Thursday, October 22, 2015

Queues, Beer bottles, and Squatters in Amsterdam

Амстердамын гол таних тэмдэг болсон нарийхан
байшингууд. Мэдээж бас дугуйнууд.
Хүн амаасаа олон дугуйтай хот байгаам шүү дээ
   Тилбургээс Амстердам хүртэл 1 цаг 30 минут, хоёр талдаа хамгийн хямд билет нь 7 евро. Нидерландад аялахад гал тэрэгний тасалбарт бүтэн үнийг нь төлнө гэж юм бол маш үнэтэй, хөнгөлттэй билетийг л олж авах хэрэгтэй. Ер нь бүх зүйл нь үе үе хямдарчихдаг, янз бүрийн хөнгөлөлттэй байдаг, манай нэг эгчийн хэлдэгээр жуулчид нь бүтэн үнийг нь төлдөг гэж үнэн юм шиг байгаан. 

Нэг өдрийн аялал маань 2 хэсэгтэй. 6 цагаас өмнө ба хойш. Ихэнх нь музей, галерей нь 6 цагаас хаачих учраас 6 цагаас хойш хотын өөр нэгэн хэсэг амь орж эхэлнэ. Яг Spirited Away дээр гардаг шиг. Сонирхолтой нь энд сурч байгаа оюутнууд, Голландчууд өөрсдөө Амстердам гэхээр нэг их сүйд болоод байдаггүй нь анзаарагдсан. Жуулчдын хөлд дарагдсан учраас тэгдэг ч юм уу бүү мэд. Гэхдээ л анх очиж байгаа хүнд бол маш үзэсгэлэнтэй л хот байсан, бас сонирхолтой зүйлс ихтэй. Хамгийн түрүүнд Анне Франкын байшин руу очиж үзэхээр шийдээд дуу аялсан шигээ хүн явж байгаад гадаах оочерийг хараад алхаа удаашраад л...Гэхдээ хүлээсний эцэст үзсэн зүйл нь чухал байсан л даа. Харамсалтай нь дотор нь зураг авч болдоггүй юм байна лээ. Франкын гэр бүлийн нуугдаж байсан уг байшин дотор Аннегийн өрөөн дотор 70 гаруй жилийн өмнө түүний ханан дээрээ нааж байсан жүжигчдийн зургийг хараад зогсож байх юм гэж хэн санах билээ. 

Анне Франкын байшингийн гадаах оочер
Ер нь эндхийн музейнүүд янз бүрийн технологийг их ашигладаг, аль болохоор интерактив байлгахыг зорьдог нь анзаарагдсан. Музейн төгсгөл хэсэгт байрлуулсан бичил кино театрархуу хэсэгт Аннегийн тухай янз бүрийн хүмүүсийн өгсөн ярилцлага, бичлэгийг харуулж байв. Намайг ороход Жон Грийн The Fault in Our Stars номныхоо энэ хэсгийг уншиж байсын: (Энд бичигдсэн ном гэдэг нь хоригдож байгаад амь үрэгдсэн еврейчүүдйин нэрсийн жагсаалттай номыг хэлж байгаа юм, музейн нэг үзмэр нь)

   "Уг ном нь Анне Франкын нэр бичигдсэн хуудсаар дэлгэгдэн тавигдсан байв, гэхдээ миний анхаарлыг татсан өөр нэг зүйл бол түүний нэрийн яг доор бичигдсэн дөрвөн Арон Франк. Дөрвийн дөрөв. Өөрсдийн гэсэн музейгүй, түүхэнд дурсагдах зүйлгүй, араас нь гашуудах хүнгүй дөрвөн Арон Франк. Би дотроо тэнд байх хугацаандаа тэдгээр дөрвөн Арон Франкыг дурсаж тэдний төлөө залбирахаар шийдэв"

(The book was turned to the page with Anne Frank's name, but what got me about it was the fact that right beneath her name there were four Aron Franks. FOUR. Four Aron Franks without museums, without historical markers, without anyone to mourn them, I silently resolved to remember and pray for the four Aron Franks as long as I was around.")

