Sunday, April 5, 2015

Дотно алс, Нууцат арал, Цас

Хааяа бодохоор зарим зүйлс нээх инээдтэй итгэмээргүй байдаг тээ? Яг энэ цастай өдөр шиг. Итгэмээргүй ч юу байхав, гэхдээ л хачин. Цас шиг биш галт уулын үнсийг санагдуулсан томоос том ширхгүүд. Өчигдөр нь нартай халуун байгаад, өглөө нь анхны бороо орж хүмүүсийг баярлуулж байснаа, ийм их нэвсийсэн цас ордог эндхийн цаг агаар шиг итгэмээргүй хувирч өөрчлөгддөг хүн юм аа. Ганцаараа бүхнийг болгоноо гэж зөрнө гэдэг, бодоод л байвал хариулт олчихноо гэж итгэнэ гэдэг үнэндээ нуугдаж л байгаагийн нэр юм байна. "Ерөөсөө хэцүү зүйл тохиолдоогүй, бүр яагаа ч үгүй, гэхдээ жаргалтай байгаа гэж мэдэрч байхдаа ч тэнд цаана, яг энэ дотор гунигтай л байгаад байхын" гээд хэлж байхдаа, царай нь яаж өөрчлөгдөж байгааг хараад ерөөсөө дахиж ийм байхгүй юмсан гэж бодсон. 

Заримдаа бид зүгээр л гунигтай байдаг. Заримдаа бүх юм нэг нэгээрээ салж унаад хоорондоо дахиж эвлэхгүй юм шиг санагддаг. Хүмүүсийн яриа найруулаад тавьсан зохиомол, хиймэл жүжиг шиг байдаг ч гэсэн тэглээ гээд муухай ааштай байгаад байвал хэвийн байдалдаа орохгүй юм байна лээ. Муу санаатай, ааштай цахлай байж байснаас Немо дээр гардаг "Минийх, минийх" гэж орилдог мангар царайтай цахлай байвал дээр дээ.


Маш өөр өөр амьдралтай олон хүмүүстэй шинээр танилцсан. Өмнө нь 30 нас гэдэг хаа хол сонсогддог байсан чинь 30 гарж байгаа, тэр насандаа яваа хүмүүс ямар залуухан байгааг ойлгоод ирэхээр аавыг маань л их санагдуулаад байхын. Хамгийн гол нь юу бодож, юунд итгэж явдаг байсан бол гэж боддог.Утга учир ба цаг хугацааны тухай, хайрын тухай, амар амгалангийн тухай, зүгээр л хүн болгон янз бүрийн л зүйлс хэлж болох ийм зүйлсийн талаар их адилхан бодолтой байж магадгүй байсан юм шиг ээ. Робинзон Крузо ба Нууцат арал хоёрын аль нь илүү гоё ном бэ, Монте Кристогийн хамгийн гоё хэсэг нь юу вэ гээд л ярьдаг байсан шиг Судасны чимээгийн Насаагийн амьдрал Муракамигийн залуугийн үеийг хэт санагдуулж байна уу гээд л ярих байсан болов уу. Ярилцана гэдэг ч сайхан зүйл шүү. Юуны ч хамаагүй тухай ярих :) Жоохон байхдаа санаандгүйгээр "бүтэлгүй тэжээж" байсан амьтдынхаа тухай ч яриад суухад сайхан дулаахан мэдрэмж төрүүлдэг хүмүүс гэж бий.

Жилийн өмнөөс хайж байсан Дотно Алс-ыг олсон. Энэ шүлгийг нь уншиж байгаад гадагшаа харсан чинь нээрээ л, бүр яг сав саарал харагдсан, Улаанбаатар маань.

Дэлгэц шиг цонхон дотор
Дуугүй кино шиг хотын амьдрал
Татаагүй хөшигний хоёр талд
Хавар дүнсийнэ.

Хэнийг оршуулснаа мэдэхгүй яваа гашуудагсад шиг 
Саарал, бүрсгэр хүмүүс амьсгалаа түгжээд 
Надад л сонсогдчих вий гэсэн шиг
Санаа алдалгүй хөвөрнө.

Аавын үлдээсэн будааг гурван тагтаа
Дуртай дургүй тоншино.
Араатных шиг сүүдэр нь сүлэлдсээр 
Чиний галбирт хувирна. (Г.Лхагвадулам)

2 comments:

  1. түүүү лонг тү рийд. Дүүүүүбнэээ

    ReplyDelete
  2. Бүгд хотруу нүүгээд, хэн ч дурсахаа больсон алсын суурин шиг блоггер дотор чи ганцаараа ингээд аж төрөн амьдран суусаар байдаг байжээ.

    ReplyDelete