Sunday, October 26, 2014

Blogger's Block

Яагаад блог бичигчийн блоктой учирчихаад байгаа тухайгаа хэсэг бодлоо. Компьютерээ асааж суугаад, нээх их зүйл бичмээр санагдсан мөртлөө хоёр мөрийн дараа бичиж байгаа зүйл маань хуурамч санагдаад, эсвэл арай л дэндүү уйтгартай болчихоод байгаа юм бол гэж гайхаж байсан юм. Хариултаа Sting нэртэй дуучны оролцсон радиа нэвтрүүлгээс олов бололтой. Тэрээр 1990-ээд оны үед Өмнөд Америкийг байтугай дэлхий нийтийг байлдан дагуулж байсан дуучин бөгөөд сүүлийн 9 жил шахам уран бүтээл туурвих “онгодгүй” гэж хэлж болохоор нөхцөл байдалтай тулгарсан байна. Хэдийгээр шинэ зүйлс бичмээр байх боловч нэг үе ар араасаа цувран гарч ирж байсан дууны арвин их нөөц нь дундарч, бичиж чадахгүй байсаар удаан хугацаа өнгөрчээ. Ноён Стинг энэ байдлаасаа яаж гарсан бэ гэхээр бусдын тухай дуу бичиж эхэлсэн байна, өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө амьдралын тухай биш харин бусад хүмүүсийн амьдралаас ажигласан зүйлсийнхээ тухай бичиж эхлэхэд ёстой л өөрийгөө хүчлэн барих шахам байхаар олон санаа толгойд нь орж ирэх болжээ.

Би өөртөө үнэнгээсээ сонирхолтой санагдахгүй байгаа юм байна. Нэг үе төрж байгаа мэдрэмжүүд, гэнэт орж ирээд хаа нэгтээ уусан оддог бодлууд тэмдэглээд авчихгүй бол их чухал санагддаг байсан учраас болж байгаа бүхнээс онцолж бүтэлгүй цахлайны амьдрал ийм байна тийм байна гэж бичих нэн түрүүний үйлс шиг бодогддог байжээ. Айсан мэдрэмжинд автаа л биз, эргэлзээ л биз, жаргалтай эргэлдэж гүйгээ л биз, энэ бүхэн удаан үргэлжлэхгүй шүү дээ. Тиймдээ ч блог маань тухайн өдрийн, тухайн хэсэгхэн хугацааны мэдрэмжийг л илэрхийлдэг гэж өөртөө хэлж байсан байх. Удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа болохоор (сургууль гэснээс нийтийн соёлд оюутнуудыг яаж дүрсэлж байгаад ёстой дургүй хүрээд байдаг шд, ямар өөрсдийн гэсэн толгойгүй, дандаа мөнгөгүй байдаг, завнаас их юм байдаггүй хүмүүс байгаа биш дээ) тэгээд янз бүрийн зүйлс их л бодогдож байгаа. Ажиллаж байгаа найзууд маань нэг их гоё байна гэж хэлэхгүй байгаа ч, өөрөө цалинтай болж, магадгүй удахгүй тусдаа гарч амьдрах байх даа гэж бодохоор дажгүй л байна. Заримдаа өглөө сэрээд аялалд гарах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа. Аялалын үүргэвч үүрээд л, эсвэл ажлын цүнхээ бариад, олон сайн хүмүүстэй уулзаж, сурах зүйл их байна гээд л. Одоохондоо ирээдүйгээ бодохоор өөрийгөө бичгийн машинтай, өрөө дүүрэн номтой, төрөл бүрийн ногоо болсон хөргөгчтэй хүн л гэж төсөөлөхөөс биш гал тогоондоо хормогч зүүгээд нөхөр хүүхдээ халамжлаад гүйж байх хүн гэж төсөөлөгдөхгүй л байна. Цаг нь болохоор тогоочийн сургалтанд суугаад хоол сайн хийдэг гэрийн эзэгтэй болчих юм чинь. Миний тухай сүүлийн 3 сар болж байгаа бүх зүйл бараг л биеэ даах, төгсөх, ажилтай болох, цаашаа сурах уу, жаахан байхдаа гэрлэхгүй нтр гэсэн 20 гарч байгаа хүмүүст бараг бүгдэд нь тохиолддог онцгой биш асуудлууд болохоор юугаа ч бичихэв дээ.