Ван Гог музейн гадаа бас маш урт оочер байсан болохоор Stedelijk Museum Amsterdam гээд орчин үеийн урлагийн музей рүү орсон нь 2 цаг хурдан алхаад дуусахгүй, маш гайхалтай бүтээлүүдээр дүүрсэн газар байсан. Мэддэгээс илүү мэдэхгүй артистууд их байсан хэдий ч уран зургийн хичээл дээр үзэж байсан янз бүрийн урлагийн урсгалуудаа санаад, зарим таньдаг зүйлс гарч ирээд сонирхолтой гоё байсаан.



Stedelijk дотор хамгийн таалагдсан үзмэр. Жижиг автобус хэлбэрийн хайрцагийг хуучны bar шиг тохижуулсан ба харин хүмүүсийнх нь толгойн оронд янз бүрийн эд зүйлс байв. Гэхдээ яг бие арзагнуулсан мэдрэмж төрүүлсэн нь дотор нь яг хүмүүс ярилцаж байгаа мэтээр хөгжим, дуу авиаг нь тохируулсан. Яг л юу биднээс үлдэж байгааг харцгаа гэж байгаам шиг. Хэрвээ нүдээ аних юм бол тэр үед нь яг тийм орчинд ороод зогсож байгаагаас ялгаагүй. Уран бүтээлчинх нь нэрийг нь харж амжаагүй, дараа нь буцаж заавал очноо.



Pablo Picasso, Still life with Mandolin
Хөл өвдчихсөн явж байхад өрөө дүүрэн сандал гараад ирэх гэж.
Гэхдээ сууж болохгүй :P Real irony гэж энэ дээ хэхэ
Энэ Zero гээд урсгалын үзэсгэлэнгийн хэсэг. Пивоны шилнүүдээр хийсэн байсан. 
Аа харин энэ цэнхэр цамцтай эмэгтэйтэй зураг болвоос музей үзээд явж байсан хүнийг санамсаргүй дарсан чинь гоё харагдаад байгаан :) 


Орой нь нэг сонирхолтой газар очсон нь Жое-н гараж нэртэй байшин байв. Squatters нар гэж эзгүй байгаа байшинд очиж амьдраад янз бүрийн нийгэм, улс төртэй холбогдсон үйл ажиллагаа зохин байгуулдаг бүлэг нөхдүүдийг хэлдэгийн байна лээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд жинхэнэ утгаа алдаад үнэгүй байранд амьдрах сонирхолтой хүмүүсээр солигдсон гэж хэлж байсан. Найзтайгаа очсон энэ газар харин цөөхөн үлдсэн squatting цуглааны газар гэж байв. Сайн дураараа хүмүүс очиж хоол хийгээд тэрнийгээ зараад, мөнгөөрөө янз бүрийн нийгэмд хандсан зүйлс зохион байгуулдаг, жишээ нь Сирийн улс төрийн орогнол хайж байгаа хүмүүст туслах гэх мэтээр. Харихынхаа өмнө Амстердамын алдарт улаан дэнлүүний гудамжаар орж үзсэн нь эхлээд бага зэрэг цочирдмоор гэхдээ нэг очоод ямархуу газар байдгийг нь үзэхэд сонин л газар байв. Хотын төвөөр нь дахиад жоохон алхмаар байсан боловч цаг оройтсон, бас би цүнхэндээ тараг хийснээ мартаж дээр нь сууснаар аялал маань өндөрлөсөн дөө...

