Sunday, November 30, 2014

In search of lost dreams

Биелэгдээгүй мөрөөдлүүд хаашаа алга болдог вэ? Хэрвээ биелсэн бол мөрөөдөл бодит байдал болох байсан учраас бодит байдлын эсрэг хаа нэгтээ байж л таараа! Хэн нэгний биелэгдээгүй мөрөөдөл дундуур тоомжиргүй алхаж гарч л байгаа даа. Өөртэйгээ ижилхэн өндөртэй барбитай болохыг мөрөөддөг байж билээ, 5 настай байхдаа, мөрөөддөг ч юу байхав, тэр үед чинь угаасаа авмаар байна гэдгээс өөр үг мэддэг ч байсан биш. Тэгээд хувцас нь хүртэл надад таардаг, буржгар үстэй, гоёл чимэглэлийн хайрцаг нь дагалдаж ирдэг томоос том хүүхэлдэйг хэдэн том цүнхтэйгээ дааж ядаад л тэвэрсэн хүмүүс вагоноор ирж билээ-аав ээж хоёр маань. 

Заримдаа би юу ч хүсдэггүй хүн юм шиг санагддаг. Одоо л хийхгүй бол болохгүй, хэзээ нэгэн цагт хүрэхгүй л бол болохгүй тийм шунал, яарах мэдрэмж алга болох шиг үе их бий. Хүсэх зүйлгүй байх нэг бодлын амар. Гэхдээ бас хачин. Тэмүүлэл гэж байхгүй бол одоо ингээд л аяллаа зогсоож болно. Хэдий ингэж бодсон ч даалгавраа хийхгүй хичээлдээ очихгүй, бие даалтаа алгасахгүй, дараа дараагийн, бас дараагийн төлөвлөгөө гаргахгүйгээр нэг долоо хоногийг өнгөрөөхгүй. 

Сайн хүүхэд л байх гэж хичээж ирсэн. Сайн хүүхэд байж ирсэн амьдралдаа ч дуртай. Арай бага хүн гомдоож, арай бага санаа зоволт дагуулсан байх дажгүй шдээ. 

Гэхдээ нэг зүйл бий...Гайхамшиг болохыг хүлээдэг! Ид шид ба ер бусын зүйлс! Нисдэг хивс, шидэт саваа биш, нэг тийм гайхмаар сайхан атлаа туйлын энгийн зүйл оршиж болох мэт хүлээлт бий. Төөрөн одсон бүх хүсэл мөрөөдөл минь байр байраа олоход тэднийг эргэн санахдаа " Яг ийм л байх ёстой байсан байна" гэж итгэлтэй хэлээд, тэгээд тэндээсээ маш тайван, бүр яст мэлхий харж залхуу нь хүрмээр тайван амьдарна. Chaos, greed, and haste. Бүх зүйл үнэндээ маш энгийн шүү дээ! Энэ үгэнд тэр үед итгээгүй, гэхдээ одоо бүх сэтгэлээрээ мэдэрч байна! 

No comments:

Post a Comment