Сая харин кафед хичээлээ хийгээд сууж байсан чинь жаахан маамуу сандал дээрээс унаад бүр хамаг мэдрэлийн эсийг маань байхгүй болгочихлоо л доо. Бага дүүгээс маань жижигхэн хүүхэд байж миний авирч гарах гэж бөөн юм болдог өндөр сандал дээрээс унаад одоо энд ээжийнхээ хажууд унтаж байна. Кафег ажиллуулдаг эгчийн л охин бололтой. Манайд бол толгойгоороо унасан ч яахчгүй сандал дээр суулгачихсан байхад л хүүхэд уначихвий гэж эмээ дор хаяж 3 удаа хэлэх юм чинь. Эмээ нээрээ гүээ мөн мундаг хүн шүү. Ерөөсөө л дотроос нь хайр ундраад тасардаггүй хүн гэж л эмээг хэлнэ дээ. Маамууг тэвэрмээр санагдаад сууж чадахгүй ядаж би тэвэрмээр байна гэж бичье гээд бодсын. Ээж нь тэгээд загнаад байсан байхгүй юу. Ууртай өдөр нь л байсан байх даа. Толгой нь хөдөлчихөөгүй байгаа? Хүүхдүүд ингээд бага байхдаа унаад бэртчихээд тэр нь хүндрээд мэдэхгүй яваад л байдаг бол яана? Ингээд бодохоор аав, ээж болно гэдэг чинь асар хариуцлагатай байгаа биз дээ? Хүүхдүүд ээжийнхээ гэдсэнд байхдаа сэтгэл хөдлөлийг нь мэдэрдэг гэсэн, зүрхний цохилт, судсаар цус гүйх чимээ, хоол боловсруулж байгаа чимээ, амьсгал орж гарч байгаа гээд л. Чимээгүй ягаан орчинд сууж байгаа биш, ээжийгээ бүрэн мэдэрдэг гэж бодохоор гайхамшигтай шүү.


Манай гэрийн марзаак өглөө “Та нар намайг хайрлах ёстой” гэж орилоод бөөн инээдэм үүсгэсэн. Яагаад ийм хөөрхөн юм бээ? :) Гэхдээ бас яагаад ийм өхөөрдөм хөөрхөн амьтад байж өөрсөддөө дургүй, ирээдүйдээ итгэдэггүй, этгээд том хүмүүс болж өсдөг юм бэ дээ? 

Saturday, October 18, 2014

Iris

Бид төрөлхийн цуглуулагч шинж чанартай. Дурсамж, мэдлэг, материаллаг зүйлс, хүмүүс, дуртай ба дургүйгийн тухай ойлголт, уншсан ном, хэлсэн үгс. Цуглуулсан бүхэн маань бага багаар нэмэгдэнэ.
Арван гуравтай байхад надад төрөхөөс минь байсан зүйлс хамаагүй их, харин цаг хугацаанаас олж авсан зүйл нь хамаагүй бага байсан. Бусдад өгсөн нь авснаас илүү аз жаргалыг бий болгодог гэдэг. Гэхдээ хүссэн хүсээгүй бүгд л цуглуулж байгаа, бүр нуруун дээрээ үл үзэгдэх шуудай үүрээд алхаж яваагаар ч төсөөлж болно. Хэсэг хугацааны өмнө л компьютерийн дэлгэцэн дээр паркын зүлгэн дээр авахуулсан хүүхдүүдийн зураг, дипломын ажлын төлөвлөгөө, Croods хүүхэлдэйн киноноос кроплож авсан хэсэг байгаагүй.

Хэсэг хугацааны өмнө би арай цөөн хүнийг гомдоосон, бас арай бага сайхан үгс бусдад хэлсэн байгаа. Өнгөрснөө эргээд харна гэдэг шуудайд цуглуулсан бүхний онгичин хараад, санаа амран сандлаа налж суугаад, тэр бүхэн нь өөрт нь таалагдаж байгааг мэдрэх юм байна.
Шуудай хүнд болох тусам нэг үрчлээ нэмэгдэнэ. Хүнд жинд нь дарагдан нуруу бөхийнө. Бөхийдөггүй юм аа гэхэд урьдынх шигээ мөрөн дээрээ тоомжиргүй шидчихээд хайш яйш алхаж явах цаг нь өнгөрчээ гэдгийг мэдрэх үед бид эмээ өвөө болсноо ойлгодог байх.

Шуудай хүнд болох тусам үзэж туулсан маань багтахаа байж, нуруун дээр дуу чимээ гаргалгүй оршихоо болиод толгой дээр эргэлдэж, салхи шиг шуугина. Муу ч бай, сайн ч бай тэр их үл үзэгдэх давалгааг энгийн хүний бие дааж дийлэхгүй болохоороо бусдыгаа орхин оддог ч юм билүү. Ингээд бодохоор гунигтай байгаа биз? Заримдаа хэнд юу хийж өгөх гээд яваагаа гайхах үедээ, Pensieve рүү харж байгаа мэтээр ширээн доороо нуугддаг байсан үе рүүгээ очих нь мартсан зүйлсээ олж харахад тусладаг. Бүгдээрээ л одоо байгаадаа хүрэх гэж хол зам туулсан болохоо ойлгох болохоор тэр юм шүү дээ :) Бас цаашаа хол зам туулна гэдгээ эргэн санахын тулд. 
We collect endlessly. But power is limited. It wears out. So do we.
We weaken ourselves.
Eventually dissolve into emptiness.
it's sad.
We are sad.