Wednesday, October 14, 2015

Дугуйтай нөхөрлөсөн 2 сар

Tilburg School of Economics and Management
Гадаадад сурна гэж нилээн удаан төлөвлөж, бэлдсэний эцэст санамсаргүй гэмээр боломж гарч, найзынхаа тусламжтайгаар 2 сарын өмнө Нидерландын Тилбург хэмээх хотод мастерт сурахаар ирсэн юм. Өмнө нь хорь гаруй удаа тэнцээгүй гэсэн хариу авч байсан болохоор анкетаа шалгалтын оноонуудтайгаа явуулахдаа дотроо бараг л тэнцэхгүй гээд бодчихсон, эсээгээ бичихдээ намайг тэгээд бодчих болуу гэж таамаг дэвшүүлэхгүйгээр яагаад сурмаар байгаагаа, төгсөөд юу хийх бодолтой байгаа гээд илүү дутуу юмгүй үнэнээ л бичээд явуулчихсан. Анкет авах хугацаа нь 2 сарын өмнө дуусчихсан байсан ч гадаад оюутнуудад олгох тэтгэлгийн хэдэн орон тоо үлдсэн учраас тэр үед Тилбургт сурч байсан найзаас маань элсэлт хариуцаж байсан хүн нь сурах сонирхолтой оюутан байгаа юу гэж асуусан юм байна лээ. Тэгээд л материалаа явуулснаас ганцхан хоногийн дараа тэнцсэн гэсэн мэдээ, тэтгэлгийн захианы хамтаар ирснээр цаашаа яах нь мэдэгдэхгүй байсан хүн чинь сургуультай болчихдог юм даа. Өөрөө бүтэлгүй мөртлөө сайн хүмүүсээр хүрээлэгдсэний бас нэг баталгаа.
Mensa (Restaurant)
Тилбургийн Их Сургууль нь нийгмийн ухааны чиглэлээр мэргэшсэн их сургууль ба Нидерланддаа эдийн засгийн чиглэлээр 1-т, U.S. News & World Report-н жагсаалтаар эдийн засаг бизнесийн чиглэлийн сургуулиудаас дэлхийд 18-т, Princeton University-н дараа жагсдаг сургууль боловч олон мэргэжлийн хөтөлбөр байдаггүй учраас тэр бүр хүмүүст сайн танигдаагүй юм билээ. Ирэхээсээ өмнө бага зэргийн эргэлзээ байсан хэдий ч хамгийн эхний хичээлдээ суугаад их сайн хичээх юм бол 1 жилийн дотор сайн сурах боломж гарчээ гэдгийг ойлгосон. Тэгснээ 2 дахь долоо хоногоосоо энэ их юмыг яаж хийж дуусна даа гэсэн бодлоор солигдсон гэхгүй юу хэхэ. Хичээлийн үйл явцын тухай ярих юм бол шал өөр сэдэв рүү хазайгаад явчих болохоор хааяа "би ер нь тэнэг юм бол уу" гэсэн бодол төрж байгаа гэсэн сайхан тэмдэглэлээр энэ сэдвийг түр орхиё доо :) 
Collection of Virginia Woolf in the library!
Хотын хувьд хүн амын тоогоор Нидерландад 6-т жагсдаг, жуулчдыг их татдаг Амстердам, Маастрихт зэрэг эртний хотуудыг бодвол харьцангуй орчин үеийн, жижигхэн хот байгаа юм. Урьд нь үйлдвэрлэлийн хот байгаад дайны үеэр бөмбөгдөлтөнд өртсөн учраас дахин барих хэрэгтэй болсон юм билээ, тийм болохоор дугуйн зам нь шулуухан, тэрэнд нь үнэхээр их баярлаж байгаа. Хуучны хотууд нь дугуйн зам багатай, зам нь биржигнүүртэй юм шиг тоосгоор шигтгэж хийсэн нь дугуйгаар явбал бүтэхгүй юм байна лээ. Нэг найз маань намайг өөрчлөгдөнө л дөө гээд байсан одоогоор ирэхдээ ямар жинтэй байсан тийм хэвээрээ л байгаа тул одоохондоо юу болж байгаа тухай дүгнэлт гаргахад арай эрт болов уу. Гэхдээ өдөр тутмын амьдралын хэв маяг, орчин нөхцөл сэтгэл санаанд их нөлөөтэй байдгийг анзаарсан. Ядаж л сургуульдаа ирж очихдоо дугуйгаар явчих учраас замын түгжрэлд орж бухимдахгүй, Radiolab-н гоё гоё нэвтрүүлгүүд сонссон шигээ ирж очно. Тайван газар хэсэг амармаар санагдахад энд тэнд ногоон байгууламж ихтэй гээд санаснаас их өөрчлөлт авчирдаг зүйлүүд олон байнаа. Аан бас жимснүүд ^^
Tilburg University campus
Зүлгэн дээр суугаад хичээлээ хийвэл сайхан байхдаа гэж бодож ирсэн
чийгтэй болохоор юун газар суух юм байна лээ. Эд нарын зургийг авах гэж л
нэг хэвтсэн байх :)

