Monday, August 11, 2014

Insanity of Highly caffeinated Mind

Оффисийн барилгын цахилгаан шатны өмнө эргэлдэж байгаа хүнтэй өдөр болгон таарахгүй шүү. Зүрх хурдан цохилж, толгой бага зэрэг эргэж, ойр хавьд үсэрч дэгдэж байгаа хүн байвал шуудхан очоод хажууд нь үсэрмээр санагдах бол яавч эрүүл биш ээ. Өмнөх шөнө нь маргааш кофе уухгүй ээ гэж бодно. Ном, сэтгүүл, хувцас хөглөрсөн орон дээрээ цаг дуугарахыг чимээгүй сонсож суугаад, нойроо хүрэхийг хүлээнэ. Одоо унтвал цөлд ус руу зүтгэж байгаа төөрсөн аялагч шиг сандал дээрээсээ унаад кофе чанагч руу мөлхөж байна гэж зүүдлэх байх даа. 

Өрөөнд юу ч үгүй хоосон байх сайхан ч юм шиг. Ганц ортойгоо үлдсэн хүний үг байгаа юм. Ном ч үгүй, хана дүүргэсэн газрын зураг, зургийн жаазгүй, одоо нэг чанга хашгирвал өрөө дүүрэн цууриатна. ӨрррөөөӨӨӨӨӨ ДҮҮҮҮҮҮҮҮРЭНН. Тэгэж орилж хашгирахгүй л дээ. Өглөө тэгэж бодсын. Нүдээ аниад алхаж байхдаа. Яг тэр хавьд зам гараад алхахаар нэг хэсэг тэгшхэн зам байдаг байхгүй юу, ажилдаа яарч байгаа хүн ирээд мөргөчихгүй бол нэг хэсэг нүдээ аниад дуу сонсоод алхаж болохоор зам. "...Энэ муу бодол маань аль хэдийнэ хайрцганд сууж байгаа хүнийх шиг болжээ хөөрхий..." гэж бодоод. Бодлыг маань таасан юм шиг хоёр үүргэвчтэй жуулчин том хараад өнгөрсөн. Энэ нөхөр нүдээ аньж яваад унаж үхэхвий дээ ч гэж бодсон байж магадгүй. Хэн мэдэхэв.

Их том нээлт хийсэн хүн шиг Эврика! гэж хэлээд босч ирэх гээгүй. Гэхдээ нэг юм анзаарсан. "Том болохоор" ( их том болсон хүний үг шүү :P ) байгаатайгаа зохицож амьдрахыг илүүд үздэг юм шигээ. За яахав, хүн өөрийгөө өөрчилж чадах биш гэж их боддог болдог, ер нь л завинд суух гэж оролдохоо болиод эрэг дээр хэвтээд хөвж алга болж байгааг нь харсаар хоцрох нь их болдог юм шигээ. Магадгүй бүх зүйл хэтэрхий оройтсон нь үнэн байх. Гэтэл тэр булангаас шингэхэн хоолой "Найдвараа бүү алдаарай" гэж жингэнэн сануулна. Little people-ынх шиг янз бүрийн хоолой энд тэндээс гарч эхэлнээ, энэ дөнгөж эхлэл нь.

Бага байхад жаахан юм санаанд таарахгүй байхад л урвайгаад аав ээжийгээ зовоодог доо. Жаахан томрохоор "За яахав дээ..." гэж хэлээд нэг гүнзгий амьсгаа аваад мартдаг болдог бололтой. Тайван байна гэдэг л их том зүйл. 

....Өглөө энэ үгс мартагдана. Хаалга онгойлгоогүй байхад л кофений үнэр ханхийнэ. Долоо хоног өнгөрнө. Тэрний дараагийн долоо хоног..бас тэрний дараагийн...

Зургаан давхрын цахилгаан шатны урд туфлиэ гартаа барьсан эмэгтэй эргэлдэнэ...Хөлөөр нь шаргал навчис удахгүй хөглөрнө. Та ч бас навчсын тухай бодож суугаа байх даа?

No comments:

Post a Comment