Saturday, January 2, 2016

Going solo No.1

Өнөөдрөөс бараг 2 сарын өмнө, Парис хот айдаст автаагүй, Бельги рүү аялахад аюултай гэсэн сэрэмж түгээгүй үед Антверпен хотын галт тэрэгний төв буудалд цүнхэндээ нэг сэндвич, нэг алимтай би гэж хүн "ганцаараа хийж байгаа анхны аялал!" гэж бодоод зогсож байсан даа. "Into the Wild"-ын Кристофер л нэг тиймэрхүү мэдрэмжтэйгээр аяллаа эхэлсэн болов уу.
Antwerp Central Station
Хотын эргэн тойронд байрлуулсан "А" үсэгтэй зогсоолоос дугуй түрээслээд явж болно, гэхдээ хоттой нь сайн танилцая гэвэл бас бага төсөвтэй явж байгаа бол алхчихад ердөө ч асуудалгүй. Хэдийгээр хотын дүр төрх хуучны гэмээр, хаа сайгүй уран хийцтэй нүсэр барилгуудтай боловч Антверпен өөрөө ёстой л амьдрал буцалж байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн хөл хөдөлгөөнтэй, цаанаа нэг хөнгөхөн хөгжилтэй уур амьсгалтай. Аан бас үнэгүй интернеттэй хэхэ. Доор харагдаж байгаа газраас эхлээд нилээд урт үргэлжилсэн дэлгүүрийн цуваа бий. Бельгид ирснээ Антверпений гудамжаар алхангаа бүрэн мэдрэе гэх юм бол кремтэй вафль, эсвэл зайрмаг авах хэрэгтэй. Үнэт эдлэлт дуртай бол алмаазны дэлгүүрээр орж болно. Амттан, алмааз хоёроороо алдартай гэсэн Бельги улс. 

Хамгийн эхэнд очсон газар бол The Cathedral of Our Lady. Хүнтэй хамт явж байсан бол сэтгэл хөдөлсөндөө сэгсрээд унагаамаар үзэсгэлэнтэй cүм байсан. Нэг онцлох зүйл нь зочилж байгаа хүмүүст аль болохоор интерактив байлгахаар хэсэг бүрт нь тайлбартай, яг л ийм дуу чимээтэй байсан болов уу гэмээр орчныг янз бүрийн технологи ашиглаж бүрдүүлсэн нь түүхийн дурсгалт газрыг аялал жуулчлалд зориулж яаж өөрчилж болдогийн нэг сайн жишээ. Зогсоод л хараад баймаар нууцлаг энергитэй газар. Хүн гараар бүтсэн бүтээлүүдээс одоогоор миний харсан хамгийн гайхамшигтай нь.
Нар. Хөгжим. Эртний чимээ. Цаг хугацааны аялал шиг л.

Peter Paul Rubens гээд зураачийн гэр-музей рүү уран зураг сонирхдог бол заавал ороод гарах хэрэгтэй. 16-17-р зууны хооронд амьдарч байсан уг зураачийн зурагнуудыг Антверпен хотын түүхэн холбогдолтой бараг бүх газруудад харна. Зураг болгоных нь тайлбарыг унших гэж яваад сүүлдээ ядраад бууж өгсөн, аудио тайлбарын төхөөрөмжийг нь том музейгээр орохдоо авчихсан нь дээр юм байна лээ.

Plantin-Moretus гээд музей бол хуучин хэвлэх газар байсныг эртний ном, хэвлэх тоног төхөөрөмжийн үзвэрээр дүүргэсэн газар. Хуудас бүрийг гараар хуулбарлан бичдэг байсан цагаас үсэг өрөн хэвлэдэг технологи руу шилжиж тэгсээр тэгсээр ердөө Ctrl+P рүү шилжсэн түүх бол ном хэвлэх тухай түүх биш харин хүн төрөлхтний соёлын хураангуй. People of the book дээр яг энэ музейд хадгалагдаж байдаг судрууд шиг маш нарийн чимэглэлтэй, хуудас болгон нь урлагийн бүтээл шиг haggadah-н тухай бичигдсэн зүйлс бодогдоод тэрүүхэн тэндээ догдлоод явж байгаад гарч ирсэн дээ. Энэ үед цааш явах тэнхэлгүй байсан тул зочид буудлаа олох эрэлд гарсын. 
Аан нээрээ төсвийн хэмнэлттэй аялагчдад hostel гэж нэг сонирхолтой сонголт бий. Дотуур байр шиг зохион байгуулсан зочид буудал байдаг ба нэг өрөөнд ойролцоогоор 6 орчим хүнтэй хамт байна. Хямд энгийн буудлаас лав 3 дахин бага мөнгө төлнө. Миний хажуугийн орон дээр буудаллаж байсан, Парист насаараа амьдарсан гээд нэг Франц эгчид Монголын тухай ярьж өгсөөр тэр орой тэгээд дууссым. Европд энэ жил л анх удаа ирж байгаа гэдгийг сонсоод нүд нь томроод л, ингээд аялж байгаа чинь тун сайн хэрэг гээд л их ноцтой хэлж билээ хэхэ.

Антверпенд хоёр дахь удаагаа очсон аялалаас энэ аялал маш өөр сэтгэгдэл үлдээсэн нь ганцаараа явснаас болсон байхнээ. Ер нь гоё зүйлсийг хараад хуваалцах, хамт инээлдэх хүнтэй байх нь аялал ямар байхад их хамаатай юм байна лээ гэдгийг мэдэрсэн дээ J 2016 онд гоё гоё газрууд их үзэх байхаа гэж найдаж байна.

No comments:

Post a Comment