн өрөөтэй, өөрсдөө ч бас жижигхэн хүүхдүүдийн сэтгэл нь харин том! Тэр өрөө, тэр хүмүүс бүхэлдээ нэг том чихэр шиг. Бодоход, дурсахад өөрийн эрхгүй sweetness гэсэн үг санаанд орж ирдэг болохоор тэр, чихэрнээс гарчихаар бодол сүүлдээ чихэр шиг амтагдаж эхэлдэг юм бол уу.

Инээд цацарсан тэр үеийн хүүхдүүд хаачсан юм бол гэж хааяа гайхдаг, завгүй гүйсэн, цаг минутыг тооцсон, хэзээ ч том хүмүүс шиг ийм инээд хөөргүй, чухал царайлсан болмооргүй байна гэж боддог байсан үеийн би ба тэд тээр тэнд хуучин өрөөндөө үлдэж, харин өөрсдөө илүү том өрөөнд, магадгүй ганган гацууртай болцгоож, тэндээ болор тоглоомууд өлгөөд, хөөрөлдөн суухдаа сэтгэл маань “том” байж чадахгүй байвал яах вэ?

Цахлайг салхи цохин унагаажээ. Далайд хөвж байхдаа салхийг үзэн ядна. Салхи чи байхгүй болоод өгдөг ч болоосой! Ингэж бодлоо гээд салхи алга болохгүй. Одоо яаж ч буцаж очихийг хүслээ гээд бид яг тэр цаг хугацааны агшинд, догдлол хайраар гэрэлтэн зогсож чадахгүй. Гэнэт чимээ нүргэлэн сонсогдож, Альберто нэг гартаа нарны том бүрх, нөгөө гартаа Софиг хөтөлсөөр гарч ирлээ. Софи инээмсэглэнэ. Энэ хугацаанд юу үзэж туулж, ямар нууцуудыг илрүүлсэн бол доо! Цаг хугацаа үл өнгөрөх өөрсдийн ертөнцдөө урин гараа сунгана. Салхинд цохигдохдоо гэмтсэн далавчаа Софийн гар өөд сунгахдаа арагш нэг ухраад ганцхан зүйл гуйна. Хамтдаа явахаасаа өмнө, цаг хугацааны аялагч биш, хөндлөнгийн ажиглагч болохоосоо өмнө нэг газар очиж үзэхийг хүснэ. Өнөөх өрөө! Шоколадтай уруулын будаг! Инээд.

No comments:

Post a Comment