Saturday, January 9, 2016

The Sea, The Sea


Гар барин мэндэлж байгаа юм :)
Далай үзээгүй хүн далай үзэх гэж. "Шувуу үзээгүй хүн" өгүүллэгийг санагдуулчихлаа ингэж хэлсэн чинь. Өнөөх "Далай хараад гуниг төрөхгүй байгаа бол, чамд ямар ч найдлага алга" хэмээх үг, анх дурлалгүй ертөнцийн блюз дээрээс уншчихаад далай хараад ямар мэдрэмж төрөх бол, юу ч мэдрэхгүй бол яанаа гээд л бодож билээ. Харахаас гадна сонсох нь маш сайхан байсан, гуниг төрөөгүй нэээх сэтгэл тэнийж байгаа юм шиг мэдрэмж төрсөн дөө, ямар сайндаа л элсэн дээр хэвтчихээд босохгүй байсан чинь хамт явсан найзууд маань "энд нь ингээд үлдээчихье" гэж байхав. Бидний төсөөлж барахгүй их "амьдрал" буцалж байгаа энэ их усан дотор. Өвөл очсон нь их болж дээ гэж бодсон, олон хүн байхгүй, зун очсон бол аягүй бол усны хувцас нтр гээл далай харж юм бодох зай үлдээхгүй, тэгээл 'динозаврын костюман усны хувцас байдаг бол гоё байхгүй юу биеэ ил гаргахгүй' гэх мэтээр дэмий балай юм бодоод таарах байсан байх. Эргэн уулзатлаа түр баяртай эртний гэр минь :)
 

Friday, January 8, 2016

Винсент бид хэд

Дэлхий нийтэд хамгийн сайн танигдаж чадсан зураачдын нэг бол Ван Гог гэдэгтэй санал нэгдэх байх. Ван Гогийн тухай юу мэддэг байсан бэ гэхээр, нэг бодит байдлыг өөрөөр хардаг нөхөр хөдөө газар ганцаараа амьдарч байгаад зурж гардаг байж дээ л гэж боддог байлаа. (Харин тиймээ...) Тэгсэн Ван Гогийн түүх бол бүх л үед амьдарч байгаа, "өөрийн үнэн төрх"-өө хайж байгаа бүх хүмүүсийн түүхийн төлөөлөл юм байна гэдгийг өдөр Ван Гог музейд алхаж яваад ойлгосын. Ван Гогийн ойр дотны хүмүүс, найзууд руугаа бичдэг байсан захидлуудыг ханаар нь аудио хэлбэрт оруулаад сонсохоор байршуулсан байсан. Тэдгээр захидлуудын нэгэнд Ван Гог хэрхэн "орчин үеийн амьдралд хэрхэн өөрийн гэсэн орон зайг олох" асуудал сэтгэлийг нь үймрүүлж байгаа тухай бичсэн байсын.

Wheat field with Crows
2016 онд амьдарч байгаа өөрсдийнхөө зүгээс хараад үзэх юм бол тэр үеийн хүмүүс өнөөдрийн залуу хүмүүсийн өмнө байгаагаас хамаагүй бага өрсөлдөөнтэй тулгардаг байсан байх даа гэж бодмоор. 1880-аад он шүү дээ! Их өөрчлөлтөнд байх тусмаа тэр бүрт нь зохицож илүү сайн байх хэрэгтэй болдог учраас энэ үеийн залууст (21-р зууны хүмүүст) хэд дахин их сэтгэлзүйн дарамт бий болдог болсон гэж нэг профессор хэлж байсан. Винсент уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн тэр хайж байсан зүйлээ олох гэж сэтгэлээр унаад зүгээр суугаад байгаагүй, тэрээр маш их хөдөлмөрлөж байсан нь өөр өөр гэсэн өнгө аястай бүтээлүүдээр нь, тэдгээр нь хэрхэн өөрчлөгдөж байсаар байгаад Sunflowers, Starry night over the Rhone, Wheat field with Crows гэх мэт бүтээлүүд нь төрөх зам бий болж байсан нь ойлгогдоно. Япон уран зургийн хэв маягийг хүртэл сонирхож байсан юм байна лээ.
The Blooming Plumtree (after Hiroshige), 1887
Магадгүй өөрийгөө хэн гэдгээ олох гэсэн эрэл нь, "хэн нэгэн" болж чадахгүй байх гэсэн айдас түүнийг өнөөгийн бидний мэдэх Ван Гог болгосон байх л даа. Гэхдээ харамсалтай нь үр дүнг нь өөрөө харж чадаагүй. Хэдий тийм боловч, өөрөөсөө хэдэн үеийн дараах хүмүүст гайхамшигтай зургуудаа үлдээсэн. Нээрээ, Ван Гогийн зургуудыг үзэж яваад урлагийн гол зорилго нь түүнийг үзэж, мэдэрч, хүрч байгаа хүмүүст өөрсдийгөө ойлгоход туслах юм байна гэж бодогдсын. Аль нь чухал юм бол? Хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх нэг талаас хүнийг нэг газартаа зогсоход хүргэдэг юм шигээ. Нөгөө талаас амьдралын хувийн аз жаргал гэж зүйл байна. Утга учрын эрэл. Ван Гог зүтгэж байсандаа хүрч чадсан уу? Зуугаад жилийн дараа эргэн харахад бол тийм. Түүний өөрийн хувьд бол оролдсоор оролдсоор тэсч чадахгүй болон бүхнийг дуусгахаар шийдсэн. Ер нь “аугаа их” гэж юуг хэлээд байна? Винсент хэдүүлээ юунд зүтгэж тэмүүлж яваа юм бол? Үнэ цэнэ бүтээж байгаа хүн утга учиртай амьдарч байна гэсэн үг үү? Хэнд үнэ цэнэ бүтээж байгаа нь эсвэл чухал юм болов уу?