3 улаан навч гэдэг шиг 2 ногоон навч

*Үргэлжлэл бий*

Monday, October 5, 2015

Гай, гахай хоёр улаан навчин дунд

Тэд хэлэхдээ амьдралд юу ч тохиолдож болно гэсэн. Бид харин юу ч тохиолдож болно гэдгийг тэнгэрээс буугаад ирэх юм шиг л боломж, аз гэж төсөөлдөг. Чимээгүй итгэдэг. Хэн ч ирээдүйнхээ тухай бодохдоо төсөөлж болох хамаг муу зүйл болно гэж боддоггүй. Тэгээд л бид гай газар доороос гэцгээдгийм болов уу. Газар дээр, цонхны чинь хажууд суугаад хөлөө савлангаа хэзээ бидэнтэй нүүрэлдэх вэ гээд бодоод байж байна гэвэл аймаар дүр зураг буух болохоор тэр байх л даа. 

Нөгөө гартаа цэцгийн баглаа барьсан ахыг авч үзье. Гоё улаан баглаатай сарнайнууд атгаад централ тауэрын ард толгойгоо унжуулаад зогсож байсан тэр ах бол хүссэн бүхэн маань санаснаар болдоггүй юм байна гэдгийг толгой дээрээ бидэнд харагддаггүй үсэгнүүдээр биччихсэн юм шиг. Санаанд багтамгүй их муу зүйл тохиолдохоор эргэн тойрон дахь юмнууд хэлбэр дүрсээ алдаад нэг том шалбааг шиг болох мэдрэмж төрдөг юм байна лээ. Яагаад гэвэл дэлхий бидний төлөө, миний төлөө эргэж байгаа гэж төөрөлдөж явсны шинж л дээ. Амьдрал ерөөсөө ч бидний төлөө биш. Замын хажууд байгаа модыг хараад миний амьдралын нэг хэсэг гэж бодвол эндүүрэл. Зүгээр мод болохоороо л зогсож байгаан байхгүй юу. Гоё улаан навчтай болохоороо, навчийг нь хараад баярлах мэдрэмж төрж байгаа болохоор бид нар шууд хөөрхий модыг бидний төлөө оршиж байгаа юм байна гээд итгэчихдэгийн. 

Үнэндээ юунд ч найдаад хэрэггүй. Сайн хүн байх гэж хичээж байгаа учраас сайн зүйлс тохиолдоно гэж бодох хэрэггүй. Логиктой тайлбарлах гэж хүмүүс л оролддог болохоос утга учир гэж яг үнэнийг хэлэхэд байхгүй. Хараад баясаад байсан модоо дугуйтай очиж мөргөөд хөл чинь гэмтчихвэл мод шаналахгүй, дэлхийд огт хамаагүй, амьдрал чихээ таглаад кофегоо оочлоод сууна, харин өөр нэг сэтгэл, дахиад бас нэг сэтгэл, утасны дуудлага болгоныг даган ирж, хаа ч байсан эмтрэх зүрхнүүд л зовно.

Ганцхан утга учиртай, ганцхан 'darn, that makes sense' гэж бодуулах юм бол ерөөсөө л бидэнд байгаа хүмүүс. Бидэнд байсан хүмүүс. Тэд л хамгийн чухал нь.
                                                                          ***
"Life is under no obligation to give us what we expect. We take what we get and are thankful it's no worse than it is"-Margaret Mitchell, Gone with the wind 

Амьдрал бидний хүлээлтийг бодит болгох ямарваа нэгэн хариуцлага хүлээдэггүй. Бид өөрсдөдөө байгаа зүйлсээ хүлээн зөвшөөрөөд, үүнээс дор зүйлс тохиолдоогүйд талархвал зохино.-Маргерет Митчелл, Салхиар туугдагсад