Saturday, January 2, 2016

Going solo No.1

Өнөөдрөөс бараг 2 сарын өмнө, Парис хот айдаст автаагүй, Бельги рүү аялахад аюултай гэсэн сэрэмж түгээгүй үед Антверпен хотын галт тэрэгний төв буудалд цүнхэндээ нэг сэндвич, нэг алимтай би гэж хүн "ганцаараа хийж байгаа анхны аялал!" гэж бодоод зогсож байсан даа. "Into the Wild"-ын Кристофер л нэг тиймэрхүү мэдрэмжтэйгээр аяллаа эхэлсэн болов уу.
Antwerp Central Station
Хотын эргэн тойронд байрлуулсан "А" үсэгтэй зогсоолоос дугуй түрээслээд явж болно, гэхдээ хоттой нь сайн танилцая гэвэл бас бага төсөвтэй явж байгаа бол алхчихад ердөө ч асуудалгүй. Хэдийгээр хотын дүр төрх хуучны гэмээр, хаа сайгүй уран хийцтэй нүсэр барилгуудтай боловч Антверпен өөрөө ёстой л амьдрал буцалж байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн хөл хөдөлгөөнтэй, цаанаа нэг хөнгөхөн хөгжилтэй уур амьсгалтай. Аан бас үнэгүй интернеттэй хэхэ. Доор харагдаж байгаа газраас эхлээд нилээд урт үргэлжилсэн дэлгүүрийн цуваа бий. Бельгид ирснээ Антверпений гудамжаар алхангаа бүрэн мэдрэе гэх юм бол кремтэй вафль, эсвэл зайрмаг авах хэрэгтэй. Үнэт эдлэлт дуртай бол алмаазны дэлгүүрээр орж болно. Амттан, алмааз хоёроороо алдартай гэсэн Бельги улс. 

Хамгийн эхэнд очсон газар бол The Cathedral of Our Lady. Хүнтэй хамт явж байсан бол сэтгэл хөдөлсөндөө сэгсрээд унагаамаар үзэсгэлэнтэй cүм байсан. Нэг онцлох зүйл нь зочилж байгаа хүмүүст аль болохоор интерактив байлгахаар хэсэг бүрт нь тайлбартай, яг л ийм дуу чимээтэй байсан болов уу гэмээр орчныг янз бүрийн технологи ашиглаж бүрдүүлсэн нь түүхийн дурсгалт газрыг аялал жуулчлалд зориулж яаж өөрчилж болдогийн нэг сайн жишээ. Зогсоод л хараад баймаар нууцлаг энергитэй газар. Хүн гараар бүтсэн бүтээлүүдээс одоогоор миний харсан хамгийн гайхамшигтай нь.
Нар. Хөгжим. Эртний чимээ. Цаг хугацааны аялал шиг л.

Peter Paul Rubens гээд зураачийн гэр-музей рүү уран зураг сонирхдог бол заавал ороод гарах хэрэгтэй. 16-17-р зууны хооронд амьдарч байсан уг зураачийн зурагнуудыг Антверпен хотын түүхэн холбогдолтой бараг бүх газруудад харна. Зураг болгоных нь тайлбарыг унших гэж яваад сүүлдээ ядраад бууж өгсөн, аудио тайлбарын төхөөрөмжийг нь том музейгээр орохдоо авчихсан нь дээр юм байна лээ.

Plantin-Moretus гээд музей бол хуучин хэвлэх газар байсныг эртний ном, хэвлэх тоног төхөөрөмжийн үзвэрээр дүүргэсэн газар. Хуудас бүрийг гараар хуулбарлан бичдэг байсан цагаас үсэг өрөн хэвлэдэг технологи руу шилжиж тэгсээр тэгсээр ердөө Ctrl+P рүү шилжсэн түүх бол ном хэвлэх тухай түүх биш харин хүн төрөлхтний соёлын хураангуй. People of the book дээр яг энэ музейд хадгалагдаж байдаг судрууд шиг маш нарийн чимэглэлтэй, хуудас болгон нь урлагийн бүтээл шиг haggadah-н тухай бичигдсэн зүйлс бодогдоод тэрүүхэн тэндээ догдлоод явж байгаад гарч ирсэн дээ. Энэ үед цааш явах тэнхэлгүй байсан тул зочид буудлаа олох эрэлд гарсын. 
Аан нээрээ төсвийн хэмнэлттэй аялагчдад hostel гэж нэг сонирхолтой сонголт бий. Дотуур байр шиг зохион байгуулсан зочид буудал байдаг ба нэг өрөөнд ойролцоогоор 6 орчим хүнтэй хамт байна. Хямд энгийн буудлаас лав 3 дахин бага мөнгө төлнө. Миний хажуугийн орон дээр буудаллаж байсан, Парист насаараа амьдарсан гээд нэг Франц эгчид Монголын тухай ярьж өгсөөр тэр орой тэгээд дууссым. Европд энэ жил л анх удаа ирж байгаа гэдгийг сонсоод нүд нь томроод л, ингээд аялж байгаа чинь тун сайн хэрэг гээд л их ноцтой хэлж билээ хэхэ.

Антверпенд хоёр дахь удаагаа очсон аялалаас энэ аялал маш өөр сэтгэгдэл үлдээсэн нь ганцаараа явснаас болсон байхнээ. Ер нь гоё зүйлсийг хараад хуваалцах, хамт инээлдэх хүнтэй байх нь аялал ямар байхад их хамаатай юм байна лээ гэдгийг мэдэрсэн дээ J 2016 онд гоё гоё газрууд их үзэх байхаа гэж найдаж байна.